- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 10.2, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин барилга байгууламж, материаллаг бааз болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн лаборатори, техник, тоног төхөөрөмж, бусад нөөцөд түшиглэн сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургууль байгуулах боломжийг судлан үзэж, зохих арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан чиглэлээр салбар сургууль байгуулахтай холбогдуулан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин барилгыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг авахыг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидад, хуульд заасан шаардлагыг хангуулсны үндсэн дээр сургалтын чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, сургуулийн үндсэн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийг нарийвчлан тооцож, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бүрэн хариуцахаар төлөвлөн, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд тус тус даалгасугай.
3."Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 32, 33, 34, 35 дахь заалт нэмсүгэй:
32. | Монгол судлалын хүрээлэн | 5 | МУИС | МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн |
33. | Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн | 8 | МУИС | МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн |
34. | Эдийн засгийн хүрээлэн | 5 | МУИС | МУИС-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэн |
35. | Соёл, урлаг судлалын хүрээлэн | 12 | СУИС | СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн |
4.Цэргийн нэгдсэн дээд сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн политехник коллежийг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяанд байхаар шилжүүлсүгэй.
5.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оноос баригдаж эхэлсэн "Дүүргийн спорт цогцолбор"-ын дуусаагүй барилгыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолын 1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх