A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг байгууллагын жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, бизнесийн мэргэжлийн холбоод, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудад тус тус зөвлөсүгэй.

3.Төлөвлөгөөний биелэлтийг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус үүрэг болгосугай.

4.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, бизнесийн мэргэжлийн холбоодод тус тус зөвлөсүгэй.

5.Төлөвлөгөөний биелэлтийн явцад хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ