- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 68
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг санхүүжүүлэх;
2/иргэнд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан шүүхийн барилга байгууламж шинээр барихтай холбоотой төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг авах;
3/хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцсэн зориулалтын шаардлага хангасан шүүхийн байраар хангах хүртэлх хугацаанд нийслэл дэх зарим шүүхийг байраар хангаж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
4/нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны тойргийн шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
5/Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн давж заалдах шатны шүүхийг тойргоор байгуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
6/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэгжийн орон тоо, төсвийг нэмэгдүүлэх, холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг доор дурдсан байгууллагад зөвлөсүгэй:
1/шүүгчийн орон тооны хязгаарын саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл /Л.Энхбилэг/-д;
2/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын байгууллагын орон тоо, төсөвт өөрчлөлт орох эсэхийг судлан үзэж, шаардлагатай бол саналаа боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэхийг Улсын ерөнхий прокурор /Б.Жаргалсайхан/-т.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх