- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.13, 22.1.14 дэх заалт нэмсүгэй:
"22.1.13.харьяалах нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам батлах;
22.1.14.хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих журам батлах."
2 дугаар зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "Улаанбаатар хотын Ерөнхий менежерт" гэсний дараа ", эсхүл дүүргийн Засаг даргад" гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн "Засгийн газар тогтооно." гэсний дараа "Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна." гэж, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн "авсан байна." гэсний дараа "Дүүргийн удирдлага 14 хоногийн дотор санал өгөх бөгөөд тус хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ." гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
"9.1.Нийслэл хотын дүрэмд дараах харилцааг тусгаж болно:
9.1.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
9.1.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;
9.1.3.хотод тарьж ургуулж болох мод, бут, сөөг;
9.1.4.дуу, чимээний бохирдлын хяналт;
9.1.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;
9.1.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;
9.1.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;
9.1.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;
9.1.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;
9.1.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;
9.1.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;
9.1.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;
9.1.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;
9.1.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;
9.1.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;
9.1.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглалт;
9.1.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;
9.1.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;
9.1.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;
9.1.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;
9.1.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;
9.1.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт."
2/41 дүгээр зүйл:
"41 дүгээр зүйл.Тусгай бүсийн Захирагч
41.1.Тусгай бүсийг дагуул хотод байгуулсан тохиолдолд тусгай бүсийн Захирагч нь тухайн дагуул хотын Захирагч байна.
41.2.Энэ хуулийн 41.1-д зааснаас бусад нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийн Захирагчийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэлийн Засаг дарга томилно."
4 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "хүн амын" гэснийг "хүн ам, барилгажилтын" гэж, 22 дугаар зүйлийн 22.1.13 дахь заалтын дугаарыг "22.1.15" гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "хариуцсан газартай" гэснийг "хариуцсан байгууллагатай" гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн "дагуул хотод" гэснийг "нийслэлийн нутаг дэвсгэр, дагуул хот болон бусад орон нутагт тухайн засаг захиргааны нэгжтэй тохиролцсоны үндсэн дээр" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
