- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 34
Улаанбаатар хот
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эдийн засгийн бодлогын чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2025 оны 24 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 5 байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолын 2-т заасан Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2025 оны төсөвт тусгаж, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ, ТӨВИЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, тус зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2."Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хариуцан салбарын оролцогчдын үйл ажиллагааны уялдааг хангаж, судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий "Эдийн засгийн хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.
3."Эдийн засгийн хөгжлийн төв"-ийн дүрмийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.
4."Эдийн засгийн хөгжлийн төв"-ийн орон тооны хязгаарыг 45 байхаар тогтоосугай.
5.Төвийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, үйл ажиллагааны санхүүжилтийг 2025 оны батлагдсан төсвийн багцаас, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоол, "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
