A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШИЖ, АШИГЛАЖ БАЙГАА ХӨРӨНГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ТОГТМОЛ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр

 сарын 17ы өдрийн 164 дүгээр

       тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШИЖ, АШИГЛАЖ БАЙГАА
ХӨРӨНГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ТОГТМОЛ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3-т заасан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал (цаашид "тогтмол зардал" гэх)-ыг санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Энэ журмын 1.1-д заасан тогтмол зардалд гэрэл, цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны хэрэглээтэй холбогдон гарах зардал хамаарна.

 

1.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 1.1-д заасан тогтмол зардалд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

1.4.Тогтмол зардлыг Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны баталсан үнэ тарифын дагуу олгоно.

 

1.5.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын орон нутаг дахь салбар сургууль дулааны эх үүсвэрт уурын зуух ашигладаг тохиолдолд тус сургуульд олгох тогтмол зардлыг сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан тайланд тусгагдсан дулааны зардлын дунджаар тогтооно. 

 

Хоёр.Тогтмол зардал олгоход тавих шаардлага

 

2.1.Эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө нь төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй, сургалтын болон оюутны дотуур байрны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж байна.

 

2.2.Тогтмол зардлаар санхүүжих сургууль доор дурдсан шаардлагыг хангасан байна:

 

2.2.1.төрийн өмчийн сургууль байх;

 

2.2.2.улсын бүртгэлийн байгууллагад боловсролын сургалтын байгууллага (дээд боловсрол) гэсэн бүртгэлтэй, гэрчилгээ авсан байх;

 

2.2.3.цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн байх;

 

2.2.4.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэн, дүгнэлт гаргуулсан байх;

2.2.5.нэгдсэн халаалтын системд холбогдсон барилга байгууламжийг хэмнэлтийн горимд тохируулан тоолуур ашигладаг байх.

 

2.3.Тогтмол зардлын санхүүжилтийг олгохдоо энэ журмын 2.2-т заасан шаардлагаас гадна доор дурдсан гүйцэтгэл, үр дүнг харгалзан олгоно:

 

2.3.1.дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлтээр 60-аас доошгүй хувиар үнэлэгдсэн байх;

 

2.3.2.оюутны дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд өмнөх жилд тухайн сургуулиас оруулсан хөрөнгө оруулалт нийт тогтмол зардлын 30, түүнээс дээш хувьтай дүйцэх хөрөнгийг зарцуулсан байх;

 

2.3.3.их сургуулийн салбар, харьяа сургуулийн багшийн хөгжлийг дэмжих, багшийг чадавхжуулах, багш солилцох хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн хэмжээ  харьяалах их сургуулийн багшийн хөгжилд зориулсан нийт зардлын        30-аас доошгүй хувийн мөнгөн хөрөнгө зарцуулсан байх;

 

2.3.4.орон нутаг дахь салбар, харьяа сургуультай хамтарсан болон шаталсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэхэд тухайн хөтөлбөрийн орлогын 15-аас доошгүй хувьтай дүйцэх хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн байх.

 

2.4.Энэ журмын 2.3-т заасан гүйцэтгэл, үр дүнг хангахгүй тохиолдолд тогтмол зардлын санхүүжилтийг тухайн дүнгээр хорогдуулан олгоно.

 

Гурав.Тогтмол зардлыг санхүүжүүлэх

 

 3.1.Сургууль доор дурдсан баримт бичгийн хамт тогтмол зардалд шаардагдах төсвийн саналыг тухайн жилийн 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

 

  3.1.1.тогтмол зардлын мэдээлэл (тайлан, баланс);

 

3.1.2.цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны хэрэглээг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлангийн хуулбар;

 

  3.1.3.эрчим хүчний аудитын дүгнэлтийн хуулбар;

 

    3.1.4.халаалт, цэвэр, бохир усны тоолуур заалт;

 

  3.1.5.тогтмол зардал олгох шаардлага, гүйцэтгэл үр дүнг хангаж байгаа эсэхийг тодорхойлсон сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан бичиг.

 

 3.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтмол зардал олгоход шаардагдах төсвийн саналыг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлагдсан төсвийн хүрээнд сургууль тус бүрд олгох санхүүжилтийг холбогдох хуваарийн дагуу олгох ажлыг зохион байгуулна.

 

Дөрөв.Бусад

 

4.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, тайлагнана.

 

4.2.Сургууль улсын төсвөөс олгосон тогтмол зардлыг зориулалтын дагуу зарцуулах үүрэг хүлээнэ.

 

4.3.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

----о0о----