A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-д дор дурдсан агуулгатай "Бусад" гэсэн арван нэгдүгээр бүлгийг нэмсүгэй.

1/ 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэг:

11.1. Нэгдсэн сонгон шалгаруулалт зарлаж, гэрээ байгуулагдсан тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтаас хассан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын гэрээнээс тус тусламж, үйлчилгээтэй холбогдох хэсгийг хассанд тооцно.

2/ 11 дүгээр бүлгийн 11.2 дахь хэсэг:

11.2. Нэгдсэн сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа болоогүй байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөлд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

11.2.1. Хэрэв тухайн нэмэлт өөрчлөлт нь өмнөх нэгдсэн сонгон шалгаруулалтаар зарлагдаж, гэрээ байгуулагдсан ижил төрлийн оношийн хамааралтай бүлэгт хамаарах "зайлшгүй болон нэмэлт шаардлага"-ыг өөрчлөх шаардлагагүй тохиолдолд ижил төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах.

11.2.2. Хэрэв тухайн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинээр "зайлшгүй болон нэмэлт шаардлага" бий болгох тохиолдолд нийт гэрээ байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт сонгон шалгаруулалт зарлана. Нэмэлт сонгон шалгаруулалтыг зөвхөн хоёрдугаар үе шатнаас зохион байгуулна.

3/ 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэг:

11.3. Тусламж, үйлчилгээний хүртээмж нь хангалтгүй нь нотлогдсон тусламж, үйлчилгээний хувьд тухайн аймаг, дүүрэг, бүс нутгийн хэмжээнд хүртээмж нь хангалтгүй тусламж, үйлчилгээгээр нь нэмэлт сонгон шалгаруулалт зохион байгуулна. Энэхүү нэмэлт сонгон шалгаруулалтын хувьд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

11.3.1. Нэн тэргүүнд нэмэлт сонгон шалгаруулалтыг гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын дунд хоёрдугаар үе шатнаас зохион байгуулж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.

11.3.2. Хэрэв журмын 11.3.1-т заасан нэмэлт сонгон шалгаруулалтаар уг тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага сонгогдоогүй тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээний хүрээнд нэгдсэн сонгон шалгаруулалтыг тухайн бүс нутагт дахин зохион байгуулна.

4/ 11 дүгээр бүлгийн 11.4 дэх хэсэг:

11.4.1. Эрүүл мэндийн байгууллага нь өмнө нь огт үзүүлж байгаагүй тусламж, үйлчилгээ, оношийн хамааралтай бүлгээр хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад оролцох тохиолдолд уг тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн чадамжтай болсноо нотлох бөгөөд уг тусламж, үйлчилгээг өөрийн болон бусад зардлаар 10-аас доошгүй удаа үзүүлсэн байна.

11.4.2. Уг тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамжтай эсэх дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх тухайн чиглэлийн мэргэжлийн салбар зөвлөлөөр гаргуулах бөгөөд дүгнэлт гаргуулахтай холбоотой зардлыг хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага бүрэн хариуцна.

2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам"-ын 4.3 дугаар заалтыг хассугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан журмын өөрчлөлтийг нийт эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Т.Батмөнх/-нд даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ