- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 45
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-д доор дурдсан агуулгатай 3.7 дахь хэсэг нэмсүгэй:
"3.7.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал
Шинжлэх ухаан, технологийн хүний нөөц, дэд бүтэц, тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн.
3.7.1.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангах
3.7.1.1.шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, тэргүүлэх чиглэлийг тогтоож, дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хүртэлх хувийг шинжлэх ухааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах;
3.7.1.2.судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих, шинжлэх ухааны нээлт, оюуны бүтээлийг баталгаажуулах, гадаадын технологийг Монгол Улсад нутагшуулах эрх зүйн баталгааг бүрдүүлэх;
3.7.1.3.байгалийн баялаг, хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг бий болгох технологийг боловсруулж нэвтрүүлэх;
3.7.1.4.шинжлэх ухаан, технологийн мэдээллийн үндэсний нэгдсэн сүлжээ, сантай болж, төрийн хамгаалалтад байлгах;
3.7.1.5.шинжлэх ухаан, технологийн үндэсний ач холбогдолтой судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хөгжүүлэх, технологийн шинэ шийдэл боловсруулах, үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд амжилт гаргаж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад албан татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тэргүүн ээлжид олгох зарчим баримтлах;
3.7.1.6.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн өрсөлдөх, хөгжих чадварыг дээшлүүлэх;
3.7.1.7.шинжлэх ухаан, технологийн дэд бүтэц, судалгаа хийх орчныг бий болгох, технологийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх;
3.7.1.8.шинжлэх ухаан, технологийн чадавх, хөрөнгө оруулалтыг үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслүүдийг шийдвэрлэхэд эн түрүүнд төвлөрүүлэх;
3.7.1.9.улсын хэрэгцээт технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, гадаад улсад ажиллаж байгаа үндэсний эрдэмтэн, судлаачдыг эх орондоо ажиллах судалгааны орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
3.7.1.10.шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах авьяаслаг боловсон хүчнийг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн сонгох, тэднийг хүн нэг бүрээр сурган хөгжүүлэх, ажиллах нөхцөл, боломжоор хангах;
3.7.1.11.шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн интеграцид байр сууриа эзлэх."
2."Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын "1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх" гэсэн хэсгийн "мэдээллийн аюулгүй байдал" гэсний дараа", "шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал" гэж нэмсүгэй.
3.Энэ тогтоолыг Шинжлэх ухаан, технологийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх