A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"5.3.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хаягдал усны дүгнэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор татварын алба болон ус бохирдуулагчид хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн "дарга" гэсний дараа ", орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч" гэж, 4.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "үндэслэн" гэсний дараа "бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан" гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "хаягдал усанд" гэсний дараа "хаягдал усны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн "даргатай" гэснийг "дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай" гэж, мөн зүйлийн 4.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "тогтооно" гэснийг "тогтоож болно" гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсгийн "50-иас доошгүй хувийг" гэснийг "50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж," гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "төлнө." гэснийг "төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ." гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР