A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам
Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралт

 

Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан

бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам

 

Нэг. Нийтлэг зүйл

 

1.1.           Энэхүү журмын зорилго нь хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан /цаашид "'паркийн мэдээллийн сан" гэх/-ийн эх мэдээ, үзүүлэлтийг тогтоож, санг бүрдүүлэх, хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.           Мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Паркийн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээлэл төвлөрүүлэх

 

2.1.           Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хүнд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.

2.2.           Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, паркийн нэгж, судалгаа хөгжлийн байгууллага нь мэдээллийн сангийн мэдээлэл бүрдүүлэгч байна.

2.3.           Мэдээллийн сангийн цахим систем нь төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР), танилт нэвтрэлтийн систем (ДАН), төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн сантай мэдээлэл солилцох боломжтой байна.

2.4.           Мэдээллийн сангийн хэвийн ажиллагааг хангахад энэхүү журмын 2.2-т заасан байгууллагууд хамтран ажиллах бөгөөд журмын 3.1тусгагдсан мэдээллийг тухай бүр нь мэдээллийн санд хүргүүлэх үүрэг хүлээнэ.

2.5.           Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлэх ба мэдээлэл нь "pdf" өргөтгөлтэй, тоон өгөгдөл, зураг, график, бичгийн хэлбэртэй, веб орчны газарзүйн мэдээллийн системд тулгуурласан байна.

2.6.           Мэдээллийн эх хувь нь Монгол хэлнээс бусад хэл дээр бол тухайн хэл дээрх эх хувь болон албан ёсны орчуулгын хамт хүргүүлнэ.

2.7.           Мэдээллийн санд мэдээлэл ирүүлэхдээ тухайн мэдээллийг ирүүлэх эрх бүхий байгууллагыг төлөөлөх албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгийг дарж /тоон гарын үсэг, цахим тамга ашиглаж болно/ баталгаажуулна.

2.8.           Мэдээллийн үнэн зөвийг мэдээлэл ирүүлсэн байгууллага хариуцна.

2.9.           Мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, тоо баримт болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах бол хүсэлтээ цахим  баримт бичгийн хамт бичгээр ирүүлнэ.

 

Гурав. Паркийн мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт

 

3.1.           Паркийн мэдээллийн сан нь дараах үзүүлэлтүүдээс бүрдэнэ.

3.1.1.    Үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой хууль тогтоомж, стандарт, норм, норматив, төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан холбогдох эрх зүйн акт;

3.1.2.    Үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой сайн гадаад болон дотоодын туршлага;

3.1.3.    Эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын тайлан, бүтээл;

3.1.4.    Паркуудын байгуулагдсан огноо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, байршил, эзэмшил газрын хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, өмчийн хэлбэр, тусгай зөвшөөрөл авсан огноо;

3.1.5.    Паркийн нутаг дэвсгэрийн кадастрын зураг;

3.1.6.    Паркийн нутаг дэвсгэрийн цахилгааны хангамжийн зураг төсөл;

3.1.7.    Паркийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл;

3.1.8.    Паркийн хөгжлийн төлөвлөгөө;

3.1.9.    Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан;

3.1.10.    Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан;

3.1.11.    Паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээ;

3.1.12.    Төр болон хувийн хэвшлээс авсан дэмжлэг, санхүүжилт;

3.1.13.    Татварын хөнгөлөлтийн талаарх мэдээлэл үр дүн;

3.1.14.    Дэд бүтэцтэй холбоотой тайлан судалгаа, техникийн нөхцөлүүд;

3.1.15.    Улс, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөө;

3.1.16.    Паркт нэгжээр орох гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн жагсаалт;

3.1.17.    Үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдийн тоо, ззэмшил газрын хэмжээ;

3.1.18.    Нэгжийн техник эдийн засгийн үндэслэл;

3.1.19.    Хүчин чадал, үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, импортын мэдээлэл;

3.1.20.    Ажиллах хүчний мэдээлэл;

3.1.21.    Хөрөнгө оруулалтын хэмжээ, төрөл, эх үүсвэр;

3.1.22.    Хуулиар нууцад хамааруулаагүй бусад мэдээлэл.

 

Дөрөв. Паркийн мэдээллийн сан хөтлөх байгууллагын эрх, үүрэг

 

4.1.           Мэдээллийн сан нь цахим хуудастай байна.

4.2.           Мэдээлэл хариуцагч нь мэдээллийн санд агуулагдаж буй нээлттэй өгөгдлийг машинд уншигдах бүтэцтэй хэлбэрээр, өөрийн цахим хуудсанд болон төрийн нээлттэй өгөгдлийн порталд ил тод байршуулна.

4.3.           Цахим хуудсанд мэдээлэл байрлуулах, шинэчлэх, өөрчлөх, устгах эрхийг албан ёсны эх сурвалжийг үндэслэн зөвхөн эрх бүхий ажилтан эзэмшинэ.

4.4.           Паркийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлж, судалгааны үр дүн, тайланг холбогдох төрийн байгууллагад хүргүүлнэ.

4.5.           Паркийн мэдээллийн санд шаардлагатай программ хангамж, компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулна.

4.6.           Мэдээллийн сангаар дамжуулан лавлагаа, мэдээллээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад үйлчилнэ.

4.7.           Мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулна.

4.8.           Мэдээллийн сан хооронд харилцан мэдээлэл солилцохдоо Төрийн мэдээлэл солилцооны үндсэн (ХУР) системийг ашиглана.

4.9.           Мэдээллийн санг мэдээлэл хариуцагчийн тусгайлан бэлтгэсэн дата төв болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад байршуулна.

4.10.      Мэдээллийн сангийн нөөцийг төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад хадгална.

4.11.      Мэдээллийн сан нь ангилал, код, тайлбартай байна.

4.12.      Байгалийн гамшигт эрсдэл, галын аюул, усны үер, нийтийг хамарсан үймээн самуун зэрэг давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээс мэдээллийн санг хамгаалах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

 

Тав. Мэдээллийн нууцлал

 

5.1.           Мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах ажиллагаа нь "Төрийн болон албаны нууцын тухай хууль", "Байгууллагын нууцын тухай хууль", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль", "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль" болон Засгийн газрын 2022 оны 196 дугаар тогтоолоор батлагдсан "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам, Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам" зэрэг Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн байна.

5.2.           Мэдээллийн системийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн санг серверт байршуулах асуудлыг Үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн ханган ажиллана.

 

 

---о0о---

 

 

1