- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээг авах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж
2.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хүнсний тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."нийгмийн эрүүл мэнд" гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;
3.1.2."нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 13.2-т заасныг;
3.1.3."нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж хүний болон зоонозын халдварт өвчний дэгдэлт, шалтгаан тодорхойгүй өвчлөл, өвчлөлийн шинэ тохиолдол, хими, цацрагийн осол, хордлогод хүн ам өртсөн, эсхүл өртөх нөхцөл үүссэнийг;
3.1.4."эрүүл мэндийг дэмжих" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.19-д заасныг;
3.1.5."эрүүл мэндийг хамгаалах" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
3.1.6."тандалт" гэж хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээлэх, холбогдох арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг;
3.1.7."эрсдэлийн үнэлгээ" гэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, өвчинд өртөх магадлалыг тооцон, өртсөн тохиолдолд гарч болох үр дагаврыг үнэлэх явцыг;
3.1.8."хариу арга хэмжээ" гэж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн тухайн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг;
3.1.9."тохиолдлын удирдлагын тогтолцоо" гэж нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын цогц үйл ажиллагааг;
3.1.10."эрт илрүүлэг" гэж хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан эрсдэлт хүчин зүйл, өвчин эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг;
3.1.11."эрсдэлт хүчин зүйл" гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж, сөрөг үр дагавар үүсгэгчийг;
3.1.12."эрүүл мэндийн боловсрол" гэж хүн амыг эрүүл мэндээ хамгаалах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг олгох, дадал хэвшүүлэх үйл ажиллагааг;
3.1.13."зоонозын халдвар" гэж мал, амьтан, шавж, мэрэгч, дамжуулагчаас хүнд халдварладаг халдварыг;
3.1.14."сайн дурын ажилтан" гэж нийгмийн сайн сайхны төлөө өөрийн цаг болон хүч хөдөлмөрөө зориулах замаар хүн амын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулж байгаа хүнийг;
3.1.15."нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн" гэж их, дээд сургууль, коллежийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгссөн, тухайн мэргэжлээрээ энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад ажиллаж байгаа ажилтныг;
3.1.16."нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтэн" гэж их, дээд сургууль, коллежийг энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад чиглэлээр төгсөж, энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллагад энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бусад ажилтныг;
3.1.17."нийгмийн эрүүл мэндийн ажилтан" гэж нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон нийгмийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнийг;
3.1.18."нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан" гэж нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго бүхий мэдээллийн санг.
4 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарчим
4.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.ил тод байх;
4.1.2.өмчийн хэлбэр үл харгалзах;
4.1.3.шинжлэх ухааны судалгааны үр дүн, нотолгоонд суурилах;
4.1.4.төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлах;
4.1.5.үндэсний онцлог, уламжлалд суурилан олон улсын жишиг, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;
4.1.6.ялгаварлан гадуурхалтаас ангид, хүний эрхийг дээдлэх;
4.1.7.олон нийтийн, сайн дурын ажилтны оролцоог хангах;
4.1.8.чанар, үр ашигтай байх;
4.1.9.тэгш хүртээмжтэй байх;
4.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, ЧИГЛЭЛ
5 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл
5.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
5.1.1.халдварт болон халдварт бус өвчний хяналт;
5.1.2.орчны эрүүл мэнд;
5.1.3.хөдөлмөрийн эрүүл мэнд;
5.1.4.хүнсний аюулгүй байдал, шим судлал;
5.1.5.нийгэм, сэтгэц-зан үйл;
5.1.6.нөхөн үржихүйн эрүүл мэнд;
5.1.7.нийгмийн эрүүл мэндийн лаборатори;
5.1.8.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ.
5.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:
5.2.1.халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тандан судлах, тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны судалгааны үр дүн, нотолгоонд суурилан зохион байгуулах;
5.2.2.нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
5.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд хүн амын суурьшлын орчин, агаарын чанар, уур амьсгалын өөрчлөлт, ус хангамж, хог хаягдал, хөрсний бохирдлоос шалтгаалсан өвчин эмгэг,хордлогоос хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.
5.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд ажил, хөдөлмөртэй холбоотой хүчин зүйлээр үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, осол, гэмтэл, хордлогоос ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн чадварыг хадгалах үйл ажиллагаа явуулна.
5.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:
5.5.1.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх;
5.5.2.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогод нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх.
5.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна:
5.6.1.нийгэм болон хүрээлэн байгаа орчноос үүдэлтэй сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, хянах, бууруулах;
5.6.2.хүнийг амьдралын зөв хэв маягт сургах.
5.7.Энэ хуулийн 5.1.6-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд хувь хүн, хосууд эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан гэр бүл төлөвлөх, тэдний нөхөн үржихүйн эрхийг хамгаалах, мэдлэг олгох үйл ажиллагаа явуулна.
5.8.Энэ хуулийн 5.1.7-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд лабораторийн сорилт, шинжилгээгээр хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, тандах, хянах үйл ажиллагаа явуулна.
5.9.Энэ хуулийн 5.1.8-д заасан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авах үйл ажиллагаа явуулна.
5.10.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийг дараах чиглэл тус бүрээр үзүүлнэ:
5.10.1.тандах, судлах;
5.10.2.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах;
5.10.3.эрүүл мэндийн боловсрол олгох;
5.10.4.урьдчилан сэргийлэх, үнэлэх, хянах;
5.10.5.олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангах.
5.11.Энэ хуулийн 5.10.3-т заасан чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгана.
5.12.Энэ хуулийн 5.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
6.1.Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар батална.
7 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
7.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
7.1.2.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг
8.1.Төрийн захиргааны төв байгууллагууд нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1.хүн амын эрүүл мэндийг дэмжих, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх;
8.1.2.энэ хуулийн 14.1.3-т заасан чиг үүрэг;
8.1.3.Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг бодлого, шийдвэртээ тусгаж, хэрэгжүүлэх.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан чиг үүргийн биелэлтийн тайланг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
9.1.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого, чиглэлийг болон хүний нөөц, тоног төхөөрөмж, технологийн хэрэгцээг тодорхойлж, хэрэгжүүлэх;
9.1.3.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлох, мэргэжлийн удирдлагаар хангах;
9.1.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаа байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллах;
9.1.5.энэ хуулийн 8.2-т заасан тайланг нэгтгэн, Зөвлөлд жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх.
10 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
10.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, тайлагнах;
10.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай санхүүжилтийг эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;
10.1.3.харьяа нутаг дэвсгэрийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
10.1.4.эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах, урамшуулах;
10.1.5.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох асуудлаар эрүүл мэндийн байгууллага, ажилтныг дэмжиж ажиллах.
11 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт
11.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах байгууллага, нэгж, алба үзүүлнэ:
11.1.1.нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв;
11.1.2.аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв;
11.1.3.өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв;
11.1.4.эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба;
11.1.5.аж ахуйн нэгж, байгууллага.
11.2.Энэ хуулийн 12.1-д заасан байгууллагын дүрмийг Засгийн газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.3.Энэ хуулийн 11.1.2-т заасан байгууллагын бүтэц, дүрмийг хүн амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө.
11.4.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, албатай байна.
11.5.Энэ хуулийн 11.1.3-т заасан байгууллагын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна.
11.6.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд халдварт болон халдварт бус өвчний асуудал хариуцсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулна.
11.7.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллага нь боловсролын сургалтын байгууллагын эмч, сэтгэл зүйч, хоол зүйч нарыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
11.8.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан байгууллага нь энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, албыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
11.9.Энэ хуулийн 5.10.1, 5.10.2, 5.10.3, 5.10.4-т заасан тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
11.10.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллагад нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно.
12 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагын чиг үүрэг
12.1.Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах хөгжлийн бодлого, чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
12.1.2.энэ хуулийн 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5-д заасан байгууллага, нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн ажилтныг мэргэжил, арга зүйгээр хангах;
12.1.3.энэ хуулийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д заасан үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хянах, мэдээлэх, холбогдох байгууллагад санал, зөвлөмж өгөх;
12.1.4.эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
12.1.5.эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хэмжээний судалгаа хийх, зохион байгуулах, санал, зөвлөмж гаргах;
12.1.6.нийгмийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний лавлагаа лабораторитой байх;
12.1.7.шуурхай удирдлагын нэгжтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцооны горимоор ажиллаж, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
12.1.8.биотехнологи, инновацын бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх;
12.1.9.нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
12.1.10.нийгмийн эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, эмхэтгэн түгээх, эргэн мэдээлэх.
12.2.Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1.нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах хөгжлийн бодлого, чиглэл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
12.2.2.хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх орчны хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, хянах, холбогдох арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөн зохион байгуулах;
12.2.3.шуурхай удирдлагын нэгжтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
12.2.4.халдварт болон халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
12.2.5.хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой байдал алдагдсанаас шалтгаалсан өвчлөл, хордлогоос урьдчилан сэргийлэх, өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, дүнг мэдээлэх;
12.2.6.хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
12.2.7.сэтгэц-зан үйлийн эмгэгт нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
12.2.8.нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх;
12.2.9.нийгмийн эрүүл мэндийн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх.
12.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.3.1.дархлаажуулалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
12.3.2.өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
12.3.3.эрт илрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
12.3.4.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
12.3.5.харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тандалт, судалгаа хийх, үнэлэх, дүнг мэдээлэх, хянах.
12.4.Энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.4.1.тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд нийгмийн эрүүл мэндийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
12.4.2.тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн чиглэлээр тандалт, судалгаа хийх;
12.4.3.тухайн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
13 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
13.1.Иргэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад дараах эрх эдэлнэ:
13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, албан тушаалтнаас үнэн зөв, бодит мэдээлэл авах;
13.1.2.эрт илрүүлэгт хамрагдах;
13.1.3.нийгмийн эрүүл мэндийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд хандах;
13.1.4.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихад оролцох;
13.1.5.хуульд заасан бусад.
13.2.Иргэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад дараах үүрэг хүлээнэ:
13.2.1.эрүүл мэндийн боловсрол эзэмших;
13.2.2.гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход нөлөөлөх;
13.2.3.тандалт, судалгаа, тархвар судлалын асуумжид шаардлагатай үнэн, зөв мэдээлэл өгөх;
13.2.4.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох;
13.2.5.хүн амын эрүүл мэндэд аюул бүхий өвчин, хордлого, орчны сөрөг нөлөөлөл, сэжигтэй тохиолдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэх.
14 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
14.1.Аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:
14.1.1.нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө, мэдээлэл авах;
14.1.2.байгууллагын түвшинд нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах;
14.1.3.ажлын байранд ажилтны эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх асуудлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган, хэрэгжүүлэх;
14.1.4.ажилтнаа эрт илрүүлэг болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжоор хангах;
14.1.5.байгууллагын үйл ажиллагааны чиглэл, нутаг дэвсгэрийн онцлогт уялдуулан ажилтныг дархлаажуулалтад хамруулах арга хэмжээг авах.
15 дугаар зүйл.Олон нийтийн оролцоо
15.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нээлттэй ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.
15.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4-т заасан байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:
15.2.1.байнгын ажиллагаатай цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэх, санал авах;
15.2.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын сайн дурын оролцоог хангах, урамшуулах.
15.3.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах, сайн дурын ажилтныг урамшуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16 дугаар зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо
16.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэнэ.
16.2.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ,
НИЙГМИЙН БАТАЛГАА
17 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг
17.1.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан дараах эрх эдэлнэ:
17.1.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 28.1.4, 28.1.5-д заасан эрх;
17.1.2.нийгмийн баталгаагаар хангагдах;
17.1.3.хууль тогтоомжид заасан бусад.
17.2.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан дараах үүрэг хүлээнэ:
17.2.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;
17.2.2.хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид зааварчилгаа, зөвлөгөө өгөх;
17.2.3.мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
17.2.4.үйл ажиллагаандаа хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэж, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
17.2.5.хүн амын эрүүл мэндэд аюул бүхий өвчин, хордлого, орчны сөрөг нөлөөллийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
17.2.6.хууль тогтоомжид заасан бусад.
18 дугаар зүйл.Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа
18.1.Нийгмийн эрүүл мэндийн ажилтан энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль[13], Хөдөлмөрийн тухай хуульд[14] заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
18.2.Нутгийн захиргааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн ажилтныг урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ
19 дүгээр зүйл.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт
19.1.Энэ хуулийн 19.2-т зааснаас бусад нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
19.2.Холбогдох хуульд заасны дагуу нийгмийн эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх бөгөөд хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
19.3.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эдийн засгийн ангиллаар болон тохиолдолд суурилсан, нэг иргэнээр тооцсон төлбөрийн, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн аргаар тус тус тооцож санхүүжүүлнэ.
19.4.Нийгмийн эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно.
19.5.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх, төлбөртэй тусламж, үйлчилгээний төрөл, орлого, хандив тусламжийг зарцуулах журмыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйл.Хориглох зүйл
20.1.Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл тараахыг хориглоно.
21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэлд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.
21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
22.1.Энэ хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A