A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ын 2.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.6.Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, 66 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ."

2.Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээ болон дулаан дамжуулах, түгээх сүлжээний найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагаа, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг хууль тогтоомж холбогдох дүрэм, журмын дагуу шуурхай зохион байгуулж, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн удирдлага, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал, Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

4."Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн хувьцааны 66 хувийг буцаан эзэмшүүлэх, менежментийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон бэлтгэлийг 2027 оны II улиралд багтаан хангуулах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал, Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.УЧРАЛ