A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль , Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."асран хамгаалагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах болон нохой, муурыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг;

3.1.2."бичил чип" гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;

3.1.3."гэрийн тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг;

3.1.4."Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж" гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг;

3.1.5."нохой, муур үржүүлэх" гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг;

3.1.6."нохой, муур үржүүлэгч" гэж энэ хуульд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг;

3.1.7."нохой, муурын нэгдсэн бүртгэл" гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг;

3.1.8."нохойны удмын бичиг" гэж олон улсын байгууллагын албан ёсны гишүүн байгууллагаас олгодог тухайн нохойны гарал үүсэл, эцэг, эх, төрөлт, төрсөн он, сар, өдөр, хүйс, үүлдэр зэргийг заасан баримт бичгийг;

3.1.9."түр харагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг өөрийн хараа хяналтад байлгаж байгаа асран хамгаалагчаас бусад иргэнийг;

3.1.10."түр байрлуулан асрамжлах газар" гэж төөрсөн, олдсон нохой, муурыг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх хүртэл, эзэнгүй нохой, муурыг асран хамгаалагчтай болгох хүртэл хоол, орон байраар хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан түр хараа хяналтдаа байлгах зорилгоор энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

3.1.11."үржил хязгаарлах мэс ажилбар" гэж мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гэрийн тэжээвэр амьтныг хөнгөлөх, сав, өндгөвчийг авах, үр тогтсон үед савыг үр хөврөлтэй нь авах мэс ажилбарыг;

3.1.12."эзэнгүй амьтан" гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтаас гадуурх гэрийн тэжээвэр амьтныг.

4 дүгээр зүйл.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчим

Хэвлэх

4.1.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.энэрэнгүй хандах;

4.1.2.хүчирхийллээс ангид байлгах;

4.1.3.байгалиасаа өөрийн онцлогтой болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, халамжлах;

4.1.4.гэрийн тэжээвэр амьтныг гэршүүлэн тэжээж ирсэн монголын ард түмний уламжлалт ахуй, ёс заншил, өв соёлын салшгүй нэг хэсэг болох үндэсний уугуул үүлдрийн нохойтой холбоотой өвөрмөц аж төрөх ёс, түүхэн уламжлалыг хадгалах, нандигнан өвлүүлэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ АСРАН ХАМГААЛАГЧ БОЛОХ ҮНДЭСЛЭЛ,
АСРАН ХАМГААЛАГЧ, ТҮР ХАРАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Иргэн асран хамгаалагч болох үндэслэл

Хэвлэх

5.1.Иргэнд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч болох үндэслэл дараах байдлаар үүснэ:

5.1.1.гэрийн тэжээвэр амьтныг бусдаас хуульд заасны дагуу шилжүүлэн авах;

5.1.2.эзэнгүй амьтныг асран хамгаалалтад авах;

5.1.3.өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах.

6 дугаар зүйл.Асран хамгаалагчид тавигдах шаардлага

Хэвлэх

6.1.Асран хамгаалагч дараах шаардлагыг хангасан байна:

6.1.1.18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;

6.1.2.гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх.

6.2.Нохой, муурын асран хамгаалагч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сургалтад хамрагдсан байна.

6.3.Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно.

7 дугаар зүйл.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт

Хэвлэх

7.1.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтыг хот, суурин газарт энэ хуулийн 7.2-т заасан хуулийн этгээд зохион байгуулна.

7.2.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд нь хүсэлтээ мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.

7.3.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтын хөтөлбөр дараах агуулгатай байна:

7.3.1.энэ хуульд заасан асран хамгаалагчийн эрх, үүрэг;

7.3.2.нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгаа болон холбогдох бусад зөвлөмж, мэдээлэл.

7.4.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө.

8 дугаар зүйл.Асран хамгаалагч, түр харагчийн эрх

Хэвлэх

8.1.Асран хамгаалагч дараах эрх эдэлнэ:

8.1.1.бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах;

8.1.2.гэрийн тэжээвэр амьтныг худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэх;

8.1.3.гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх;

8.1.4.хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих;

8.1.5.гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах.

8.2.Түр харагч энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад асран хамгаалагчийн эрхийг эдэлнэ.

8.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.12-т заасан хөтөч нохойтойгоо олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбай болон олон нийтийн үйлчилгээний газар чөлөөтэй зорчих, нэвтрэх, үйлчлүүлэх эрхтэй.

9 дүгээр зүйл.Асран хамгаалагч, түр харагчийн үүрэг

Хэвлэх

9.1.Асран хамгаалагч, түр харагч нь дараах үүрэг хүлээнэ:

9.1.1.олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах;

Тайлбар:энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй.

9.1.2.гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

9.1.3.гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх;

9.1.4.гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх;

9.1.5.гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;

9.1.6.гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;

9.1.7.гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

9.1.8.гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.

9.2.Нохой, муурын асран хамгаалагч энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

9.2.1.нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;

9.2.2.нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгалтад улирал тутам хамруулах;

9.2.3.нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;

9.2.4.нохой, муурын хүзүүвч, эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах;

9.2.5.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, өтгөн ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;

9.2.6.нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;

9.2.7.нохой, муурыг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх;

9.2.8.гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах;

9.2.9.нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.

9.3.Нохой, муурыг түр харагч энэ хуулийн 9.2.5, 9.2.6, 9.2.7, 9.2.8-д заасан үүрэг хүлээнэ.

9.4.Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НОХОЙ, МУУРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ

10 дугаар зүйл.Нохой, муурыг бүртгэлд хамруулах, бичил чип суулгах

Хэвлэх

10.1.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нь доор дурдсан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ:

10.1.1.нохой, муурыг төрснөөс хойш 50 хоногийн дотор;

10.1.2.бичил чип суулгаагүй нохой, муурыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор.

10.2.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч дараах тохиолдолд 30 хоногийн дотор харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, нохой, муурын нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулна:

10.2.1.бичил чип суулгасан, нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нохой, муурыг шилжүүлж авсан;

10.2.2.нохой, муур үхсэн.

10.3.Нохой, муур үржүүлэгч нь үржлийн нохой, муур болон түүний үр төлийг хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлнэ.

10.4.Нохой, муурын хаягийн бүртгэл нь асран хамгаалагчийн байнга оршин суугаа газрын хаягаар, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах байрны оршин байгаа газрын хаягаар тус тус тодорхойлогдоно.

10.5.Нохой, муурын бичил чип нь дахин давтагдашгүй дугаар бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан байна.

10.6.Нохой, муурын бичил чипний стандартыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

10.7.Энэ хуулийн 30.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд дараах асуудлыг тусгана:

10.7.1.бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл;

10.7.2.нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл;

10.7.3.нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл;

10.7.4.алдагдсан нохой, муурын бүртгэл.

10.8.Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.

11 дүгээр зүйл.Нохой, муур бүртгүүлэхэд тавигдах шаардлага

Хэвлэх

11.1.Нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

11.1.1.иргэний цахим үнэмлэх;

11.1.2.энэ хуулийн 6.1.2-т заасан орлогыг нотлох баримт;

11.1.3.энэ хуулийн 6.2-т заасан асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан болохыг нотлох баримт;

11.1.4.нохой, муурын эрүүл мэндийн дэвтэр, бичил чипний дугаар.

11.2.Хот, сууринаас бусад газарт нохой, муурын асран хамгаалагчаар бүртгүүлэхэд энэ хуулийн 11.1.3 дахь заалт хамаарахгүй.

11.3.Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 11.1-д заасан баримт бичгийг шалгасны үндсэн дээр нохой, муурын мэдээллийг энэ хуулийн 31.1.1-д заасан бүртгэлийн системд бүртгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЭЗЭНГҮЙ АМЬТАНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦАА

12 дугаар зүйл.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах

Хэвлэх

12.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.

12.2.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:

12.2.1.харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;

12.2.2.үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;

12.2.3.олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;

12.2.4.нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;

12.2.5.энэ хуульд заасан бусад.

12.3.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

12.4.Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно.

13 дугаар зүйл.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтан

Хэвлэх

13.1.Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.

13.2.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.

13.3.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд тухайн гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч буюу шаардах эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.

13.4.Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг олох, түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

НОХОЙ, МУУР ҮРЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

14 дүгээр зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Хэвлэх

14.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлнэ.

14.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 31.1.2-т заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг тодорхой зааж бичгээр хариу өгнө.

14.4.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

14.4.1.зөвшөөрөл хүссэн өргөдөл;

14.4.2.энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;

14.4.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;

14.4.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

14.4.5.үржүүлэх нохой, муурын төрөл, үүлдэр, хүйс, тоо толгой, чипний дугаарын мэдээлэл;

14.4.6.цэвэр үүлдрийн нохойны хувьд удмын бичиг.

14.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны нөхцөл байдалтай биечлэн танилцах эрхтэй.

14.6.Энэ хуулийн 31.1.5-д заасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх журамд дараах зүйлийг тусгана:

14.6.1.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл;

14.6.2.нохой, муурын үүлдэр;

14.6.3.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны эрүүл ахуйн шаардлага.

15 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

Хэвлэх

15.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

15.1.1.энэ хуулийн 14.4-т заасны дагуу ирүүлсэн баримт бичгийн бүрдэл хангаагүй тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;

15.1.2.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангаагүй;

15.1.3.зөвшөөрөл хүсэгч иргэн, эсхүл ашгийн төлөө бус хуулийн этгээд бол;

15.1.4.зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 19.1.5, 19.1.6-д заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан;

15.1.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах газрын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн бол.

16 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэгчийн хөтлөх бүртгэл

Хэвлэх

16.1.Нохой, муур үржүүлэгч нохой, муурын талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:

16.1.1.төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;

16.1.2.нийлүүлсэн нохой, муурын төрөл, үүлдэр, нас, чипний дугаар, нийлүүлсэн он, сар, өдөр;

16.1.3.төрөлт, үр төлийн тоо, хүйс;

16.1.4.нас баралт;

16.1.5.үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;

16.1.6.худалдсан, бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.

16.2.Нохой, муур үржүүлэгч энэ хуулийн 16.1-д заасан бүртгэлийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

17 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага

Хэвлэх

17.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:

17.1.1.нохой, муурыг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;

17.1.2.нэг наснаас дээш, найман наснаас доош нохой, муурыг үржүүлэх;

17.1.3.нохой, муурыг жилд нэгээс дээшгүй удаа үржүүлэх;

17.1.4.гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;

17.1.5.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 200 метрийн дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх;

17.1.6.мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;

17.1.7.эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.

17.2.Нохой, муур үржүүлэгч энэ хуулийн 9.2.3-т зааснаас бусад үүргийг асран хамгаалагчийн нэгэн адил хүлээнэ.

18 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах

Хэвлэх

18.1.Нохой, муур үржүүлэгч нь нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

18.1.1.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;

18.1.2.энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;

18.1.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

18.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.1-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

18.3.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ хуулийн 18.2-т заасан хугацааны дотор бичгээр хариу өгнө.

19 дүгээр зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

19.1.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

19.1.1.нохой, муур үржүүлэгч хүсэлт гаргасан;

19.1.2.нохой, муур үржүүлэгч хуулийн этгээд татан буугдсан;

19.1.3.нохой, муур үржүүлэгч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

19.1.4.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

19.1.5.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн;

19.1.6.энэ хуулийн 36.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан;

19.1.7.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;

19.1.8.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

19.1.9.энэ хуулийн 16.2-т заасан бүртгэлийн тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав буюу түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;

19.1.10.энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон;

19.1.11.гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн, худалдаа, тэмцээн уралдааныг зөвшөөрөгдсөнөөс өөр байршилд, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаагүй нөхцөлд зохион байгуулсан.

19.2.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ.

20 дугаар зүйл.Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх

Хэвлэх

20.1.Нохой, муурыг гагцхүү нохой, муур үржүүлэгч худалдах эрхтэй.

20.2.Нохой, муур үржүүлэгч нохой, муурын үр төлийг төрснөөс хойш гурван тун урьдчилан сэргийлэх тарилга болон туулгалтад хамруулсны дараа бусдад шилжүүлнэ.

20.3.Нохой, муурын үр төлийг 60 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.

20.4.Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг энэ хуулийн 17.1.1-д заасан шаардлага хангаагүй байр, дэлгүүр, эсхүл гар дээрээс худалдахыг хориглоно.

20.5.Нохой, муурыг энэ хуулийн 6.1.1, 6.2-т заасан шаардлага хангасан иргэн, эсхүл нохой, муур үржүүлэгчид худалдана.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЭЗЭНГҮЙ АМЬТАН ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

21 дүгээр зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

Хэвлэх

21.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.

Тайлбар:Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт 10-аас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно.

21.2.Иргэн, хуулийн этгээд түр байрлуулан асрамжлах газраас эзэнгүй амьтныг хүлээн авахыг шаардах эрхгүй.

21.3.Энэ хуулийн 31.1.6-д заасан эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааны журамд дараах зүйлийг тусгана:

21.3.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл;

21.3.2.түр байрлуулан асрамжлах газрын хөтлөх бүртгэл;

21.3.3.түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан хүлээн авах, шилжүүлэх талаарх мэдээлэл.

22 дугаар зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Хэвлэх

22.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу олгоно.

22.2.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.

22.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

22.3.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл нь хангагдаагүй талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;

22.3.2.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 24.1.1-д заасан шаардлага хангаагүй;

22.3.3.зөвшөөрөл хүсэгч нь иргэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд бол;

22.3.4.зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 28.1.5-д заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан;

22.3.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн нь нохой, муур үржүүлэгчийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан бол.

22.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах орон байрны нөхцөл байдалтай биечлэн танилцах эрхтэй.

23 дугаар зүйл.Түр байрлуулан асрамжлах газрын хөтлөх бүртгэл

Хэвлэх

23.1.Түр байрлуулан асрамжлах газар нь эзэнгүй амьтны талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:

23.1.1.төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;

23.1.2.тухайн амьтныг хэрхэн олж авсан талаарх мэдээлэл;

23.1.3.нас баралт;

23.1.4.үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;

23.1.5.нохой, муурыг бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.

23.2.Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүр хүргүүлнэ.

24 дүгээр зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага

Хэвлэх

24.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:

24.1.1.амьтны төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;

24.1.2.гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;

24.1.3.мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;

24.1.4.эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.

24.2.Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 9.2.1-д зааснаас бусад үүргийг асран хамгаалагчийн нэгэн адил хүлээнэ.

25 дугаар зүйл.Түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр

Хэвлэх

25.1.Түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр дараах баримт бичгээс бүрдэнэ:

25.1.1.эзэнгүй амьтныг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээ, эрүүл мэндийн байдалд тохируулан түр байрлуулан асрамжлах газарт хүлээн авах журам;

25.1.2.халдварт өвчтэй эзэнгүй амьтныг тусгаарлах, асрах журам;

25.1.3.түр байрлуулан асрамжлах газарт мөрдөх аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага.

25.2.Түр байрлуулан асрамжлах газар эрүүл ахуйн хөтөлбөрийг ажилтанд танилцуулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина.

25.3.Түр байрлуулан асрамжлах газар иргэдийг эрүүл ахуйн хөтөлбөртэй танилцах боломжоор хангана.

26 дугаар зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

26.1.Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

26.2.Түр байрлуулан асрамжлах газар эзэнгүй амьтныг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор бусдад шилжүүлэхийг хориглоно.

26.3.Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 400 метрийн дотор эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

27 дугаар зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах

Хэвлэх

27.1.Түр байрлуулан асрамжлах газар нь эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

27.1.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;

27.1.2.энэ хуулийн 24.1.1-д заасан шаардлага хангасан эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт.

27.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 27.1-д заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгана.

27.3.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ хуулийн 27.2-т заасан хугацааны дотор түр байрлуулан асрамжлах газарт бичгээр хариу өгнө.

28 дугаар зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

28.1.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

28.1.1.түр байрлуулан асрамжлах газар хүсэлт гаргасан;

28.1.2.түр байрлуулан асрамжлах газар татан буугдсан;

28.1.3.түр байрлуулан асрамжлах газар нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

28.1.4.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

28.1.5.энэ хуулийн 36.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;

28.1.6.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;             

28.1.7.түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн;

28.1.8.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;

28.1.9.зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

28.1.10.энэ хуулийн 23.2-т заасан тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав ба түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;

28.1.11.энэ хуулийн 22.3-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон.

29 дүгээр зүйл.Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан шилжүүлэх

Хэвлэх

29.1.Түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч эзэнгүй амьтныг энэ хуулийн 6.1.1, 6.2-т заасан шаардлага хангасан иргэнд шилжүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ОРОЛЦОО

30 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

30.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

30.1.1.гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.2.салбарынхаа хөгжлийн чиг баримтлал, бодлого, төлөвлөлтөд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах арга хэмжээг тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

30.1.3.гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулах журам батлах;

30.1.4.нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Цагдаагийн байгууллагын саналыг авч батлах.

31 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

31.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.нохой, муурын нэгдсэн бүртгэл хөтлөх, бүртгэлийн систем хөгжүүлэх;

31.1.2.нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах;

31.1.3.нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын нэгдсэн бүртгэл хөтлөх;

31.1.4.нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа энэ хуульд заасан шаардлага, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

31.1.5.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах, түүний биелэлтийг хангуулах;

31.1.6.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах, түүний биелэлтийг хангуулах;

31.1.7.нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээдийг бүртгэх;

31.1.8.нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөрийг бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

31.1.9.гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг сурталчлах, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг тасралтгүй явуулах.

31.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.2, 23.2-т заасан мэдээллийг нийтэд ил тод мэдээлнэ.

32 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

32.1.Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээс гадна алдагдсан, олсон гэрийн тэжээвэр амьтны бүртгэл хөтлөх, бичил чип унших төхөөрөмжөөр асран хамгаалагчийг тогтоох арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

33 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

Хэвлэх

33.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг нэгдсэн удирдлагаар хангах;

33.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын үржлийг хязгаарлах, бичил чип суулгах ажлыг зохион байгуулах;

33.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.

34 дүгээр зүйл.Сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг

Хэвлэх

34.1.Сум, дүүргийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

34.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

34.1.2.харьяалах нутаг дэвсгэрийнхээ нохой, муурын бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулах;

34.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах;

34.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ байрлах нохой, муур үржүүлэгч, түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагаанд хяналт тавих, гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах.

35 дугаар зүйл.Баг, хорооны Засаг даргын чиг үүрэг

Хэвлэх

35.1.Баг, хорооны Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

35.1.1.харьяалах нутаг дэвсгэрийнхээ нохой, муурын бүртгэл хөтлөх;

35.1.2.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлэх.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫГ ХАМГААЛАХ

36 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах

Хэвлэх

36.1.Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

36.2.Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ:

36.2.1.алах;

36.2.2.асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;

36.2.3.эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтан нь эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх;

36.2.4.зодох, тамлах, хэт ачаалуулах;

36.2.5.хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;

36.2.6.хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;

36.2.7.гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;

36.2.8.гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;

36.2.9.нохой, муурыг байнга уях, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих;

36.2.10.биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх, эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;

36.2.11.гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;

36.2.12.гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;

36.2.13.гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.

36.3.Энэ хуулийн 32.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

36.4.Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.

37 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох

Хэвлэх

37.1.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно.

38 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох

Хэвлэх

38.1.Гэрийн тэжээвэр амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиг олох зорилгоор боловсруулах, худалдах, худалдан авахыг хориглоно.

39 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

Хэвлэх

39.1.Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд нь дараах үүрэг хүлээнэ:

39.1.1.гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийн талаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах;

39.1.2.асран хамгаалагч, түр харагчийг гэрийн тэжээвэр амьтан тэжээснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх;

39.1.3.асран хамгаалагч, түр харагчид энэ хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлага тавих.

39.2.Иргэн бусдын гэрийн тэжээвэр амьтныг биеэ хамгаалах сэдэл төрүүлэхүйц үйлдэл гаргахыг хориглоно.

39.3.Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг сугалаа, шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

40 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

40.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

41 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

41.1.Энэ хуулийн 12.4 дэх хэсгийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанаас хойш мөрдөнө.

41.2.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР