- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын 2024 оны
02 дугар сарын 08 -ны өдрийн А/12, А/23 дугаар хамтарсан тушаалын хавсралт
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
БОЛОН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ
ТАНИЛЦАХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглахад энэ журмыг баримтална.
1.2.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглахад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Зөрчлийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулахад энэ журам хамаарахгүй.
Хоёр.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл
ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах
2.1.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийг бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш уг мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "Төрийн захиргааны байгууллага гэх"/-д 3 хоногийн дотор хүргүүлнэ.
2.2.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах хүсэлтийг сонгуулийн санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана.
2.3.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.2-д заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцуулах ажлыг зохион байгуулах өдрийг товлож, эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
2.4.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.3-т заасан үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын байгууллагын төлөөллийг оролцуулж хамтран зохион байгуулна.
2.5.Эрх бүхий этгээд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа төрийн захиргааны байгууллагын хамгаалалт хариуцсан цагдаагийн албан хаагчид биеийн байцаалтыг шалгуулж, нэвтрэнэ.
2.6.Эрх бүхий этгээд, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа, нэрийн жагсаалттай танилцахдаа хуульд заасан хүний хувийн мэдээллийг нууцлах, задруулахгүй байх үүргийг хүлээж, энэ журмын хавсралт "Баталгааны маягт"-ын дагуу баталгааг Төрийн захиргааны байгууллагын нууц хариуцсан ажилтанд бичгээр гаргана.
2.7.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцахад хүний хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор дараах үйлдлийг хориглоно:
2.7.1.дуу дүрсний бичлэг хийх зориулалт бүхий тоног, төхөөрөмж оруулах, ашиглах;
2.7.2.зураг авах, бичлэг хийх, шууд болон шууд бусаар дамжуулах зэргээр мэдээлэл тараах;
2.7.3.байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, эмх замбараагүй байдал үүсгэх;
2.7.4.мэдээллийг хуульд зааснаас бусад хэлбэрээр авахыг шаардах, олж авсан мэдээллийг бусад зорилгоор ашиглах;
2.7.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй байх,
2.7.6.хутга мэс, тэсэрч дэлбэрэх болон химийн шатамхай бодис оруулах, нэвтрүүлэх, ашиглах.
2.8.Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгуулна:
2.8.1.сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол хүлээн авч, сонгуулийн хэсэг байгуулах;
2.8.2.сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар түүнд нэмэлт тэмдэглэгээ хийх;
2.8.3.сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах;
2.8.4.сонгогчийн бүртгэлийн программ хангамж;
2.8.5.сонгогчдын нэрийн жагсаалтад лавлагаагаар орсон өөрчлөлтийг тусгах.
Гурав.Сонгогчдын нэрийн жагсаалтыг ашиглах
3.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15 дахь хэсэгт заасан хугацаанд ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг тоон гарын үсгээр баталгаажуулан, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу нууц баримт бичиг, нууц тээгчийг шилжүүлсэн тухай /Маягт-20/ тэмдэглэл үйлдэж олгоно.
3.2.Сонгогчдын нэрийн жагсаалт авах эрх бүхий этгээд нууц задруулахгүй байх баталгааг бичгээр гаргаж, албажуулах бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт ашиглах үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллага хяналт тавина.
3.3.Сонгогчдын нэрийн жагсаалтыг дараах зорилгоор ашиглуулна:
3.3.1.сонгогчдын нэрийн жагсаалтад давхардал байгаа эсэхийг нягтлан шалгах;
3.3.2.сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэгдсэн эсэх.
3.4.Сонгогчдын нэрийн жагсаалт авах эрх бүхий этгээд дараах үүргийг хүлээнэ:
3.4.1.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэж, олшруулахгүй, тараахгүй байх;
3.4.2.сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахгүй, засварлахгүй;
3.4.3.цахим хуудас, мэдээллийн самбар зэрэг нийтийн бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд байршуулахгүй байх;
3.4.4.хүний хувийн мэдээллийг нууцлах, задруулахгүй байх;
3.4.5 мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, үрэгдүүлэхгүй байх;
3.4.6.эрх бүхий этгээд сонгогчдын нэрийн жагсаалтыг ашигласан талаарх мэдээллийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх;
3.4.7.сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан эрх бүхий этгээд хуульд заасны дагуу олгосон сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;
3.4.8.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ журамд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх;
3.4.9.хуульд заасан бусад.
Дөрөв.Бусад
4.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авах эрх бүхий этгээд, нууц хамгаалах ажилтан энэ журмын хавсралт "Сонгогчдын нэрийн жагсаалт хүлээлцсэн тухай тэмдэглэл"-г үйлдэж, сонгогчдын нэрийн жагсаалт бүхий нууц тээгчийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүлээн авна.
4.2.Сонгогчдын нэрийн жагсаалт бүхий нууц тээгчийн бүрэн бүтэн байдал алдагдсан, гэмтсэн, сонгогчдын нэрийн жагсаалтыг хууль бусаар хэвлэж тараасан гэх үндэслэл илэрсэн тохиолдолд нууц хамгаалах ажилтан тагнуулын байгууллагад даруй мэдээлнэ.
4.3.Нууц хамгаалах ажилтан хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалт бүхий нууц тээгчийг архивын хадгаламжийн нэгж үүсгэн хадгална.
Тав.Хариуцлага
5.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A