- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 01-ний
өдрийн А/100 дугаар тушаалын хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн үндсэн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хамтын ажиллагаа, санхүү, төсөв тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Ерөнхий боловсролын сургууль /цаашид "сургууль" гэх/ нь холбогдох хуульд заасны дагуу боловсролын зорилго болон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий боловсролын сургалтын байгууллага, бие даасан хуулийн этгээд мөн.
1.3.Сургууль нь хуулийн этгээдийн оноосон нэртэй байна.
1.4.Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн баталсан сургуулийн дүрмийг мөрдөнө.
1.5.Сургуулийн дүрэмд алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, сургуулийн албан ёсны нэр, эрх зүйн хэлбэр /ашгийн бус, ашгийн төлөө/, нэрийн англи орчуулга болон сургуулийн үйл ажиллагаанд багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтийн оролцоо, талууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг тусгана.
1.6.Сургуулийн дүрэм нь сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн баримт бичгийн үндэс болох бөгөөд сургуулийн дотоод харилцааг зохицуулах дүрэм, журам, заавар нь түүнд нийцсэн байна.
1.7.Сургууль нь өөрийн бэлгэдэл /туг, лого, уриатай/-тэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг сургуулийн зөвлөлөөр хэлэлцэж захирлын тушаалаар батална.
1.8.Сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, албан ёсны цахим хаяг, хуудас хэрэглэнэ.
1.9.Сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор өөрийн сургуулийн албан ёсны нийгмийн сүлжээ ашиглаж болно. Энэ нь сургалтын үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй.
Хоёр. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны
зарчим, үндсэн чиглэл
2.1.Сургууль нь үйл ажиллагаандаа Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
2.1.1. хүүхдийн сурч хөгжих, хамгаалагдах, оролцох эрх болон хувь хүний онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэх;
2.1.2.суралцагч бүрд тэгш боломж олгосон чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх;
2.1.3.ил тод, нээлттэй, жендэрийн эрх тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэх;
2.1.4.талуудын бүтээлч оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан байх.
2.2.1. бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт заасан мэдлэг, чадварыг суралцагчдад эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах;
2.2.2.монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалаа дээдэлсэн, монгол иргэн төлөвшүүлэх ажлыг хичээл, хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаагаар зохион байгуулах;
2.2.3.сурах, сургах үйл ажиллагааг суралцагч бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэж, тэдний ахиц дэвшил, сурах үйлд тохирсон, суралцах тэгш боломж олгосон уян хатан арга хэлбэрээр зохион байгуулах;
2.2.4.хамран сургах тойргийн хүүхэд бүрийг сургуульд бүрэн хамруулах, суралцахуйн түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий хүртээмжтэй, аюулгүй, хамгаалагдсан, хамтран суралцах сургалтын орчин бүрдүүлэх;
2.2.5. сургалтын хөтөлбөрөөр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин, үнэлгээ, түүний үр дүн, суралцагчдын нийтлэг анхаарах асуудлын талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх ажлыг тодорхой давтамжтай зохион байгуулах;
Тайлбар: "туслах, дэмжих үйлчилгээ" гэдэгт хүүхэд бүрийн хөгжил, хамтын оролцоог дэмжсэн клуб, секц, дугуйлан, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө, сурлагын хоцрогдол нөхөх, суралцагч нэгдүгээр ангид элсэн сурах болон дотуур байрны орчинд дасан зохицоход нь туслах, бага ангиас дунд ангид шилжин суралцахад үүсэх хүндрэл, бэрхшээлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагааг хамруулна.
2.2.7.сургууль, дотуур байрны орчинд хүүхдийн суралцахуйг дэмжих болон хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх;
2.2.9.сургалтын технологийн шийдэл, суралцагч бүрд тохирсон суралцахуйг дэмжих сургалтын платформ, ухаалаг төхөөрөмж, дижитал хэрэгслийг сургалт, үйл ажиллагаанд ашиглах техникийн болон сүлжээний дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;
2.2.10. багш, суралцагчийн сурч, хөгжих, хамтран ажиллах, мэдээлэл авах үйлийг дэмжихэд чиглэсэн номын сангийн үйлчилгээ үзүүлэх;
2.2.11.суралцагч, багш, ажилтны эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалт болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ (эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ) үзүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
2.2.12. суралцагчдад эрүүл, шим тэжээллэг, аюулгүй, хоол, хүнсээр үйлчлэх;
2.2.13. сургуулийн үйл ажиллагаанд талуудын оролцоотой өөрийн үнэлгээ хийж, үйлчилгээний чанар, үр дүнгээ сайжруулах;
2.2.14.боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлаар төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, иргэнтэй холбогдох хууль тогтоомжид заасан хэм хэмжээний хүрээнд харилцах, хамтран ажиллах;
2.2.15.сургуулийн үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага болон олон нийтийн бодит оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, холбогдох хуулиар олон нийтэд нээлттэй, ил тод болгохоор заасан мэдээллийг хүртээмжтэй түгээх.
Гурав. Удирдлага, зохион байгуулалтын бүтэц
3.1.Сургуулийн удирдлага нь өөрийн удирдлага, гүйцэтгэх удирдлага, мэргэжил, арга зүйн удирдлагаас тус тус бүрдэнэ.
3.2. Сургуулийн өөрийн удирдлага:
3.2.1.Сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 34.2-т заасан сургуулийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-тэй байна.
3.2.2.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 23.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.3.Зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 24.7-д заасан өөрийн үйл ажиллагааны дүрэм болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг баримтлан ажиллана.
3.3. Гүйцэтгэх удирдлага:
3.3.1.Боловсролын ерөнхий хуулийн 33.1-д заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь сургуулийн захирал /цаашид "захирал" гэх/ байх бөгөөд захирал нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
3.3.2.захирал нь хууль тогтоомж, сургуулийн дүрэм, албан тушаалын тодорхойлолт, үүсгэн байгуулагч/томилох эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу сургуулийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
3.3.3.захирал нь Боловсролын ерөнхий хуулийн 33.3 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.1-д заасан чиг үүргээс гадна дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.3.1.хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
3.3.3.2.хамтын оролцоо, түншлэл, хяналт-үнэлгээ, дүн шинжилгээнд суурилсан менежмент, засаглалыг бэхжүүлэх, сургууль хөгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөгөө[1] батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах,тайлагнах;
3.3.3.3.сургуулийн хэмжээнд мөрдөх сургалт, үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой болон хөдөлмөрийн дотоод журам, энэ дүрмийн 3.5-д заасан бусад дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлан мөрдүүлэх;
3.3.3.4.сургуулийн дүрэм болон энэ дүрмийн 3.3.3.3, 3.5-д заасан дүрэм, журам боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулахад багш, ажилтан, суралцагч бүрийн оролцоог тэгш ханган тэднээс санал авч хэлэлцэж батална.
3.3.3.6.сургуулийн хүний нөөц, барилга байгууламж, харилцаа холбоо, сүлжээ, цахим үйлчилгээ, тоног төхөөрөмж, цэвэрлэгээ үйлчилгээ болон харуул хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
3.3.3.7.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн захирал албан үүргээ гүйцэтгэхдээ Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрмийг мөрдөж, нийтийн албанд хуулиар хүлээсэн албан үүрэгтэй холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах;
3.3.3.8.өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд тавих дотоод хяналтыг зохион байгуулж, үр дүнг хариуцах;
3.3.3.9.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.
3.3.4.Захиралд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий захиргааны зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
3.4.Мэргэжил, арга зүйн удирдлага:
3.4.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.1-д заасны дагуу сургууль нь мэргэжил, арга зүйн хамтын удирдлагыг хэрэгжүүлэх багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэгтэй байна.
3.4.2.багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.2-т заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
3.4.3.багш нарын зөвлөл нь сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын чанар,сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, хичээл, хичээлээс гадуурх ажлын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн, боловсролын инновац, технологийг сургалтад ашиглах, суралцагчийн зан үйл, төлөвшил, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох багшийн төлөөлөл сонгох, багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох зэрэг асуудлаар түүнтэй холбоотой байгууллагын дотоод харилцааг зохицуулахад мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.4.4.мэргэжлийн багш нарын бүлэг нь багш ажлын байрандаа мэргэжлийн хамт олонтойгоо хөгжих, хамтын ажиллагааны соёл төлөвшүүлэх үндсэн чиг үүргийг Багшийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлнэ.
3.4.5.энэ дүрмийн 3.4.4-т заасан бүлэг нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих болон XXI зууны иргэний эзэмших ур чадварыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, хамтын шийдэлд хүрэх замаар хамтран хөгжих, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
3.4.6.багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь үйл ажиллагаандаа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 25.3-д заасны дагуу баталсан журмыг мөрдөнө.
3.5.Сургууль нь сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, шийдвэр гаргахад талуудын оролцоог хангах, суралцагчийн мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ тогтоох, багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон олон нийтээс санал, гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх, хариу өгөх, цахим орчны зохистой хэрэглээг зохицуулах зэрэгтэй холбоотой дүрэм, журмыг баталж мөрдөнө.
3.6.Сургууль нь хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан, өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна.
3.7.Багшийн хөгжлийн төв, суралцагчдад зөвлөгөө өгөх, дэмжин туслах нэгж, багш, ажилтны ёс зүйн асуудал хариуцсан дэд хороо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, дотоод-хяналт, хүүхэд хамгааллын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих, сурах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх баг тус тус ажиллана.
3.9.Энэ дүрмийн 3.8-д заасан багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийн байгууллага нь сургуулийн бодлого, үйл ажиллагааг төлөөлөх хуулийн этгээд болохгүй.
Дөрөв. Багш, ажилтан
4.1.Сургуулийн багш, ажилтан үндэс угсаа, хэл, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эдийн засаг, гэр бүлийн байдал зэрэг ямар нэгэн ялгаварлан гадуурхалтаас ангид байна.
4.2.Багш, ажилтан нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг эрх бүхий этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
4.3.Багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ажил үүргийг хэрэгжүүлж, холбогдох хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдана.
4.4.Багш, ажилтан нь багаар хамтран ажиллах, бүтээлч үйл ажиллагаа, эв нэгдэл, эвсэг харилцаа, хүнлэг чанар, ёс суртахууны үнэт зүйлсийг дээдэлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга ёсыг эрхэмлэн ажиллана.
4.5. Багш, ажилтан нь хууль тогтоомж, сургуулийн дүрэм, ёс зүйн дүрэм болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад дүрэм, журмыг мөрдөнө.
4.6.Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмээс бусад үед багш нийгмийн сүлжээ ашиглан суралцагчдад гэрийн даалгавар өгөх, үнэлгээ хийх үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй ажиллана.
4.7. Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан болон бусад багш, ажилтан нь багшийн хувийн болон ажил хэргийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, худал мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоос сэргийлж ажиллана.
4.8.Сургуулийн захирал, багш болон бусад ажилтан нь суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах, сургуулиас хасах эсхүл сургуульд элсүүлэн сургахаас татгалзах зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сурч боловсрох эрхийг хязгаарласан үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.
4.9.Багш, ажилтны эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр нарийвчлан тодорхойлно.
Тав. Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч
5.1.Сургууль нь Монгол Улсын болон гадаадын харьяат хүүхдийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, соёл, шашин шүтлэг, гэр бүлийн байдлыг нь үл харгалзан элсэн суралцах тэгш боломжоор хангана.
5.2.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, сургуулийн дүрэмд заасан хэм хэмжээг мөрдөнө.
5.3. Суралцагч нь ёс зүйн хэм хэмжээг чанд сахина.
5.4.Сургуулийн дүрэм, журмыг зөрчсөн нь тогтоогдсон суралцагчийг Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13.2, 17.6-д заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамруулна.
5.5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан үүргийг тус тус хэрэгжүүлнэ.
5.6.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр-сургууль, сургууль-гэр хоорондын аюулгүй байдал болон хичээлийн бус цагаар хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцах, цахим хэрэгсэл, сүлжээний зөв зохистой хэрэглээний талаар үлгэрлэх, хяналт тавих, хүүхдийнхээ сонирхол хэрэгцээнд нийцсэн хөгжлийн үйлчилгээнд хамруулах, тэдний нас, хөгжлийн онцлог, хүсэл сонирхол, зан төлөв, сурлага, эрүүл мэндийн талаар багш, холбогдох ажилтантай мэдээлэл солилцож, хамтран ажиллана.
5.7.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасны дагуу сургуультай гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
5.8.Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь сургууль, багш, ажилтны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл түгээхгүй байна.
5.10.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон суралцагчийн зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.8-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны дүрмээ баталж мөрдөнө. Дүрэм нь сургуулийн дүрэм, журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
5.10.1.суралцагчийн зөвлөл нь сургуулийн орчинд суралцагчийн мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ тогтоохтой холбоотой дүрэм, журам боловсруулахад оролцох, батлагдсан шийдвэрийг бүх суралцагчдад таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хүлээж, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжсэн үйл ажиллагаа явуулах, суралцагчдын санал бодлыг захиралд уламжлах зэрэг асуудлаар нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон багш, ажилтантай хамтран ажиллана.
5.10.2.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвлөл нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 3.2-т заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, төлөвшил, сурах үйлийг дэмжих, тэдний нийгэм-сэтгэл зүй, аюулгүй байдал, хамгаалалтай холбоотой асуудлаар сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон мэргэжлийн бүлэгтэй хамтран эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.10.3. энэ дүрмийн 5.10.2-т заасан зөвлөл нь хуулийн этгээдийн эрхгүй байна.
5.10.4. энэ дүрмийн 5.10.2-т заасан зөвлөл нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, хуримтлал албадан цуглуулах зэргээр орлогын тэгш бус байдлаас хамаарсан үл ойлголцол үүсгэх аливаа хэлбэрийн үйл ажиллагаа санаачлан зохион байгуулахыг хориглоно.
5.11.Сургууль нь энэ дүрмийн 5.10-т заасан зөвлөлийн үйл ажиллагааны бие даасан байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй.
Зургаа. Санхүү, төсөв
6.1.Сургуулийн санхүү, төсвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана.
6.2.Сургууль нь Боловсролын ерөнхий хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд санхүү, төсвийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
6.3.Сургуулийн батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, сургууль хөгжүүлэх сангийн орлого, зарлага, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг холбогдох хуульд заасан хугацаанд сургуулийн цахим хуудаст байршуулна.
Долоо. Бусад
7.1.Сургуулийн дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2.Холбогдох хуульд заасны дагуу сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөл, багш, ажилтан, суралцагчийн төлөөллийн байгууллага гаргаж болно.
7.3.Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн болон багш нарын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцэж, хурлаас гарсан санал, дүгнэлтэд үндэслэн захирал батална.
---000---
[1] Дунд хугацааны төлөвлөгөө гэж "дөрвөн жилийн", богино хугацааны төлөвлөгөө гэж "нэг жилийн" хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус тус ойлгоно.
Текст томруулах
A
A
A