A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу "Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль" болгон өөрчлөн байгуулсугай.

2.Монгол Улсад үйл ажиллагаа хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан сургуулийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах, Оросын Холбооны Улсаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолын 1-д заасан сургуульд боловсролын сургалтын үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл олгох, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, дүрмийг зохих журмын дагуу батлах арга хэмжээ авах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, сургуулийн барилга байгууламж, үндсэн хөрөнгөтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН