A

A

A

Бүлэг: 1979

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн

 24 тоот тогтоолын хавсралт

 

 

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАТАЛГААЖУУЛАХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж (цаашид "тоног төхөөрөмж гэх")-д баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийх нь дараах зорилготой:

1.1.1.Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, радио давтамжийн холбогдох стандарт, норматив техникийн баримт бичиг, тогтоосон шаардлага хангасныг нотлох;

1.1.2.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтын хэрэгжилтийг хангах;

1.1.3.Тоног төхөөрөмжийг баталгаажуулах, баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын гэрчилгээ олгох, хүчингүй болгох, хэрэгжилтэд хяналт тавих, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах;

1.1.4.Зах зээлд хуурамч болон стандарт шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах;

1.2.Энэхүү журмын хэрэгжилтэд 3 жил тутамд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж сайжруулна.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд (цаашид "Хүсэлт гаргагч" гэх) нь эрх бүхий байгууллагаас баталсан тохирлын баталгаанд хамруулах бүтээгдэхүүний жагсаалтад орсон тоног төхөөрөмжийг заавал баталгаажуулна.

2.2.Энэ журмын 2.1-д зааснаас бусад тоног төхөөрөмжийг сайн дурын үндсэн дээр баталгаажуулна.

Гурав. Баталгаажуулалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим

3.1.Баталгаажуулалтын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.

3.1.1.баримт, нотолгоонд үндэслэсэн байх;

3.1.2.ялгаварлахгүй байх;

3.1.3.шударга байх;

3.1.4.шуурхай, тасралтгүй байх;

3.1.5.нээлттэй, ил тод байх;

Дөрөв. Ерөнхий нөхцөл

4.1.Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх) нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасны дагуу мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх болон нэвтрэх, үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг тогтоосон шаардлагад нийцсэнийг баталгаажуулж, тохирлын гэрчилгээ олгоно.

4.2.Баталгаажуулалтыг хэрэглээгээр нь 3 ангилна. Үүнд:

4.2.1Импортын баталгаажуулалт;

4.2.2.Дотоодын үйлдвэрлэлийн баталгаажуулалт;

4.2.3.Экспортын баталгаажуулалт;

4.3.Тоног төхөөрөмжид нэмэлтээр суурилуулж, түүнд нэгдэн ажиллах боломжтой, эд ангийг дангаар нь баталгаажуулж болно.

4.4.Нэг ижил төрлийн төхөөрөмжүүд буюу загварын дугаарууд нь өөр боловч лабораторийн сорилт туршилт, үйлдвэрлэгчийн мэдэгдэл нь ижил тохиолдолд багц тоног төхөөрөмж гэж үзнэ.

Тав. Хүсэлт гаргах

5.1.Хүсэлт гаргагч нь тоног төхөөрөмжийг баталгаажуулах хүсэлтийг Зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу цаасаар эсвэл цахимаар гаргана.

5.2.Хүсэлт нь монгол хэл дээр байх ба шаардлагатай тохиолдолд хавсаргах баримт бичгийг англи хэл дээр ирүүлж болно.

5.3.Баталгаажуулалт хийлгэх хүсэлтэд дараах баримт бичгүүдийг хавсаргана.

5.3.1.хүсэлт гаргасан үндэслэлийг тодорхойлсон албан бичиг, үйл ажиллагааны танилцуулга, төлөвлөгөө;

5.3.2.хүсэлт гаргагч болон үйлдвэрлэгч эсхүл нийлүүлэгчийн хамтын ажиллагааг баталгаажуулсан баримт;

5.3.3.үйлдвэрлэгч эсхүл нийлүүлэгчийн мэдэгдэл;

5.3.4.баталгаажуулах тоног төхөөрөмжийн мэдээлэл (танилцуулга, хэрэглэгчийн гарын авлага, ашиглалтын заавар, тоног төхөөрөмжийн гадна болон дотоод бүтцийн зураг, блок схем гэх мэт);

5.3.5.холбогдох стандарт, бусад норматив баримт бичгийг хангасан хүчин төгөлдөр хугацаатай сорилт туршилтын дүн;

5.3.6.тохирлын гэрээ болон гэрчилгээний загвар;

5.4.Энэхүү журмын 5.3.5-д заасан сорилт туршилтын дүнд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа (Health & Safety), цахилгаан соронзон зохицоо (Electromagnetic compatibility), радио давтамж (Radio frequency)-ийн мэдээллийг тусгасан байна.

5.5.Лабораторийн сорилт туршилтын дүн нь олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд энэхүү журмын 5.4-т заасан нөхцлийг хангасан гэж үзнэ.

5.6.Зохицуулах хороо нь тоног төхөөрөмжийг баталгаажуулж, тохирлын үнэлгээ хийхэд шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагчаас тоног төхөөрөмжийн дээжийг авч сорилт туршилт хийж болно.

5.7.Энэхүү журмын 5.3-т заасан баримт бичиг бүрдээгүй тохиолдолд бүрдлийг хангуулахаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийг шийдвэрлэх хугацааны дотор шаардлагатай бүрдлийг гаргаж өгөөгүй тохиолдолд тохирлын үнэлгээ хийгдэхгүй.

5.8.Энэхүү журмын 5.3-д заасан бүрдэл хангагдаагүй бол хүсэлт гаргагчид цахимаар мэдэгдэх ба баримт бичгийг буцаан хүргүүлнэ.

Зургаа. Тохирлын үнэлгээ хийх, шийдвэр гаргах

6.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх авсан мэргэшсэн шинжээчийн эрхтэй Зохицуулах хорооны ажилтан нь тохирлын үнэлгээг хийнэ.

6.2.Өмнө нь туршилтад орж байгаагүй шинэ, дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн, үйлдвэрлэлийн явц, газар дээрх үнэлгээ, тоног төхөөрөмжийн дээжид сорилт туршилт хийх шаардлагатай тохиолдолд үнэлгээний ажлын хэсэг байгуулж болно. Ажлын хэсэгт мэргэжлийн, мэргэшсэн этгээдийг татан оролцуулна.

6.3.Мэргэшсэн шинжээч, ажлын хэсэг нь баталгаажуулалтын үйл ажиллагааны явцад олж авсан иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн болон технологийн мэдээллийн нууцыг хадгалж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.

6.4.Мэргэшсэн шинжээч, ажлын хэсэг нь ирүүлсэн баримт бичгийг үнэлэхдээ "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах схем"-ээс тохирохыг сонгож, дүн шинжилгээ хийнэ.

6.5.Баталгаажуулахаар хүсэлт гаргасан тоног төхөөрөмжид хийгдсэн сорилтын дүн нь Монгол Улсын болон Олон улсын стандартыг хангах бөгөөд ажиллах радио давтамж нь Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, Зохицуулах хорооноос баталсан радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага, бусад холбогдох норматив техникийн баримт бичгийг хангасан байна.

6.6.Шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагчийн баталгаажуулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн явцад газар дээрх үнэлгээг хийж болно.

6.7.Мэргэшсэн шинжээч, ажлын хэсэг нь тохирлын үнэлгээний дүгнэлт гаргана.

6.8.Үнэлгээний явцад оролцоогүй ажилтан тохирлын үнэлгээний дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, баталгаажуулна.

6.9.Зохицуулах хороо нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гаргах ба шийдвэр нь Зохицуулах хорооны даргын тушаал байна.

6.10.Тохирлын гэрчилгээ олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

6.11.Тохирлын гэрчилгээг энэхүү журмын Хавсралт 1 "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах схем"-д заасан хугацаагаар олгоно.

6.12.Тохирлын гэрчилгээг хүсэлт гаргагчийн хүсэлтэд үндэслэн монгол эсвэл англи хэл дээр гаргаж өгнө.

6.13.Тохирлын гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

6.13.1.Хүсэлт гаргагчийн нэр, хаяг;

6.13.2.Үйлдвэрлэгчийн нэр, хаяг;

6.13.3.Тоног төхөөрөмжийн нэр, загвар, түүнтэй холбоотой мэдээлэл;

6.13.4.Үйлдвэрлэгч улс;

6.13.5.Тоног төхөөрөмжийн ажиллах радио давтамж, технологи, хангах стандарт;

6.13.6.Сорилт туршилт хийсэн лаборатори болон тайлангийн мэдээлэл;

6.13.7.Тохирлын үнэлгээний шийдвэр, шаардлагатай бол анх тохирлын гэрчилгээ авсан огноо;

6.13.8.Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа;

6.13.9.Баталгаажуулалтын байгууллагын нэр, хаяг;

6.14.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу төлөвлөгөө болон үйлдвэрлэгч эсхүл нийлүүлэгчийн итгэмжлэлийг үндэслэн энэхүү журмын 6.13.1-д заасан мэдээлэлд үйлдвэрлэгч эсхүл нийлүүлэгчийн нэрийг бичиж болно.

6.15.Хэрэв хүсэлт гаргагч нь тохирлын гэрчилгээнд давтан тохирлын үнэлгээ хийлгэх бол хүчинтэй тохирлын гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд хүсэлтийг ирүүлнэ.

6.16.Тохирлын гэрчилгээний бичилт болон түүнтэй адилтгаж болох өөр бусад илэрхий алдааг тохирлын гэрчилгээний үндсэн агуулгыг өөрчлөхгүйгээр Зохицуулах хороо эсхүл тохирлын гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр тохирлын гэрчилгээг засаж болно.

Долоо. Шийдвэрийг мэдэгдэх, гэрээ байгуулах

7.1.Зохицуулах хороо нь хүсэлт гаргагчийн бүртгүүлсэн цахим хаягт тохирлын гэрчилгээ олгож шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

7.2.Хүсэлт гаргагч нь энэхүү журмын 7.1-д заасан мэдэгдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээг хүлээж авна.

7.3.Энэхүү журмын 7.2-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан шийдвэрийг цуцлах үндэслэл болно.

Найм. Магадлан хяналт

 

8.1.Зохицуулах хороо нь тохирлын гэрчилгээ авсан тоног төхөөрөмжүүдэд тохирлын үнэлгээний шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгаа эсэхийг магадлан хяналт хийх замаар нотолж, баримтжуулна.

8.2.Зохицуулах хороо нь дараах аргуудыг цогцоор нь эсхүл аль нэгээр нь магадлан хяналтыг хийнэ:

8.2.1.бүртгэлд суурилсан[1];

8.2.2.эрсдэлд суурилсан[2];

8.2.3.бодит байдалд суурилсан[3];

8.3.Зохицуулах хороо нь "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах схем"-д магадлан хяналт хийхээр заагдсан тохирлын гэрчилгээ эзэмшигчдэд тохирлын гэрчилгээ авснаас хойш нэг жилийн дараагаас эхлэн жил бүр магадлан хяналт хийнэ.

8.4.Эрсдэлд суурилсан магадлан хяналтыг энэхүү журмын 8.3-д заасан хугацааг харгалзахгүйгээр тохирлын гэрчилгээний хүрээнд магадлан хяналт хийж болно.

8.5.Магадлан хяналтыг явуулахаас өмнө тохирлын гэрчилгээ эзэмшигчид урьдчилан мэдэгдэнэ.

8.6.Магадлан  хяналтын үр дүнд үл тохирол илэрсэн тохиолдолд залруулах 30 хоногоос доошгүй хугацаа өгөх ба тухайн хугацаанд үл тохирлыг арилгаагүй бол тохирлын гэрчилгээг хүчингүй болгоно.

8.7.Тохирлын гэрчилгээ хүчингүй болсон тухай шийдвэрийг тохирлын гэрчилгээ эзэмшигч болон Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

8.8.Зохицуулах хороо нь эрсдэлд суурилсан магадлан хяналтыг хийх тохиолдолд тоног төхөөрөмжийг зах зээлээс түүвэрлэн авч итгэмжлэгдсэн лабораторид сорилт туршилтыг хийж, үр дүнг хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

Ес. Тохирлын гэрчилгээг хүчингүй болгох

9.1.Тохирлын гэрчилгээ эзэмшигчийн хүсэлт эсхүл магадлан хяналтын дүнг үндэслэн тохирлын гэрчилгээг хүчингүй болгоно.

9.2.Тохирлын гэрчилгээ эзэмшигчээс давтан үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлээгүй бөгөөд тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг дуусгавар болсонд тооцно.

Арав. Бусад

10.1.Зохицуулах хороо нь тохирлын тэмдэгийг оюуны өмчийн эрхтэйгээр бүртгүүлж ашиглах ба сайн дурын баталгаажуулалт дээр тохирлын тэмдэгийг хэрэглэж болно.

10.2.Зохицуулах хороо нь баталгаажуулалтын шийдвэр болон хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээ эзэмшигчдийн мэдээллийг цахим хуудаст ажлын 5 хоногийн дотор байршуулж, нээлттэй мэдээлнэ.

10.3.Гомдол, маргаан гарсан тохиолдолд холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

--- o0o ---

 

 

 

 

 "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг

баталгаажуулах журам"-ын нэгдүгээр хавсралт

 

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ

БАТАЛГААЖУУЛАХ СХЕМ

 

Схемийн дугаар

Схем 1а

Схем 4

Схем 6

Схем 7

Схемийн хэрэглээ                        

                                                             

       Үйл явц

Импорт (дээжтэй)

Дотоод

Экспорт

Импорт  (дээжгүй)

Тохирлын гэрчилгээний хугацаа

4 жил

4 жил

3 жил

3 жил

  1.  

Хүсэлт болон холбогдох баримт бичгийг хүлээн авах,

иж бүрдэл шалгах

  1.  

Мэргэшсэн шинжээч, ажлын хэсэг томилох

  1.  

Хүсэлтэд дүн шинжилгээ хийх

  1.  

Газар дээрх үнэлгээг хийх

-

-

  1.  

Тоног төхөөрөмжийн дээжид радио давтамжийн сорилт туршилт хийх

-

  1.  

Дүгнэлт гаргах

  1.  

Дүгнэлтэд хяналт тавих

  1.  

Дүн шинжилгээ хийх

  1.  

Шийдвэр гаргах, албажуулах

  1.  

Шийдвэрийг мэдэгдэх

  1.  

Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулах

  1.  

Тохирлын гэрчилгээ, гэрээ олгох

  1.  

Баталгаажуулалтын тэмдэг хэрэглэхийг зөвшөөрөх

  1.  

Магадлан хяналт хийх


 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАТАЛГААЖУУЛАХ СХЕМИЙГ АШИГЛАХ ТАЙЛБАР

 

Тайлбар

Схем 1а

Импортын тоног төхөөрөмж, заавал эсхүл сайн дурын баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй, дээж ирүүлсэн тоног төхөөрөмжид тохирлын үнэлгээ хийхэд энэхүү 1 дүгээр схем хамаарна:

  • Хүсэлтийн иж бүрдлийг шалгаж, баримт бичиг бүрэн тохиолдолд холбогдох стандарт, норм нормативийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
  • Тоног төхөөрөмжийн дээжийг авч радио давтамжийн хэмжилт хийнэ.
  • Энэхүү журмын 5.3-5.6 дахь заалтууд бүрэн хангагдсан нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргана.
  • Дүгнэлтэд хяналт тавьж, баталгаажуулж шийдвэр гаргана.
  • Шийдвэрийг мэдэгдэж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээг олгоно.
  • Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа 4 жил байна.
  • Тохирлын гэрчилгээ олгосноос хойш 1 жилийн дараагаас магадлан хяналт хийнэ.

Схем 4

Дотоодын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, заавал эсхүл сайн дурын баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй, дээж ирүүлсэн тоног төхөөрөмжид тохирлын үнэлгээ хийхэд энэхүү 4 дүгээр схем хамаарна:

  • Хүсэлтийн иж бүрдлийг шалгаж, баримт бичиг бүрэн тохиолдолд холбогдох стандарт, норм нормативийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
  • Тоног төхөөрөмжийн дээжийг авч радио давтамжийн хэмжилт хийнэ.
  • Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн явцад газар дээрх үнэлгээг хийнэ.
  • Энэхүү журмын 5.3-5.6 дахь заалтууд бүрэн хангагдсан нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргана.
  • Дүгнэлтэд хяналт тавьж, баталгаажуулж шийдвэр гаргана.
  • Шийдвэрийг мэдэгдэж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээг олгоно.
  • Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа 4 жил байна.
  • Тохирлын гэрчилгээ олгосноос хойш 1 жилийн дараагаас магадлан хяналт хийнэ.

Схем 6

Экпортод гаргах зорилготой дотоодын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, заавал эсхүл сайн дурын баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй, дээж ирүүлсэн тоног төхөөрөмжид тохирлын үнэлгээ хийхэд энэхүү 6 дугаар схем хамаарна:

  • Хүсэлтийн иж бүрдлийг шалгаж, баримт бичиг бүрэн тохиолдолд холбогдох стандарт, норм нормативийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
  • Тоног төхөөрөмжийн дээжийг авч радио давтамжийн хэмжилт хийнэ.
  • Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж буй үйлдвэрлэлийн явцад газар дээрх үнэлгээг хийнэ.
  • Энэхүү журмын 5.3-5.6 дахь заалтууд бүрэн хангагдсан нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргана.
  • Дүгнэлтэд хяналт тавьж, баталгаажуулж шийдвэр гаргана.
  • Шийдвэрийг мэдэгдэж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээг олгоно.
  • Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна.
  • Тохирлын гэрчилгээ олгосноос хойш 1 жилийн дараагаас магадлан хяналт хийнэ.

Схем 7

Импортын тоног төхөөрөмж, заавал эсхүл сайн дурын баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй, дээж ирүүлэх боломжгүй тоног төхөөрөмжид тохирлын үнэлгээ хийхэд энэхүү 7 дугаар схем хамаарна:

  • Хүсэлтийн иж бүрдлийг шалгаж, баримт бичиг бүрэн тохиолдолд холбогдох стандарт, норм нормативийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
  • Энэхүү журмын 5.3-5.5 дахь заалтууд бүрэн хангагдсан нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргана.
  • Дүгнэлтэд хяналт тавьж, баталгаажуулж шийдвэр гаргана.
  • Шийдвэрийг мэдэгдэж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээг олгоно.
  • Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна.
  • Тохирлын гэрчилгээ олгосноос хойш 1 жилийн дараагаас магадлан хяналт хийнэ.

 

 

 

- - - oOo - - -

 

 


 

[1] Бүртгэлд суурилсан магадлан хяналт гэдэг нь тоног төхөөрөмж баталгаажуулсан бүртгэлийн мэдээлэл, тайлан, мэдүүлэгт үндэслэн хууль тогтоомж, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагааг хэлнэ.

 

 

[2] Эрсдэлд суурилсан магадлан хяналт гэдэг нь эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн тоног төхөөрөмжийн радио давтамж, техникийн үзүүлэлт, ажиллагааны онцлогоос хамаарч хүний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашиг, зах зээл болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх магадлан хяналтын үйл ажиллагааг хэлнэ.

 

 

[3] Бодит байдалд суурилсан магадлан хяналт гэдэг нь тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэрлэлийн үйл явц, бүртгэлийн мэдээлэл хангалтгүй тохиолдолд газар дээр нь очиж магадлан хянах, хэмжилт, сорилт туршилт, нотлох баримт цуглуулах замаар хууль тогтоомж, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагааг хэлнэ.