A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургалтын байгууллага" гэх)-ын элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

 

1.2.Энэхүү журмын зорилго нь улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тэргүүлэх болон эрэлттэй, нэн шаардлагатай мэргэжлийн хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог тогтоох, суралцагч, иргэнийг элсүүлэн сургах, ур чадвартай иргэнийг бэлтгэн төгсгөхөд оршино.

 

1.3.Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн байна.

 

1.4.Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой нийтэд чиглэсэн мэдээлэл, зар сурталчилгаа нь үнэн зөв, ойлгомжтой, тэгш хүртээмжтэй байна.

 

1.5.Техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай дэд бүтэц, орчинг бүрдүүлж боловсролын салбарын мэдээллийн системээр элсэлт, төгсөлтийн мэдээллийг бүртгэнэ.

 

1.6.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.3-т заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.

 

1.7.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12.6-д заасны дагуу Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын элсэгчид мөн хуулийн 12.1, 12.2 дахь хэсэг хамаарахгүй.

 

1.8.Цэргийн алба хаагчийг элсүүлэн мэргэжил, ур чадвар олгох сургалтыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-т заасан журмын дагуу зохион байгуулна.

 

1.9.Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.

1.10.Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаа нь ил тод, шударга, тэгш хамруулсан байх зарчмыг хангасан байна.

 

1.11.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтад заасан журмын дагуу тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт дурдсан хосмог сургалтыг зохион байгуулна.

 

ХОЁР. ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

2.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн, эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.

 

2.1.1.мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад насанд хүрсэн хүн;

2.1.2.мэргэжлийн боловсролын хөтөлбөрт  насанд хүрсэн хүн;

 

2.1.3.мэргэжлийн боловсрол, ерөнхий эрдмийн хосолсон хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн хүн;

 

2.2ехникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.

 

2.3.Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүн техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт шатлан суралцах тохиолдолд багц цаг дүйцүүлэн тооцно.

 

2.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу хос мэргэжил эзэмших тохиолдолд "Мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл, индекс"-ийн дагуу хамаарах хөтөлбөрт элсэнэ.

 

2.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн элсэх тохиолдолд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан бичиг баримтыг сургалтын байгууллагад бүрдүүлж өгнө.

2.6.Цэрэг, цагдаагийн мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлагыг цэрэг, цагдаагийн дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн журмаар зохицуулна.

 

ГУРАВ. СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

 

3.1.Сургалтын байгууллага түншлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаанд оролцуулан ажиллана.

3.2.Сургалтын байгууллага гадаадын иргэнийг элсүүлэхдээ Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэгт заасны дагуу боловсролын баримт бичиг, багц цагийг дүйцүүлсэн байна.

 

3.3.Гадаадын иргэнийг суралцуулахад удирдах зөвлөлийн тогтоосон хэмжээгээр сургалтын төлбөр авч болно.

 

3.4.Элсэлтийн комиссыг сургалтын байгууллагын захирлын тушаалаар байгуулна. Комисс нь суралцагч элсүүлэхтэй холбоотой аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавина.

 

3.5. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан журмын дагуу элсэлт, төгсөлтийн мэдээг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санд бүртгэнэ.

      3.6.Сургалтын байгууллага элсэлт, сургалт, төгсөлтийн үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

 

ДӨРӨВ. ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА

  4.1.Сургалтын байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хөтөлбөрөөр элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг тухайн мэргэжил, улирлын онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу дараах хугацаанд зохион байгуулна.

  4.2.Сургалтын байгууллага элсэлтийг дараах хугацаанд зохион байгуулна.

4.2.1.Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулж болно.

4.2.2.Мэргэжлийн боловсролын 3 жил болон техникийн боловсролын 3 жилийн сургалтын элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулна.

4.2.3.Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулж болно.

4.2.4.Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх аливаа хэлбэрийн сургалтын элсэлтийн үйл ажиллагааг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгоно.

4.2.5.Энэхүү журмын 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.2.4-т заасан сургалтыг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалга, цаг үе, улирлын нөхцөл байдлаас хамааран уян хатан зохион байгуулж болно.

   4.3. Сургалтын байгууллага төгсөлтийг дараах хугацаанд зохион байгуулна.

4.3.1.Энэхүү журмын 4.2.1-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг  жил бүрийн 12 дугаар  сарын 25-ны болон 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж болно.

4.3.2.Энэхүү журмын 4.2.2-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулна.

4.3.3.Энэхүү журмын 4.2.3-д заасан элсэлт, сургалтыг зохион байгуулж төгсөлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны болон 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж болно.

4.4. Жил бүрийн элсэлт, төгсөлтийг зохион байгуулах хугацааг захирлын тушаалаар баталгаажуулна.

4.5.Энэхүү журмын 4.2.5-т заасан сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу төгсөлтийг зохион байгуулна.

 

ТАВ. ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭ, ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ

ХУГАЦАА, ХАРИУЦЛАГА

5.1.Сургалтын байгууллага элсэлтийн явцын мэдээг элсэлт зохион байгуулснаас хойш 15 хоногийн дотор, /маягт №2/, нэгтгэл мэдээг 30 хоногийн дотор /маягт №1/-ын дагуу гарган боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.2.Сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт, төгсөлт зохион байгуулсан мэргэжлийн нэрийг өөрчлөн зарласан, тухайн мэргэжлээр шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоог хэтрүүлэн суралцагч элсүүлсэн тохиолдолд тухайн суралцагчид ногдох хувьсах зардал, тэтгэлгийг улсын төсвөөс олгохгүй.

 5.4.Элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дагуу хадгална.

 

---о0о---