A

A

A

Бүлэг: 1979

 

 

 

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12-р сарын 16–ны өдрийн А/540 дугаар тушаалын хавсралт

 

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
 

Нэг. Ерөнхий зүйл 

 

1.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

 

1.2. Дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах элсэлтийн ерөнхий шалгалт, сургуулийн оюутан элсүүлэх үйл ажиллагаа  гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 

1.3. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь "Боловсролын тухай", "Дээд боловсролын тухай" хууль болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн байна.

 

1.4. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, тэгш хамруулсан байх зарчмыг хангана.

 

1.5. Оюутан элсүүлэх үйл ажиллагаатай холбоотой нийтэд чиглэсэн мэдээлэл, зар сурталчилгаа нь үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байна.

 

1.6. Техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай дэд бүтэц, орчин бүрдсэн нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалт авах, оюутан элсүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж болно.

 

1.7. Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын нэр, харгалзах босго оноо болон "Ур чадварын шалгалт авах мэргэжил /хөтөлбөр/-ийн жагсаалт"-ыг сургуулийн сургалт эрхэлж буй хөтөлбөр тус бүрээр тодорхойлж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

Хоёр.Бүртгүүлэгчид тавих шаардлага

 

2.1. Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.

 

2.2. Бүртгүүлэгч нь суралцахаар сонгосон мэргэжил /хөтөлбөр/-ийн онцлогт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлагыг хангасан байхаас гадна элсэхээр сонгосон сургуулиас тавьсан шалгуур, шаардлага, мөн зарим мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн хувьд ур чадварын шалгалтын босго онооны шаардлагыг тус тус хангасан байна.

 

2.3. Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс цахимаар олгосон батламжтай байна.

 

2.4. Багш, сувилагч зэрэг зарим тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элсэгчдэд тавих шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.

 

2.5. Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд:

 

2.5.1.    Бакалаврын боловсролтой иргэн;

2.5.2.    Техникийн боловсролын дипломтой иргэн болон хөдөө аж ахуй, инженер технологи, хөгжмийн урлаг ба цэрэг, цагдаагийн шаталсан сургалт бүхий сургуулийн төгсөгч мэргэжлийн чиглэлийн дагуу дэвшин суралцах суралцагч;

2.5.3.    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5  байрт шалгарсан иргэн;

2.5.4.    Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;

2.5.5.    Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;

2.5.6.    Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;

2.5.7.    Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч.

 

2.6. Бүртгүүлэгч нь элсэн суралцахаар сонгосон сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.

 

2.7. Монгол Улсын олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж болно.

 

Гурав. Элсэлтийн ерөнхий шалгалт

 

3.1. Элсэлтийн ерөнхий шалгалтын зорилго нь сургуулийн бакалаврын хөтөлбөрт  элсэн суралцахад шаардагдах ерөнхий мэдлэг, ур чадварын түвшин тогтоож, эрэмбэлэхэд оршино.

 

3.2. Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгэм судлал, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн судлагдахууны I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) хөтөлбөрийн агуулгад үндэслэн боловсруулсан 2 түвшинт тестийн хэлбэртэй байж болно. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй бүх иргэн Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө.

 

Тайлбар: Энэ журмын 3.2 дахь заалтыг 2023 онд мөрдөнө.

 

3.3. Элсэлтийн ерөнхий шалгалт нь сургуулийн сургалт эрхлэх эрх бүхий сургалтын хөтөлбөр, мэргэжлийн онцлогтой уялдсан "Суралцах чадварын шалгалт", удлагдахууны 2 түвшинт шалгалт", "Ур чадварын шалгалт" болон "Олон улсын англи хэлний шалгалт" гэсэн  төрөлтэй байна. Үүнд:

 

Тайлбар: Энэ журмын 3.3 дахь заалтыг 2024 оноос эхлэн мөрдөнө.

 

3.3.1.    "Суралцах чадварын шалгалт"-ын агуулга нь Монгол хэл, бичиг, Математик, Англи хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг, чадварыг үнэлэхэд чиглэн боловсруулсан нэгдмэл шалгалт байна.

 

3.3.1.1.  элсэгч бүр "Суралцах чадварын шалгалт"-ыг заавал өгсөн байна.

3.3.1.2.  уралцах чадварын шалгалт"-ын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.

3.3.1.3.  Шалгуулагч нь уралцах чадварын шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч болно.

3.3.1.4.  уралцах чадварын шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.

 

3.3.2.    Элсэгч зарим мэргэжил /хөтөлбөр/-ээр "Ур чадварын шалгалт" өгнө.

 

3.3.2.1.  "Ур чадварын шалгалт"-ыг элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс дээр ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах,  дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.

3.3.2.2.  Элсэгчийн ур чадварын шалгалтын оноо нь тухайн шалгалтыг өгсөн сургууль, мэргэжлийн хувьд л хүчинтэй байна.

 

3.3.3.    удлагдахууны 2 түвшинт шалгалт" нь Байгалийн ухаан-1,2; Нийгмийн ухаан-1,2;  Англи хэл-2, Математик-2, Орос хэл-2 гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна.

 

3.3.3.1.  "Байгалийн ухаан-1" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн "Хими", "Биологи", "Физик", "Газар зүй"-н судлагдахууны заавал судлах, "Байгалийн ухаан-2" шалгалтыг дээрх хичээлүүдийн сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

3.3.3.2.  "Нийгмийн ухаан-1" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн "Түүх", "Нийгэм судлал", "Иргэний боловсрол" судлагдахууны заавал судлах, "Нийгмийн ухаан-2" шалгалтыг дээрх судлагдахууны сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

3.3.3.3.  Англи хэл-2, Математик-2, Орос хэл-2 шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн Англи хэл, Математик, Орос хэл судлагдахууны сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

 

3.3.4.    "Олон улсын англи хэлний шалгалт"-ыг шалгуулагч өөрөө сонгон өгч болно.

 

3.4. Шалгуулагч тус бүр 3-аас доошгүй шалгалт өгсөн байна.

 

3.5. Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг шууд засалтын цахим технологийг ашиглан мэдээлнэ.

 

3.6. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байна. 

 

Дөрөв.Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 

4.1. Боловсролын үнэлгээний төвийн эрх, үүрэг

 

4.1.1.    Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулна.

 

4.1.2.    Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журмыг энэ журамд нийцүүлэн Боловсролын үнэлгээний төвийн захирал баталж, мөрдүүлнэ.

 

4.1.3.    Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа үндэсний хэмжээнд зохион байгуулна.

 

4.1.4.    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсний дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, шалгалтын тов болон хуваарийг тогтооно.

 

4.1.5.    Элсэлтийн ерөнхий шалгалтад ялгаатай хэрэгцээт шалгуулагч хамрагдахад шаардагдах шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг хариуцан зохион байгуулна.

 

4.1.6.    Гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх ажлыг хийнэ. 

 

4.1.7.    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг материал, тестүүдийг Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтад байршуулан, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.

 

4.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг

 

4.2.1.    Сургуулийн оюутан элсүүлэх журмыг энэ журамд нийцүүлэн сургуулийн захирал батлах бөгөөд дараах шаардлагыг заавал тусгасан байна. Үүнд:

 

4.2.1.1.  Бүртгүүлэгчид тавих нийтлэг болон тусгай шаардлага;

4.2.1.2.  Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, тэдгээрт харгалзах элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо;

4.2.1.3.  Ур чадварын шалгалт авах бол хэзээ, хаана, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх аргачлал;

4.2.1.4.  Оюутныг хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;

4.2.1.5.  Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;

4.2.1.6.  Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлэх болон мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшүүлэн сурах болзол, шаардлага, бүрдүүлэх материал;

4.2.1.7.  Гадаад оюутан элсүүлэх болзол, шаардлага, бүрдүүлэх материал;

4.2.1.8.  Элсэлт болон ур чадварын шалгалт зохион байгуулах комисс, түүний эрх, үүрэг

4.2.1.9.  Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх;

 

4.2.2.    Оюутан элсүүлэх үйл ажиллагааг сургууль бие даан зохион байгуулна.

 

4.2.2.1.  энэхүү журмын 2-т заасан шаардлага, болзлыг хангасан бүртгүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч, элсүүлнэ.

4.2.2.2.  бүртгүүлэгчийн оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, авьяас чадвартайг илэрхийлэх нотлох баримтууд, эсээ, ярилцлага зэрэг нэмэлт шалгуур тавьж болно.

4.2.2.3.  энэ журмын 2.5.6-д заасан бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ /бүртгүүлэгч өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна/ зэргийг үндэслэн элсүүлнэ.

 

4.2.3.    Энэ журмын 1.7-д заасан "Ур чадварын шалгалт авах мэргэжил /хөтөлбөр/-ийн жагсаалт"-д багтсан сургалтын хөтөлбөрүүдээр ур чадварын шалгалтыг зохион байгуулна.

 

4.2.4.    Зарим мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авах онооны босгыг элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго онооноос дээш байхаар тогтоож болно.

 

4.2.5.    Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн индекс, суралцах хугацаа, хэлбэр, нийт судлах багц цаг, хяналтын тоо, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн босго оноо, сургуулийн шалгуур шаардлага, ур чадварын шалгалтын босго оноо зэрэг  мэдээллийг сургуулийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн байна.

 

4.2.6.    Оюутан элсүүлэх үйл ажиллагааг элсэлтийн ерөнхий шалгалт дууссан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулна.

 

4.2.7.    Сургууль нь өөрийн сургууль байршиж буй газраас өөр аймаг, хотоос оюутан элсүүлэх ажлыг цахимаар эсвэл газар дээр нь бие даан болон бусадтай хамтран зохион байгуулж болно. Ингэхдээ элсэлтийн үйл ажиллагааны дээрх заалтуудыг нэгэн адил мөрдөнө.

 

4.2.8.    Сургууль нь тухайн мэргэжил /хөтөлбөр/-өөр суралцахад тавигдах элсэлтийн ерөнхий шалгалтын онооны шаардлага хангасан  бүртгүүлэгчийг элсүүлнэ.

 

4.2.9.         Элсэлтийн үйл ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулна. Үүнд:

 

4.2.9.1.       Элсэлтийн хяналтын тоог сургуулийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна.

4.2.9.2.       Намрын буюу эхний элсэлтийг Удирдах зөвлөлөөс баталсан  хяналтын тоонд багтаан зохион байгуулна.

4.2.9.3.       Өвлийн буюу 2 дахь удаагийн элсэлтийг Удирдах зөвлөлөөс намар баталсан элсэлтийн хяналтын тоог гүйцээх байдлаар зохион байгуулна. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжил /хөтөлбөр/-ээр нэмэлт элсэлт авах хяналтын тоог  Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, элсэлт авч болно.

 

4.3. Сургуульд гадаадын иргэдийг сургахад дараах арга хэмжээг авна. Үүнд:

 

4.3.1.    Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнээс монгол хэлний мэдлэг, чадварын шалгалт авч, шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулна.

 

4.3.2.    Энэ журмын 4.3.1-д заасан шалгалт нь "Монгол хэлний тухай" хуулийн 22.2.5-д заасан байгууллагаас боловсруулсан гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгын хүрээнд боловсруулсан байна.

 

4.3.3.    Монгол хэлний төвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэнийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.

 

4.3.4.    Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн гадаад оюутны Монгол Улсад оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргахдаа монгол хэлний шалгалтын дүнг хавсралтаар хүргүүлнэ.

 

4.3.5.    Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг сургуульд элсэн суралцах тохиолдолд тухайн гадаад хэлний шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ.

 

4.4. Сургуулийн элсэлтийн комисс болон ур чадварын шалгалтын комиссыг захирлын тушаалаар байгуулна. Элсэлтийн комисс нь оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргаан, бүртгүүлэгч болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал, гомдлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавих, элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна.

 

Тав. Бусад

 

5.1. Сургууль нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авсан, элсүүлэх мэргэжил /хөтөлбөр/-ийн нэрийг өөрчлөн зарласан, эсхүл тухайн мэргэжил /хөтөлбөр/-ийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн байх тохиолдолд сургуулийн тухайн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

 

5.2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны болзол ханган элссэн суралцагч нь эхний 2 хичээлийн жилд 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тухайн мэргэжил /хөтөлбөр/-ээр нийслэлд байршилтай их, дээд сургуульд шилжин суралцаж болно.

 

Тайлбар: Энэ журмын 5.2 дахь заалт тухайн сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шилжилт хөдөлгөөнд хамаарахгүй болно.

 

 

------оОо------