- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/110 дугаар тушаалын хавсралт
БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийх шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй тусгай мэдлэг бүхий шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн (цаашид "бусад этгээд" гэх)-ийг оролцуулах, хамтран ажиллах нөхцөлийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Бусад этгээдтэй хамтран ажиллахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр.Шинжилгээ хийх үйл ажиллагаа
2.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээг хоёр, түүнээс дээш бүрэлдэхүүнтэй ижил эсхүл өөр, өөр мэргэжлийн шинжээчдийн багаар хийлгэж болно.
2.2.Бусад этгээд анхдагч, нэмэлт, дахин шинжилгээ хийхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу оролцож, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
2.3.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр шүүх шинжилгээний байгууллагын шинжээч бусад этгээдтэй хамтран шинжилгээ хийнэ.
2.4.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан бусад этгээдийг шинжээчдийн багт оруулах саналыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргаж болно.
2.5.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна бусад этгээдийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, эсхүл шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан тодорхойлно. Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан тодорхойлсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
2.6.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд бусад этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн болон тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.
2.7.Эрх бүхий этгээд бусад этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.
2.8.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийх хугацааг тогтоохдоо шинжилгээ хийх бусад этгээдийн саналыг харгалзана.
2.9.Шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх шинжилгээний хугацааг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сунгуулна. Эрх бүхий этгээд хүсэлтийг хүлээн авч, хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
2.10.Шинжилгээний объект шинж чанараа амархан алдах, устаж үгүй болохоор байвал шинжилгээ хийх бусад этгээд шинжилгээний байгууллагад нэн даруй ирж, шинжилгээг хийнэ.
2.11.Шинжилгээг стандартын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмж бүхий орчинд хийнэ.
2.12.Шинжилгээ хийх лабораторийг сонгох асуудлыг шинжээч болон бусад этгээд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
2.13.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийж байгаа шинжээч болон бусад этгээд хооронд зөөвөрлөх үеийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Гурав.Эрх, үүрэг, хориглох зүйл
3.1.Бусад этгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчээр томилогдсон тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 3.8.2, 3.8.3 дахь хэсэгт тус тус заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, хориглох зүйлийг баримтална.
3.2.Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглоно.
3.3.Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр бусад этгээдийг шинжилгээнд татан оролцуулахыг хориглоно.
Дөрөв.Бусад этгээдийг татгалзан гаргах
4.1. Дараах үндэслэлээр шинжилгээ хийх бусад этгээдийг татгалзан гаргана.
4.1.1.Шүүх шинжилгээний 19.1-д заасан үндэслэл;
4.1.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж томилсон;
4.1.3.Бусад этгээдийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол;
4.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас өөрөө татгалзаж эрх бүхий этгээдэд хүсэлт гаргана.
Тав.Шинжилгээний зардал
5.1.Бусад этгээд хуульд заасан үндэслэлийн дагуу шинжилгээний зардал, ажлын хөлс авна.
5.2.Бусад этгээд шинжилгээ хийсэнтэй холбоотой ажлын хөлс, холбогдох бусад зардал олгуулах хүсэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана.
5.3.Шинжилгээ хийхтэй холбогдон гарах зардлын асуудлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.4.Шинжилгээний байгууллагаас бусад байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр томилон ажиллуулсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу шинжээчийн зардлыг төлнө.
Зургаа.Хариуцлага
6.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх