A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.11 дэх заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-д доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/1 дүгээр зүйлийн 1.3.9 дэх заалт:

"1.3.9."үндсэн ангийн урилга" гэж тухайн суралцагчийг үндсэн хөтөлбөрт суралцах эрхтэй болохыг илэрхийлсэн албан ёсны баримт бичгийг. (Суудал баталгаажуулалт, урьдчилсан төлбөр, даатгал зэрэг шаардлагыг үндсэн ангийн урилгын нөхцөлд тооцохгүй)";

2/5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт:

"5.3.4."Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч.";

3/6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:

"6.6.Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрээр суралцуулах сонгон шалгаруулалтыг Монгол Улсын тал зохион байгуулсан тохиолдолд энэ журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан суралцагчдын нэрсийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авагч улсын талд албан бичгээр илгээнэ. Харин сонгон шалгаруулалтыг хүлээн авагч улс зохион байгуулсан тохиолдолд зохион байгуулагчаас ирүүлсэн сонгон шалгаруулалтын дүгнэлтэд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.".

2.Мөн журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг:

"1.2.Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.";

2/3 дугаар зүйлийн 3.2.9 дэх заалт:

"3.2.9.гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг";

3/3 дугаар зүйлийн 3.10.2 дахь заалт:

"3.10.2.сургалтын тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэлх оноо. (Үүнд амьжиргаа, дотуур байр, судалгааны зориулалтын тэтгэлэг, хөнгөлөлт хамаарахгүй)";

4/3 дугаар зүйлийн 3.10.3 дахь заалт:

"3.10.3.сургалтын төлбөрийн нийт хэмжээг үндэслэн 35 хүртэл оноо. (Үнэлгээнд сургалтын төлбөрөөс сургалтын тэтгэлгийг хассан дүнгээс тооцно)";

5/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

"7.1.Монгол Улсад дутагдалтай зарим мэргэжлийн чиглэлээр дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт, гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.";

6/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:

"7.3.Энэ журмын 7.2.4-т заасан мэргэжлээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт суралцагчид тэтгэлэг олгоно. Уг тэтгэлэгт тусдаа сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй бөгөөд тухайн жилд энэхүү журмын дагуу зарласан зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг үнэлэхэд оноо нэмэх давуу нөхцөл болгон харгалзан үзэж болно.";

7/10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:

"10.7.Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн нийт хэмжээгээр, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрөөс сургалтын тэтгэлгийн хэмжээг хасаж үлдэх дүнгээр сургалтын төлбөрийн зээл олгоно. Амьжиргаа, дотуур байр, судалгаа болон бусад зориулалтын төлбөрт зээл олгохгүй.".

3.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн "Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас" гэснийг "гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж, 2 дугаар зүйлийн 2.2.5, 5 дугаар зүйлийн 5.6.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсгийн "...өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй" гэснийг "...өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн" гэж, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн "ажлын 5 өдрийн дотор" гэснийг "ажлын 3 өдөрт" гэж, 3.12 дахь хэсгийн "...санд хүлээлгэн өгнө." гэснийг "...боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ." гэж, 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийн "...өмнөх улиралд авсан голч дүн тухайн сургалтын байгууллагын үнэлгээний 75 хувиас доошгүй оноо авсан" гэснийг "...өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн" гэж, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн "...авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй" гэснийг "...өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн" гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн "...өмнөх улиралд авсан голч дүн тухайн сургалтын байгууллагын үнэлгээний 75 хувиас доошгүй оноо авсан" гэснийг "...өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн" гэж, 10.12 дахь хэсгийн "...авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй" гэснийг "...өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР