- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 269
Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасугай.
2.Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
3.Монгол Улсыг хөгжүүлэх санд 2008-2009 онуудад стратегийн нөөц хэлбэрээр байршуулсан хүнсний улаан буудайн үндсэн төлбөр барагдуулж дууссантай холбогдуулан үүссэн алданги болох 4,276,762,176.59 (дөрвөн тэрбум хоёр зуун далан зургаан сая долоон зуун жаран хоёр мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг чөлөөлөх арга хэмжээг зохих журмын дагуу авахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
