A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МАЛЧНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Малчны хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Малчны хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."мал" гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2."мал аж ахуй" гэж уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон, байгалийн нөөц, чадавхад нийцсэн, уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилд суурилсан био үйлдвэрлэлийг;

3.1.3."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.4."туслах малчин" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 71.2-т заасныг;

3.1.5."малчин өрх" гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;

3.1.6."хот айл" гэж хоёр ба түүнээс дээш малчин өрх хамтран хөдөлмөрөө хоршин мал аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрийг;

3.1.7."мал аж ахуйн зохистой дадал" гэж бэлчээрийг хамгаалах, мал маллагаа, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барил, үйл ажиллагааг;

3.1.8."малчны хөгжил" гэж малчин насан туршид мэдлэг, ур чадвар, амьдралын чанараа дээшлүүлэх тогтвортой үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МАЛЧДЫН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

4 дүгээр зүйл.Малчдын талаар төрөөс баримтлах бодлого

Хэвлэх

4.1.Төрөөс малчдын талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

4.1.1.малчны мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх суурь нөхцөл, байгалийн нөөц, бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулах;

4.1.2.малчны хөгжлийг хангах;

4.1.3.хөдөөд хүйсийн зохистой харьцааг хангах бодлогыг хэрэгжүүлэх;

4.1.4.малчны хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх;

4.1.5.малчдын залгамж халааг бэлтгэх;

4.1.6.мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэл даах чадавхыг бүрдүүлэх;

4.1.7.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, боловсруулалтын түвшинг ахиулах цогц бодлогыг хэрэгжүүлэх;

4.1.8.цахим шилжилтийг нэвтрүүлэх;

4.1.9.хуульд заасан бусад.

4.2.Засгийн газар энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхээс гадна дараах арга хэмжээг авна:

4.2.1.мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

4.2.2.мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээнд хамруулж, дэмжлэг үзүүлэх;

4.2.3.мал үржүүлэг, технологийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг хөнгөлөлттэй зээл болон бусад хэлбэрээр дэмжих;

4.2.4.малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх;

4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;

4.2.6.эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүр үнэ төлбөргүй хамруулах;

4.2.7.гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;

4.2.8.гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;

4.2.9.хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх;

4.2.10.хууль тогтоомжид заасан бусад.

4.3.Энэ хуулийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.7, 4.2.8, 4.2.9-д заасан арга хэмжээтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧНЫ ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

5 дугаар зүйл.Малчны эрх, үүрэг

Хэвлэх

5.1.Малчин дараах эрхийг эдэлнэ:

5.1.1.уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн нөхцөлд мал маллах арга ухааныг эзэмшиж, мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилаа ахиулж, малчинд зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө авах;

5.1.2.байгалийн нөөц, бэлчээрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээгээр ашиглах эрхээ баталгаажуулах;

5.1.3.төрөөс болон олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээ авах;

5.1.4.малын эрүүл мэндийг хамгаалах болон үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрх бүхий нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, зөвлөгөө авах;

5.1.5.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, нэр төрөл, чанараас хамаарсан урамшууллыг хууль тогтоомжийн дагуу авах;

5.1.6.хуульд заасан бусад эрх.

5.2.Малчин дараах үүргийг хүлээнэ:

5.2.1.байгалийн нөөц, бэлчээр, усан хангамжийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;

5.2.2.мал маллагааны уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилыг эзэмших;

5.2.3.малын эрүүл мэндийг хамгаалах, малын генетик нөөцийг зохистой ашиглах;

5.2.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангах;

5.2.5.хуульд заасан бусад.

5.3.Энэ хуулийн 5.2.1-д заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.3.1.малчин өрх, хот айл бэлчээрээ дундаа хамтран ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан харилцан зөвшилцөж, зохион байгуулалтад орсон байх;

5.3.2.бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглаж, сэлгэх, өнжөөх, сайжруулах, нөхөн сэргээх зэргээр бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх;

5.3.3.Газрын тухай хуулийн 52.7-д заасан газарт тэжээлийн ургамал тариалах, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хадлан, гар тэжээл бэлтгэх.

5.4.Энэ хуулийн 5.2.2-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.4.1.мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг өөрийн малын тоо толгойд нийцүүлэн бүрэн хангаж, 90-ээс доошгүй хоногт хүрэлцэхүйц өвс, тэжээл бэлтгэж нөөцлөх;

5.4.2.малын хэвтэр бууц, хашаа, хороог байнга цэвэрлэж, өвөлжөөний хөрзөнг жил бүр авдаг, өтөг хөрзөнг овоолж хэвтрийн нөөц бүрдүүлдэг байх;

5.4.3.өвөлжөө, хаваржааны дулаан хашаа, хороо, байр барьж ашиглах;

5.4.4.дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр ашиглахдаа байгаль орчныг бохирдуулахгүй, хог хаягдлыг ил задгай хаяж, үлдээхгүй байх;

5.4.5.худаг, хөв цөөрөм бий болгох, сэргээн засварлах;

5.4.6.мал маллах, хариулах, тууварлах, тээвэрлэхдээ уламжлалт арга барилыг түлхүү ашиглах.

5.5.Энэ хуулийн 5.2.3-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.5.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн, баталгаажсан үүлдэр, омгийн хээлтүүлэгч ашиглах, малыг ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах;

5.5.2.малын төрлийн харьцаа, сүргийн зохистой бүтцийг хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах;

5.5.3.тухайн үүлдэр, омгийн нэгж малаас авах ашиг шимийн дундаж гарцаас багагүй хэмжээний ашиг шим авах;

5.5.4.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 3 жил тутамд чанарын үнэлгээ хийлгэх;

5.5.5.мал эмнэлгийн болон үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн нэгжээр гэрээний үндсэн дээр технологит хугацаанд гүйцэтгүүлэх;

5.5.6.мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал, гарал үүслийг тогтоох нөхцөлийг бүрдүүлж, малын шилжилт хөдөлгөөний талаар эрх бүхий байгууллагад мэдээлдэг байх;

5.5.7.эмийн үлдэц агуулаагүй, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх.

5.6.Энэ хуулийн 5.2.4-т заасан үүргийг биелүүлэх хүрээнд дараах зохистой дадлыг хэрэгжүүлнэ:

5.6.1.малын ноос, ноолуур, хөөврийг технологийн хугацаанд стандарт, шаардлагын дагуу чанарын ялгамжтай байдлаар ангилан тордож, бэлтгэн нийлүүлэх;

5.6.2.малын мах бэлтгэлийг хийхдээ малын арьс ширийг механик гэмтэлгүйгээр цэвэрлэгээ, анхан шатны тордолтыг хийж, стандарт, шаардлагын дагуу бэлтгэх;

5.6.3.сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байх.

6 дугаар зүйл.Малчны мэдлэгийг дээшлүүлэх тогтолцоо, зарчим

Хэвлэх

6.1.Малчны мэдлэгийг дээшлүүлэх сургалт нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох, тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, мэргэшүүлэх үйл явцаас бүрдэнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан сургалтын хөтөлбөрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, сургалтыг их сургууль, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрийн төв, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор үндэсний хэмжээнд зохион байгуулна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан хөтөлбөр нь сургалтын нэгдсэн стандарт, бүс нутгийн онцлогт нийцсэн байна.

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан байгууллага сургалтын нэгдсэн стандарт, хөтөлбөрийг багцлан боловсруулах бөгөөд хөтөлбөрт доор дурдсан чиглэлийн мэдлэг, ур чадварыг олгох асуудлыг тусгана:

6.4.1.мал маллах, байгаль, цаг уур шинжих, мал аж ахуйн болон ахуй амьдралд шаардлагатай тоноглол, хэрэгслүүд бэлтгэх уламжлалт арга барил, өв соёл, туршлага;

6.4.2.мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлага, техник технологийн хөгжил дэвшил;

6.4.3.малын чанарыг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал маллах, арчлах болон сувилгааны арга аргачлалын талаарх мэдлэг мэдээлэл, цуврал хичээл;

6.4.4.бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх мэдлэг олгох мэдээлэл, цуврал хичээл;

6.4.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх стандартууд;

6.4.6.зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам;

6.4.7.малын өтөг бууц, аргал, хөрзөнг цэвэрлэх, боловсруулах, техник, технологийн мэдлэг;

6.4.8.ногоон үйлдвэрлэл, ухаалаг мал аж ахуй эрхлэх арга, технологи, ач холбогдол;

6.4.9.нийгмийн болон эрүүл мэндийн, эд хөрөнгийн даатгалын ач холбогдол;

6.4.10.малын тоо толгойн албан татварын тайланг цахимаар гаргах, малчны цахим хөтөч, төрийн үйлчилгээний цахим системийг ашиглах аргачлал.

6.5.Сургалт зохион байгуулсан байгууллага сургалтын хөтөлбөрөөр бүрэн суралцсан, үнэлгээний шаардлага хангасан төгсөгчид үнэмлэх, тэмдэг олгож, энэ талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

7 дугаар зүйл.Малчны хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр

Хэвлэх

7.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай орон нутгийн засаг захиргааны нэгж нь малчдад төрийн бодлого, хууль, эрх зүйн мэдлэг олгох, харилцан мэдлэг, туршлага солилцох, залуу үеэ бэлтгэх таатай орчныг бүрдүүлсэн Малчны хөгжлийн сургалт, мэдээллийн төв, эсхүл тэнхим /цаашид "Малчны хөгжлийн төв" гэх/-тэй байна.

7.2.Аймаг, сумын Засаг дарга орон нутгийн онцлогт нийцүүлж, малчны хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавина.

7.3.Газрын тухай хуулийн 52.7-д зааснаас өөр чиглэлээр давхцуулан газар ашиглах, эзэмшүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно.

7.4.Залуу малчин гэр бүлд болон хот, сууринаас шилжин очиж, 2-оос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхөд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх, бэлчээр ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрт үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

7.5.Сумын Засаг дарга малчинд насан туршийн боловсрол, мэдлэг олгохтой холбогдуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1.малчдын гаргасан санал, хүсэлтэд суурилан малчныг сургах, шинээр бэлтгэх, давтан сургах сумын жил бүрийн төлөвлөлтийг боловсруулах, холбогдох сургалтын байгууллагад захиалга өгөх;

7.5.2.малчдаас нөлөө бүхий төлөөллийг сонгож, манлайлагчийн сургалтын хөтөлбөрт хамруулах;

7.5.3.залуу малчид, мал бүхий иргэдийн дунд малчдын залгамж халааг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр ахмад, туршлагатай малчидтай туршлага солилцох уулзалт, сургалт, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж, малчдын оролцоог хангах;

7.5.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

7.6.Энэ хуулийн 7.2-т заасан төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардлыг тухайн шатны төсвийн захирагч жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

7.7.Энэ хуулийн 7.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын эх үүсвэрээс бүрдүүлэх асуудлыг холбогдох журамд заасны дагуу хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

7.8.Малчны хөгжлийн төвийн ажиллах журмыг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

7.9.Малчны хөгжлийн индексийг сум, аймаг үндэсний түвшинд 3 жил тутамд тодорхойлно.

7.10.Малчны хөгжлийн индексийг аймаг, сум, улсын аварга малчин болон тэргүүний аймаг, сум, дүүрэг шалгаруулах шалгуур үзүүлэлтэд харгалзан үзнэ.

7.11.Малчны хөгжлийн индексийг тооцох аргачлалыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хороотой хамтран баталж, хяналт тавина.

8 дугаар зүйл.Малчны үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх

Хэвлэх

8.1.Малчны үйл ажиллагаанд дараах цахим шилжилтийг нэвтрүүлнэ:

8.1.1.хөдөлгөөнт холбоо, телевиз, интернэт сүлжээний үйлчилгээ;

8.1.2.мэдээлэл авах, солилцох нэг цонхны цахим үйлчилгээ;

8.1.3.банк, санхүү, татвар, худалдааны цахим үйлчилгээ;

8.1.4.төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний цахим систем;

8.1.5.малын бүртгэлийн систем;

8.1.6.гойд ашиг шимт, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа, захиалга, малын тэжээл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цахим худалдаа;

8.1.7.газрын бүртгэл, кадастрын зураглал, бэлчээрийн төлөв байдал, чанарын үнэлгээний үйлчилгээ;

8.1.8.технологийн сүлжээгээр дамжуулан малчдад мэдлэг түгээх бусад цахим үйлчилгээ.

8.2.Малчны болон тэдгээрийн үйл ажиллагааны бүртгэл нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон улсын бүртгэлийн, татварын, статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим бүртгэлээр баталгаажна.

8.3.Мал, малын гаралтай чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ бүртгэл, хяналтын үйл ажиллагааг мэдээллийн технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хийнэ.
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МАЛЧНЫ БҮТЭЭМЖ

9 дүгээр зүйл.Малчны бүтээмжийг дэмжих

Хэвлэх

9.1.Малчны хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг тооцох арга зүйг бий болгож, үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ.

9.2.Малчны боловсрол, малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ, арчилгаа маллагаа, тэжээлийн хангамж, хашаа хороо, мал аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ арга, техник технологи зэргийг дэмжин хөгжүүлж малчны болон салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

9.3.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, нөөц ашиглалтын түвшний өсөлт болон малчны хүлээх үүрэг, зохистой дадлын хэрэгжилтийг харгалзан улс, аймаг, сумын аварга малчин, тэргүүний малчны хоршоо, аймаг, сум шалгаруулах болзолд тусгаж, бүтээмжийг үнэлнэ.

9.4.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд нэр төрөл, чанарын үнэлэмжээс хамаарсан урамшуулал олгох замаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

9.5.Сум, баг нь өөрийн онцлогт тохирсон цөм сүргийг бүрдүүлж, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг явуулан, малын чанар, ашиг шимийн өсөлт, чанарыг тооцох системд шилжүүлнэ.

9.6.Халдварт өвчингүй, эрүүл мал сүрэгтэй малчин өрхийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т заасны дагуу баталгаажуулна.

9.7.Мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаажуулалт, зах зээлийн ханшид суурилсан хөрөнгийн үнэлгээг бий болгож, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

9.8.Мал аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, малчны өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, малчны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн намрын эхэн сарын шинийн 8-ны өдөр нь "Малчныг сонсох өдөр" байна.

9.9.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын Засаг дарга хэрэгжүүлнэ.

9.10.Улсын аварга, хошой аварга малчин, саальчин, фермер шалгаруулах болон энэ хуулийн 9.4-т заасан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

МАЛЧНЫ ХАМТЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ

10 дугаар зүйл.Малчны хамтын санаачилга, хоршил, кластерын үйл ажиллагаа

Хэвлэх

10.1.Малчны хамтын санаачилга, хоршил нь дараах хэлбэртэй байна:

10.1.1.хот айл;

10.1.2.малчдын холбоо;

10.1.3.малчдын үүсгэн байгуулсан нөхөрлөл, хоршоо, компани.

10.2.Энэ хуулийн 10.1.1,10.1.2-т заасан малчны хамтын хоршлын хэлбэр нь Иргэний хуулийн 481.1, 481.2-т заасны дагуу сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж, үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож, зөвшилцсөн, тэдгээрийг дүрмээр баталгаажуулсан байна.

10.3.Энэ хуулийн 10.1.3-т заасан хамтын хоршлын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

10.4.Төрөөс малчны хамтын санаачилга, хоршлыг дараах байдлаар дэмжинэ:

10.4.1.хамтран ажиллаж хорших, төрөлжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх;

10.4.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;

10.4.3.мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрт малчны хувь нийлүүлсэн оролцоог дэмжих;

10.4.4.малчин өрхийн орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог үе шаттай бууруулах, малыг борлуулах үр дүнтэй арга, туршлагыг дэлгэрүүлэх;

10.4.5.малчны санхүүгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, малчны эдийн засгийн чадамжийг сайжруулахад чиглэсэнхөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, санхүүгийн хүртээмжтэй байдал, чадамжийг нэмэгдүүлэх;

10.4.6.малчин, хот айл, малчдын холбооны санал, санаачилгаар цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, малын өвс, тэжээл бэлтгэх, нөөцлөхөд чиглэсэн зээлийн бодлогыг хэрэгжүүлэх;

10.4.7.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын санаачилга, хоршлын үйл ажиллагаа, хөтөлбөрийг дэмжих;

10.4.8.хуульд заасан бусад.

11 дүгээр зүйл.Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн нөлөөллийг бууруулах

Хэвлэх

11.1.Аймаг, сум бүр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр малчин, малчин өрхийн амьжиргаанд нөлөөлөх хүчин зүйлс, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлнэ.

11.2.Малчид хамтын санаачилга, хоршилд үндэслэн учирч болзошгүй гэнэтийн аюул, эрсдэлээс хамгаалж, үйл ажиллагааны борлуулалтын орлогоос хуримтлал үүсгэж, дундын эрсдэлийн сан байгуулж болно.

11.3.Эрсдэлийн санд хуримтлал үүсгэх, зарцуулах, хяналт тавих журмыг харилцан тохиролцсон, гэрээгээр баталгаажуулна.

11.4.Уур амьсгалын өөрчлөлтийн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох, үр нөлөөллөөс сэргийлэх арга хэмжээг олон талт оролцоогоор хэрэгжүүлнэ.

11.5.Бэлчээрийг хаших, хөрсийг эвдэх болон мэргэжлийн байгууллагаас доройтлыг нь тогтоосон бэлчээрээс ургамал түүх, хадлан хадахыг хориглоно.

12 дугаар зүйл.Малчинд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Хэвлэх

12.1.Санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр, малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулна.

12.2.Арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан зээлийг арилжааны банкны болон доор дурдсан шаардлагыг хангасан малчинд олгоно.

12.3.1.малын тоо толгойн албан татвар төлөгч байх;

12.3.2.малчин арилжааны банканд данстай байх;

12.3.3.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх;

12.3.4.малын эрүүл мэнд, үржүүлэг, технологийн ажил үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар технологийн хугацаанд нь хийлгэн баталгаажуулсан байх.

12.4.Малчны нэн хөнгөлөлттэй зээлийг олгохдоо улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, тухайн жилийн цаг агаарын болон гадаад, дотоод бусад хүчин зүйлсийн нөлөөлөл, түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ зэргийг харгалзана.

12.5.Малчны дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл олгоно:

12.5.1.өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих;

12.5.2.доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах;

12.5.3.хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

12.5.4.хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах;

12.5.5.эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах;

12.5.6.цас борооны ус тогтоож хөв, цөөрөм байгуулах;

12.5.7.тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заасан сайн чанарын үржлийн хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах;

12.5.8.малчны ахуй амьдрал болон мал аж ахуйд шаардлагатай эд эдлэл, тоног хэрэгсэл бэлтгэх;

12.5.9.түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан байр барих.

12.6.Малчны дараах үйл ажиллагаанд хөнгөлөлттэй зээл олгоно:

12.6.1.шинээр гэр, орон байр болон зөөврийн сууц барих, засварлах, шинэчлэх;

12.6.2.зөөврийн хашаа, өвс тэжээлийн агуулах, хүлэмж шинээр барих, засварлах;

12.6.3.гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах;

12.6.4.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийх болон хөргөх тоног төхөөрөмж, хөргүүр зоорь барих.

12.7.Энэ хуулийн 12.2-т заасан зээлийн хүүгийн хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгана.

13 дугаар зүйл.Малчны хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадамжийг сайжруулах

Хэвлэх

13.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд зориулан сум бүрд Малчны хөгжлийн сан байгуулна.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

13.2.1.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс олгож байгаа мөнгөн урамшууллаас малчны зөвшөөрлийг үндэслэн хуваарилсан хөрөнгө;

13.2.2.уул уурхайн салбарын орлогоос баялаг бүтээх салбарт хуваарилах хөрөнгөөс ногдох хувийн эх үүсвэр;

13.2.3.малчны малын тоо толгойн албан татварын орлогын төвлөрүүлэлтээс хуваарилах хөрөнгө;

13.2.4.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан этгээдийн хувь нийлүүлэх хөрөнгө;

13.2.5.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах үндэсний үйлдвэрийн хувь нийлүүлэх хөрөнгө;

13.2.6.олон улсын байгууллагын санхүүгийн буцалтгүй зээл, дэмжлэгийн эх үүсвэр;

13.2.7.хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн дэмжлэгийн эх үүсвэр.

13.3.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн хөрөнгийн 30 хувийг бэлчээрийн мал ахуйд гамшиг, эрсдэлийн үед ашиглахаар хуримтлуулна.

13.4.Санд төвлөрүүлсэн хөрөнгийг жил бүр доор дурдсанаар хуваарилж, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна:

13.4.1.тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд 30 хувь;

13.4.2.ногоон, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд 30 хувь;

13.4.3.малчдыг хөгжүүлэх, чадавхжуулахад 10 хувь.

13.5.Энэ хуулийн 13.4.1, 13.4.2-т заасан зориулалтаар зарцуулах хөрөнгө нь бага хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэртэй байна.

13.6.Малчны хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалтын жишиг дүрэм, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

13.7.Малчин өрхийг тогтмол орлого, хуримтлалтай болгох зорилгоор малчин, хоршоо, нөхөрлөл, компани, малчдын холбоо үндэсний үйлдвэрүүдтэй 3 жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тогтвортой гэрээ байгуулж, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлийн дээд ханшаар бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлнэ.

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан тогтолцоог төр, хувийн хэвшил, малчны өөрөө удирдах байгууллагын хамтын гэрээ, үйл ажиллагаагаар хөгжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

14 дүгээр зүйл.Санхүүжилт

Хэвлэх

14.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

14.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

14.1.2.малчны хөгжлийн сан;

14.1.3.орон нутгийн хөгжлийн сан;

14.1.4.хоршоо хөгжүүлэх сан;

14.1.5.олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, зээл, хандив, тусламж;

14.1.6.арилжааны банкны эх үүсвэр;

14.1.7.малчид, мал бүхий этгээдийн хөрөнгө оруулалт;

14.1.8.гадаад, дотоодын байгууллагын хөрөнгө оруулалт;

14.1.9.хуульд заасан бусад эх үүсвэр.

15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

Хэвлэх

16.1.Энэ хуулийн 4.2.9 дэх заалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

16.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР