A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

"6.4.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2024 оны төсвийн жил хүртэл үе шаттай хэрэгжүүлж болно.

6.5.Энэ хуулийн 6.1.2, 6.1.4-т заасан тусгай шаардлагын доод хэмжээг бууруулахыг, энэ хуулийн 6.4-т заасан хугацааг сунгахыг хориглоно."

2/7 дугаар зүйлийн 7.5-7.7 дахь хэсэг:

"7.5.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно.

7.6.Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах зорилгоор жилийн төсөв болон төсвийн тодотгол батлах бол энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй.

7.7.Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, хэрэгжих нөхцөл, хугацаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.20-д зааснаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд заавал хүрэлцэн ирж оролцоно."

3/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

"12.4.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл зэргийг тодорхой гаргаж, энэ хуульд заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4/161 дүгээр зүйл:

"161 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл

Хэвлэх

161.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллуулна.

161.2.Зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

161.3.Зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

161.3.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

161.3.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх;

161.3.3.зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 6 жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшихгүй байх;

161.3.4.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;

161.3.5.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

161.3.6.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

161.4.Зөвлөлийн дарга, гишүүнийг сонгон шалгаруулах, томилоход дараах журмыг баримтална:

161.4.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 45-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

161.4.2.энэ хуулийн 161.3-т заасан шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтын зар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлэх;

161.4.3.Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, энэ хуулийн 161.4.1-д заасан хугацаанд багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

161.4.4.ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж томилох саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэх;

161.4.5.Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-127 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.

161.5.Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.

161.6.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө Улсын Их Хурал чөлөөлнө:

161.6.1.өөр ажилд томилогдон ажиллах болсон;

161.6.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

161.6.3.гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

161.6.4.энэ хуульд заасан зөвлөлийн гишүүний шаардлагыг хангахгүй болсон;

161.6.5.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

161.6.6.энэ хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэх чадамжгүй болох нь тогтоогдсон бол;

161.6.7.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

161.7.Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн тооцооллыг хянах, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг хийхэд туслах чиг үүрэг бүхий төсвийн судалгааны нэгжийг Төсвийн байнгын хорооны харьяанд ажиллуулна.

161.8.Зөвлөлийн санал, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гишүүдийн ажиллах нөхцөлтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

161.9.Зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг Улсын Их Хурал батална.

161.10.Зөвлөлийн дарга, гишүүн нь төсвийн байгууллагад шууд болон шууд бус хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхгүй."

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "нийцүүлэн" гэсний дараа "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн" гэж, 11 дүгээр зүйлийн гарчиг, 11.1 дэх хэсгийн "төсвийн" гэсний дараа "болон эдийн засаг, хөгжлийн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР