- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 38
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам, маягт батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Шалгах төхөөрөмжөөс хэвлэх шийтгэлийн хуудасны маягтыг …" гэснийг "Шалгах төхөөрөмжөөр бэлэн бус хэлбэрээр зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг …" гэж өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн хуудас (маягт 3)"-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
3.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/2.17 дахь заалт:
"2.17.Бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн төлбөрийг төрийн сангийн дансны системээр дамжуулж, Төсвийн тухай хуульд заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн хүү, торгуулийн орлогын дансанд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлнэ."
2/3.4 дэх заалт:
"3.4.Бэлэн бус хэлбэрээр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас (маягт 3)-ыг үг үсэг, хуулийн зүйл, хэсэг, заалтын алдаатай, тоног төхөөрөмж, техникийн үйл ажиллагаатай холбоотойгоор алдаатай бичигдсэн, мөн оролцогчоос гомдол, санал гаргасан тохиолдолд тайлбар бичиж, удирдах албан тушаалтанд танилцуулан эрхий бүхий байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хариуцаж байгаа нэгжид хүргүүлэн шийдвэрлүүлнэ."
3/Зургаа дахь хэсэг:
"Зургаа.Бусад
6.1.Зөрчил гаргасан этгээд нас барсан бол жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан эрх бүхий байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх нэгжээс мэдээллийг нэгтгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ."
4.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 5.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"5.1.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахад банк, санхүүгийн байгууллага, төрийн сан, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэгч, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, автотээврийн хэрэгсэл иргэний болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд тулгуурласан, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.3, 18.5-д тус тус заасан системд холбогдсон мэдээллийн цахим систем, программ хангамж бүхий шалгах төхөөрөмжийг хэрэглэж болно."
5.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 1.2 дахь заалтын "... төхөөрөмжөөс хэвлэнэ." гэснийг "... төхөөрөмжид бүртгэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ. Энэхүү мэдэгдэл нь шийтгэлийн хуудас (маягт 3), (маягт 4)-ны дагуу хэвлэж авах боломжтой байна." гэж, 2.3 дахь заалтын "... төхөөрөмжөөс хэвлэснээс" гэснийг "... төхөөрөмжид бүртгэснээс" гэж, 5.2 дахь заалтын "... төхөөрөмжөөс хэвлэж өгнө." гэснийг "... төхөөрөмжид бүртгэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ. Энэхүү мэдэгдэл нь шийтгэлийн хуудас (маягт 3), (маягт 4)-ны дагуу хэвлэж авах боломжтой байна." гэж, 5.3 дахь заалтын "... гардуулж өгөх, эсхүл хаягаар нь хүргүүлнэ." гэснийг "... Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ." гэж, мөн 5.4 дэх заалтын "... төхөөрөмжөөс хэвлэсэн" гэснийг "төхөөрөмжийн" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
