A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 65

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх;

2/гадаад худалдаа, тээвэр, логистикт үүссэн хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх;

3/гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, валютын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах;

4/уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5/мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх;

6/тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

7/санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулан, хэрэгжүүлэх;

8/орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 оны 2 дугаар улиралд багтаан шилжүүлэх;

9/Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "Халамжаас хөдөлмөрт" зорилтын хүрээнд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжих;

10/валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчдыг таньж мэдэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнчлэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;

11/урт хугацааны тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР