- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №03. 2023.01.23/

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Баян-Агт сум
Баян-Агт сумын Засаг даргын тамгын газрын 2021,2022 оны малын тоо толгойн албан татварын тайланг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:
2022 оны 12-р сарын 05-ны өдрийн байдаар 2021 оны малын тоо толгойн албан татварын биелэлт 71,1 хувь, 2022 оны малын тоо толгойн албан татварын биелэлт 36,6 хувьтай байна.Үүнд мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, малын гоц халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан малчин болон мал бүхий этгээдийн эдийн засгийн чадамж буурсан. Мөн татварын орлого тасрахад суманд татварын байцаагчаар ажиллах хүний нөөц байхгүй байдал тус тус нөлөөлсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.2023 онд тус сумын малчин болон мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.
2.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
4.Сумын ИТХ-ын 2021 оны ээлжит III хуралдааны III/01 тоот тогтоолыг 2021 оны малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлэхэд, сумын ИТХ-ын 2021 оны ээлжит VIII хуралдааны VIII/06 тоот тогтоолыг 2022 оны малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлэхэд тус тус баримталсугай.
5.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, төвлөрсөн татварын орлогоор гүйцэтгэсэн ажлын тайланг хагас бүтэн жилээр багийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулахыг сумын Засаг даргад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Төлөөлөгчдөд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Н.ГАНБОЛД

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 07
Баян-Агт сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малд төрөл харгалзалгүй албан татварын хэмжээг тоо толгой тутамд 600 (зургаан зуу) төгрөгөөр тогтоосугай.
2.Сумын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх хэмжээгээр 2024 оны татварын орлогыг бүрдүүлэхийг зөвшөөрсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварыг иргэдэд сурталчлан таниулж, ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Л.Эрдэнэбилэг/-т үүрэг болгосугай.
4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.
5.Тус тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит XVI хуралдааны 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
