A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 346 дугаар

 тогтоолын 2 дугаар хавсралт             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Өмчийн бүх хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургалтын байгууллага" гэх)-д зохих журмын дагуу бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа шилдэг суралцагч болон гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Тэтгэлгийн зорилго нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулах, сурталчлахад оршино.

 

1.3.Тэтгэлэгт энэ журмын "Хоёр"-т заасан шаардлагыг хангасан иргэнийг хамруулна.

 

1.4.Тэтгэлгийг дотоодын сургалтын байгууллага болон гадаадын их, дээд сургуульд суралцах иргэнд тус тус олгоно.

 

1.5.Тухайн жилд суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ болон хяналтын тоог тэтгэлгийн төрөл тус бүрээр боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Хоёр.Тэтгэлгийн шаардлага

 

2.1.Шилдэг суралцагчийн тэтгэлгийг дараахь шаардлага хангасан суралцагчид олгоно:

 

      2.1.1.дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;

 

      2.1.2.бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

 

      2.1.3.суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.

 

2.2.Соёл, урлаг, спортын чиглэлээр дараахь шаардлагыг хангасан дотоодын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгоно:

 

       2.2.1.олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;             

      2.2.2.спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр "Олон улсын хэмжээний мастер" цол хүртсэн байх.

 

2.3.Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

 

      2.3.1.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг  хангаж, урилга авсан байх;

 

      2.3.2.IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.

 

Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт

 

3.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

 

3.2.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлаг, иргэд, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ажлын удирдамжийг батална.

 

3.3.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын зарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарлана.

 

3.4.Тэтгэлэгт хамрагдах иргэн нь журамд заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг бүрдүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд бүртгүүлнэ.

 

3.5.Эхний шатны сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг цахимаар ирүүлсэн иргэний баримт бичигт үндэслэн шалгах бөгөөд хугацаа хожимдуулсан, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

 

3.6.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, суралцагч бүрд цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамаарсан тэгш боломж олгох хэлбэрээр  зохион байгуулна.

 

 

 

 

Дөрөв.Тэтгэлэг олгох

 

4.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчид дараахь тэтгэлгийг олгоно:

 

      4.1.1.энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг ханган дотоодын сургалтын байгууллагад суралцах 50 хүртэлх суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг;

 

      4.1.2.энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан дэлхийн шилдэг их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг.

 

4.2.Энэ журмын 4.1.2-т заасан суралцагчид тэтгэлгийг сургалтын хөтөлбөрт заасан хугацаанд олгоно.

 

Тав.Тэтгэлгийн санхүүжилт

 

5.1.Тэтгэлгийн санхүүжилт нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      5.1.1.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө;

 

      5.1.2.Засгийн газар хоорондын болон яам, боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хөрөнгө.

 

Зургаа.Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн хариуцлага

 

6.1.Сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэгт хамрагдсан суралцагч эрүүл мэндээс бусад шалтгаанаар суралцаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлсэн санхүүжилтийг төрд буцааж бүрэн төлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсныг эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотолно.

 

6.2.Энэ журам нь хоёр дахь удаагаа гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах суралцагчид хамаарахгүй.

 

Долоо.Бусад

 

7.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчтай Боловсролын зээлийн сан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

7.2.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн, тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

7.3.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ журмын 3.2-т заасан Ажлын хэсэг  шийдвэрлэнэ.

 

7.4.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж,  дүрэм, журмаар зохицуулна.

---о0о---