- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 48
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд тус тус даалгасугай:
1/үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, цаашид бууруулах;
2/төлбөрийн тэнцлийг сайжруулах, хэрэглээний зээлийн огцом өсөлтийг хязгаарлах, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын тохиргоог тухай бүр авч хэрэгжүүлэх;
3/валютын цэвэр дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, импортын орц их шаарддаг томоохон төсөл, арга хэмжээг төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийг харгалзан хэрэгжүүлэх;
4/хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн хангалтыг харгалзан татварын уян хатан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
5/төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, санал, дүгнэлт боловсруулан шийдвэрлүүлэх;
6/төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг зохицуулж байгаа холбогдох хууль тогтоомжийг Төрийн албаны тухай хуулийн 4.7 дахь хэсэгтэй нийцүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөрчлөх саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх.
2.Энэ тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тайланг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-нд, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
