- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 12 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, тайлбар нэмсүгэй:
1/59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн тайлбар:
"Тайлбар: "Гадагш чиглэсэн" гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно."
2/60 дугаар зүйлийн 60.3-60.6 дахь хэсэг:
"60.3.Захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн батлах, эсхүл өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно.
60.4.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.
60.5.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахдаа тухайн захиргааны хэм хэмжээний актын анхдагч эх бичвэрт оруулна.
60.6.Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон хуулийг хүчингүй болгох, шинэчлэн найруулах, эрх олгосон заалтад агуулгын өөрчлөлт оруулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг хамтад нь боловсруулна."
3/64 дүгээр зүйлийн 64.6 дахь хэсэг:
"64.6.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ."
4/67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн тайлбар:
"Тайлбар: "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д 40 хүртэл хуудастай захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь, 40-өөс дээш хуудастай захиргааны хэм хэмжээний актын тухайд захиргааны хэм хэмжээний актыг баталсан шийдвэрийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан цахим холбоосын хамт нийтэлнэ. 40-өөс дээш хуудастай захиргааны хэм хэмжээний актыг баталсан захиргааны байгууллага хүсэлт гаргасан бол тухайн байгууллагын зардлаар "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтэлж болно."
5/67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг:
"67.7.Энэ хуулийн 67.1-д заасан "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан захиргааны хэм хэмжээний акт цаасан эх хувьтай адил байна. Нийтэлсэн хувь болон цахим хувь зөрвөл цаасан эх хувийг баримтална."
2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтын "хуульд заасан" гэсний дараа "төрийн болон албаны" гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Захиргааны байгууллага" гэсний дараа "хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын "шууд хүргүүлэх" гэсний дараа ", шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах" гэж, 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсгийн "Захиргааны хэрэг" гэсний дараа "шүүхэд" гэж, 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь заалтын "хуулиар хориглоогүй" гэсний өмнө "хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд" гэж, 61 дүгээр зүйлийн 61.4.4 дэх заалтын "нийгмийн" гэсний дараа "харилцаанд" гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн "Засгийн газраас" гэсний өмнө "Ерөнхийлөгч," гэж, мөн зүйлийн 64.4 дэх хэсгийн "баталснаас хойш" гэсний дараа "хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсгийн "дүгнэлтийг үндэслэн" гэсний дараа "гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас баталсан" гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн "актын жагсаалтыг" гэсний дараа "ангилал, системчлэлтэйгээр" гэж, 98 дугаар зүйлийн 98.1.3 дахь заалтын "захиргааны байгууллагын" гэсний дараа "татгалзсан шийдвэр," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
"3.4.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна."
2/41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг:
"41.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан үүсвэл захиргааны байгууллага бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулна."
3/47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт:
"47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;"
4/67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг:
"67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно.Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно."
4 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Хамтын удирдлагатай" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хамтын удирдлагатай" гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "11.1.1, 11.1.2-т" гэснийг "11.1-д" гэж, мөн хэсгийн "шийдвэртэй холбогдсон" гэснийг "шийдвэр гаргах" гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн "болгоно" гэснийг "болгож болно" гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн "журамд" гэснийг "бүлэгт" гэж, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсгийн "амьдралд" гэснийг "харилцаанд" гэж, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсгийн "Захиргааны хэм хэмжээний" гэснийг "Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний" гэж, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийн "санг" гэснийг "сан, түүний ангилал, системчлэлийг" гэж, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийн "гомдлыг" гэснийг "гомдлоо" гэж, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3, 103.4 дэх хэсгийн "албан тушаалтнаар" гэснийг "этгээдээр" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5 дахь заалтын "өөрөөр" гэснийг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн "бүрэн эхээр нь" гэснийг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн "Төрийн албаны тухай хуулийн 4.2.7," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтыг, 62 дугаар зүйлийн 62.3.1 дэх заалтыг, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
