- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 93
Төрийн ордон, Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй:
1/Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэж заасан. Парламент нь сонгодог утгаараа ард түмний төлөөллийг хангаж, ард түмний төрийн үйл хэрэгт оролцох эрхийг хангах үүргээ хэрэгжүүлдэг. Парламентын ардчилал нь төлөөллийн хэв шинжийн зохист харьцааг хангаснаар хэрэгжинэ. Иргэд өөрт нь холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрөө, эсхүл төлөөллөөрөө дамжуулж оролцох нь ардчиллын мөн чанар бөгөөд үүний тулд төлөөллийн ардчилал оршин байдаг.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төлөөллийн ардчилал хөгжиж, төлөвших үйл явцад эрх зүй, засаглалын харилцаа, улс төрийн нам болон иргэний нийгмийн төлөвшил, хөгжилд сорилт бэрхшээл цөөнгүй тулгарсаар ирсэн бөгөөд үүнийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоогоор дамжуулан шийдвэрлэх алхмыг төрөөс хийж ирсэн.
Төлөөллийн ардчиллыг бий болгох үйл явц нь сонгууль бөгөөд энэ нь иргэд, үндэстэн, ястны төлөөллийн эрх, ашиг сонирхлын харилцааг зохицуулах хэрэгсэл болдог. Нийгэм дэх нас, хүйс, нийгмийн гарал, байдал, ажил, мэргэжил, ашиг сонирхлын олон хэв шинжээрээ ялгаатай бүлгийн дуу хоолой, төлөөллийг хууль тогтоох байгууллагад хэдий чинээ багтааж чадна, тэр хэрээр төлөөллийн ардчиллын зарчим хангагдана. Тодруулбал, нийгмийн олон талт төлөөллийг зүй зохистой хадгалснаар тухайн парламент легитим шинжээ илүү олж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим биеллээ олно. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасан нь хууль тогтоогч өөрийн орны нийгэм, эдийн засаг, улс төр, хууль зүйн шинжтэй дээрх хүчин зүйлсийг цогцоор нь харж тусгасан зохицуулалт юм.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 04 дүгээр дүгнэлтээрээ асуудлыг зөвхөн нэг талаас харж, улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн шинжтэй цогц асуудлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитой үнэлж, дүгнэж чадаагүй байна;
2/Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна." гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 5.1-д "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтыг нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлнэ." гэж заасантай нийцэж байгаа болно.
Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоосон. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт "Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна." гэж заасны дагуу сонгуулийн тойргийг тогтоосон болно.
Монгол Улс нь газар нутаг, хүн амын тооныхоо хувьд тархан суурьшсан өөрийн онцлогтой бөгөөд өнгөрсөн хугацаанд жижиг тойргийн мажоритар сонгуулийн тогтолцоотой холбоотой үүсэж байсан дутагдал, хөгжлийн бодлогын залгамж чанар, үр ашигтай байдалд гарсан сургамжид үндэслэн томсгосон буюу бүсчилсэн сонгуулийн тойргийг байгуулсан.
Томсгосон тойргоор сонгууль явуулж байгаа нөхцөлд тойрогт ногдсон мандатын тоогоор саналын хуудсыг бүтэн бөглөж саналаа өгөх нь сонгогчдыг зөвхөн өөрийн аймаг, сумын нэр дэвшигчээр нь хязгаарлах бус, бусад аймаг, сумдын нэр дэвшигчдийг судлах, харьцуулах, олон нэр дэвшигчдээс сонголт хийх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү шаардлага нь сонгогчид зөвхөн тухайн орон нутгаас нэр дэвшигчдээс сонгох бус, бүс нутгийн төлөөллийг судлах, саналаа өгөх нөхцөлийг бий болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэм зорилгод тусгасан "...үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ..." гэсэнтэй нийцэж байна.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнбол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэснийг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзсэн болно;
3/Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан.
Парламент нь ард түмний төлөөллийн байгууллага болохын хувьд үндэсний эв нэгдлийг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй институтийн нэг болно.
Улсын Их Хурлын сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулж байгаа нөхцөлд улс төрийн нам, нэр дэвшигчдийн хооронд ёс зүйгүй өрсөлдөөн бий болж иргэд, сонгогчид, улмаар улс төрийн намын дотоодод талцал хуваагдал үүсэх эрсдэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг намаас, эсхүл нэг зорилгын төлөө нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, хууль бус сонгуулийн арга хэлбэр ашиглах магадлалтай байдаг. Улсын Их Хурлын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулж байгаа нөхцөлд улс төрийн нам харгалзахгүйгээр хоорондоо өрсөлдөх, улмаар улс төрийн нам, сонгогч иргэдийг талцал хуваагдалд хүргэх эрсдэл өндөр байдаг. Практик дээр нэг улс төрийн намын хэд хэдэн нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг нь сонгосныг буюу саналын хуудсыг дутуу дугуйлсныг хүчинтэйд тооцох нь энэхүү хуваагдлыг бодит утгаар бий болгох үндэс суурь болж, үндэсний эв нэгдэл, ард түмний төлөөллийн байгууллагыг сонгох сонгуулийн үндсэн зарчим алдагдахад хүрнэ. Иймд дээрх бодит эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгасныг анхааран үзэх нь зүйтэй;
4/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасан нь сонгогч өөрийг нь төлөөлж хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллах хүнийг тухайн мандатын тоонд нийцүүлэн сонгосноор чөлөөтэй сонгох эрхээ бүрэн утгаар эдлэх боломж юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно..." гэж заасанчлан сонгогч чөлөөтэй сонгох эрхээ эдлэх нөхцөлийг хуулиар тогтоосон журмын хүрээнд бүрдүүлж буй хэрэг болно.
Хуулийн дээрх заалт нь сонгогчдод сонголт хийх боломжит хувилбарыг санал болгож, сонгогч тэдгээрээс өөрийн хүсэл зоригоор, хөндлөнгийн оролцоо, нөлөөлөлгүйгээр чөлөөтэй сонголтоо хийхэд чиглэсэн зохицуулалт бөгөөд "... дутуу ..." гэсэн нь сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгуульд оролцох, эс оролцохыг албадсан, эсхүл хориглосон аливаа агуулгагүй, мөн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж сонголт хийхэд нь нөлөөлөх утга агуулаагүй болно. Харин дээрх зохицуулалт ёсоор санал огт тэмдэглэгдээгүй хуудсыг хүчинтэйд тооцож байгаа.
Тухайн тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хязгаарласнаар сонгогч бүр саналаа бүрэн илэрхийлэх бөгөөд тухайн тойрогт сонгогдсон төлөөлөгчид нь сонгогчдыг илүү бодитой төлөөлөх нөхцөл бүрдэнэ;
5/Сонгох эрх нь эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг нь сонгогчийг саналаа бүрэн мэдээлэлтэйгээр, хариуцлагатай өгөхөд нь түлхэц болох зохицуулалт юм. Тухайлбал, саналын хуудсыг бүтэн тэмдэглэхийн тулд сонгогч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг илүү нухацтай судлах юм.
Хэрэв тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэх асуудлыг нээлттэй үлдээвэл сонгогчдын сонгуульд оролцох идэвх, оролцоо суларч, төлөөллийн ардчиллын зарчим, парламентын ардчилалд сөргөөр нөлөөлнө гэж хууль тогтоогч үзсэн. Ийнхүү саналын хуудсыг тойрогт ногдсон мандатын тоонд нийцүүлэн бөглөж саналаа өгснөөр тухайн тойргийн нэр дэвшигчдэд тэнцүү боломж олгож, тойрог доторх иргэдийн санал жигд хуваарилагдах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр сонгуулийн томсгосон тойргийн зорилго болох төлөөллийн ардчиллын зарчим хангагдана;
6/Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай (1992 он) хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт "Санал огт тэмдэглээгүй, эсхүл мандатын тооноос дутуу буюу илүү тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн ..." саналын хуудсыг хүчингүйд тооцохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд гаргасан 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээрээ "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудад үнэлэлт хийж үзэхэд Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд сонгогчдын эрх тэгш байх, чөлөөтэйгөөр сонгох эрхийг алдагдуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчив гэх үндэслэл тогтоогдохгүй байна... Маргагч талуудын гомдолд сонгогчид өөрсдийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид нь уг тойргоос сонгох мандатын тоонд хүрэхгүй тохиолдолд сонгохыг хүсээгүй бусад нэр дэвшигчийн төлөө хүчээр санал өгүүлж, сонгуулийн чөлөөт зарчмыг алдагдуулав гэсэн нь тодорхой баримтаар нотлогдохгүй байна... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуультай харшилдав гэж үзсэн иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй байна." гэж шийдвэрлэж байв.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4-т "уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа." гэсэн үндэслэлээр Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргахаар заасан.
Харин Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дээрх 04 дүгээр дүгнэлт хүчин төгөлдөр байхад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгасан нь үндэслэлгүй байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ … энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална." гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Цэцийн шийдвэр нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсны болно…" гэж заасантай тус тус нийцэхгүй байна.
Улмаар 2025 оны 04 дүгээр дүгнэлтээрээ "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн байна." гэж нэг асуудлаар ялгаатай шийдвэр гаргаж, хууль хэрэглээний ойлгомжгүй байдал үүсгэж байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Цэцийн шийдвэр нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд хууль ёсны болно…" гэж заасан болно.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 04 дүгээр дүгнэлтдээ 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийнхээ талаар "тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл, онцлогт нийцсэн" гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэнтэй нийцэхгүй байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх