A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 206

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2, 4 дэх дэд заалт, мөн тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл, боломжийг арилгаж, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

1.1.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуульд нийцээгүй, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, авлига, ашиг сонирхлын зөрчил гарах нөхцөл бүрдүүлсэн, зөвшөөрлийн шинжтэй зохицуулалт агуулсан болон холбогдох хууль тогтоомж шинэчлэн батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл хүчингүй болсонтой холбогдуулан дагаж мөрдөхгүй болсон захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэх;

1.2.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актуудад дүн шинжилгээ хийж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд нийцүүлэх, захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцааг хууль тогтоомжоор зохицуулах хуулийн төслийг боловсруулж, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

1.3.энэ тогтоолын 1.1, 1.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад зөвлөсүгэй.

3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай:

3.1.захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрийг салбар бүрээр ангилж, холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

3.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Парламентын сургалт, судалгааны хүрээлэн болон бусад судалгааны байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах;

3.3.энэ тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, явц, үр дүнг олон нийтэд мэдээлэх.

4.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий төрийн байгууллагын албан хаагчдыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан аргачлал, арга зүйгээр хангаж, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, явц, үр дүнг сар тутам Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР