- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Малын тоо толгойн албан татвар ногдуулах,төлөх, татвар төлөгчтэй харилцах журам
Татварын ерөнхий газрын даргын 2024 оны
А/20 дугаар тушаалын хавсралт
Малын тоо толгойн албан татвар ногдуулах,төлөх,
татвар төлөгчтэй харилцах журам
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1.Энэ журмын зорилго нь Малын тоо толгойн албан татварын хууль (цаашид хууль гэх)-ийг хэрэгжүүлэх, малын тоо толгойн албан татвар төлөгчийг бүртгэх, малын тоо толгойн албан татвар ногдуулах, төсөвт төлөх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Албан татвар төлөгчийн бүртгэл.
2.1.Малчин, мал бүхий этгээдийг албан татвар төлөгчөөр бүртгэх, бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, бүртгэлээс хасахад татварын болон Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын хамтран баталсан "Татвар төлөгчийн бүртгэлийн журам"-ыг баримтална.
2.2.Татварын алба хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан өмнөх жилийн мал тооллогын дүн, нэгдсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системээр дамжуулан тайлант жилийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авч, "Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан"-д холбогдох мэдээллийн санг үүсгэнэ.
2.3.Татварын алба малчин, мал бүхий этгээдийг малын тоо толгойн албан татвар төлөгчөөр бүртгэсэн тухай мэдээллийг татвар төлөгчийн Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй гар утас, цахим шуудан, эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр мэдэгдэнэ.
2.4.Энэ журмын 2.2-т заасан мэдээлэлд үндэслэн Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь малын тоо толгойн албан татварын төрлөөр татвар төлөгчийг бүртгэж, бүртгэлийн өөрчлөлтийг тухайн татварын жилийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор шинэчилнэ.
2.5.Татварын алба Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5.4-т заасан малын хорогдлын мэдээг үндэслэн тайлант жилийн албан татвар ногдуулах малын тоо толгойн мэдээллийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шинэчилнэ.
2.6.Малчин, Мал бүхий этгээд нь малын тоо толгойн албан татварын төрлөөр хэд хэдэн аймаг, сум, дүүргийн татварын албанд давхар бүртгэлтэй байж болно.
2.7.Отор нүүдлийн мал өөр сум, дүүргийн нутагт тоологдсон тохиолдолд малчин, малчин бүхий этгээдийг өмнө нь малын тоо толгойн албан татвар төлөгчөөр бүртгэсэн эсэхийг "Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг"-аас нягталж, бүртгэлгүй бол мал тоологдсон аймаг, дүүргийн татварын албанд татвар малын тоо толгойн албан татвар төлөгчөөр бүртгэнэ.
Гурав. Албан татвар ногдуулах.
3.1.Тухайн татварын жилд сум, дүүргийн татварын алба нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасны дагуу албан татварын хэмжээг тогтоосон, өөрчилсөн тохиолдолд уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор нутаг дэвсгэрийн зарчмаар харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд хүргүүлнэ.
3.2.Аймаг, нийслэлийн татварын алба энэ журмын 3.1-д заасан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянаж хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.
3.3.Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн бүртгэлийн асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 3.2-т заасан мэдээлэлд үндэслэн ажлын 5 хоногийн дотор "Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг"-ийн малын тоо толгойн албан татварын хэмжээний тогтмол мэдээллийг шинэчилнэ.
3.4.Албан татвар төлөгчийн өмчилж буй албан татвар ногдуулах малын тоо толгойг хуулийн 5.2-т заасны дагуу өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тооцож, төлбөл зохих албан татварыг тодорхойлно.
3.5.Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг энэ журмын 3.4-т заасан нийт малын тооноос Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хорогдсон малын тоо, мөн хуулийн 6.3-т заасан тэг /0/ төгрөгөөр албан татвар ногдуулах малын тоог тус тус хасаж тодорхойлно.
3.6. Татварын алба энэ журмын 3.5-д зааснаар тодорхойлсон малын тоо толгойд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээгээр албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварын ногдлыг тайлант жилийн 03 дугаар сарын 30-н өдрийн дотор системд үүсгэнэ.
3.7 Татварын алба энэ журмын 3.6-д заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн жилд төлбөл зохих албан татварыг татвар төлөгчид цахим төлбөрийн систем (ebarimt) эсхүл хуульд заасан бусад хэлбэрээр тайлант жилийн эхний улиралд багтаан мэдэгдэнэ.
Дөрөв.Төсөвт төлөх
4.1.Албан татвар төлөгч хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан хугацаанд албан татварыг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд үүссэн урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн нэхэмжлэхийн дагуу харьяалах сум, дүүргийн төсөвт төлнө.
—oo0oo—
Текст томруулах
A
A
A