A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 244

Улаанбаатар хот

МУЗЕЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Музейн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгалийн шинжлэх ухааны олон талт судлалыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, үзмэр, цуглуулгыг эргэлтэд оруулах, байгалийн үнэт зүйлсийн хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах үзэл санааг хүртээмжтэй түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Байгалийн түүхийн музей"-г "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей" болгон өөрчлөн байгуулж, "Үндэсний зэрэглэл" тогтоосугай.

2.Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейг өөрчлөн байгуулсантай холбогдуулан 2026 онд батлагдсан төсөвтөө багтаан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасугай:

2.1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тэнгэрийн аманд шинээр баригдаж байгаа музейн зориулалтын барилгын ажлыг эрчимжүүлж, 2026 онд бүрэн ашиглалтад оруулах;

2.2.музейн үзэл баримтлал, бүтэц, дүрмийг шинэчлэн батлах, музейн сан хөмрөгийг баяжуулах, нүүлгэн шилжүүлэх, үзүүллэгийн танхимыг 2027 онд багтаан нээх, шинээр дэглэх ажлыг зохион байгуулах, музейд ажиллах хүний нөөцийг үе шаттай сургаж бэлтгэн, 2027 онд 252 орон тоотой байхаар тооцох.

3.Музейн барилга байгууламжийг барьж, үйл ажиллагааг эхлүүлэх хугацаанд холбогдох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ