A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны 05 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амийг аврах зорилгоор сайн дураар цусаа үнэ төлбөргүй өгөх болон цусны донорын үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, бодлого, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Цусны донорын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Цусны донорын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амийг аврах зорилгоор цусны донорын үйл ажиллагааг зохион байгуулах, цусны аюулгүй байдлыг хангах, цус сэлбэлт судлалын салбарын бодлого, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийг хамгаалах, амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."цусны донорын үйл ажиллагаа" гэж цусны донорын сургалт, сурталчилгаа, элсүүлэлт, цусны донор сонгох, цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх болон цусны аюулгүй байдал, сонор сэрэмжийн тогтолцоотой холбоотой цогц үйл ажиллагааг;

4.1.2."цусны донор" гэж хүний амийг аврах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сайн дураар цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн хүнийг;

4.1.3."цусны байнгын донор" гэж жил бүр тогтмол буюу жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгсөн хүнийг;

4.1.4."цус, цусны бүрэлдэхүүн хэсэг" гэж цус, цусны сийвэн, улаан эс, ялтаст эсийг;

4.1.5."цусны ховор бүлэг" гэж хүн амын дунд цөөн тохиолддог цусны бүлгийг;

4.1.6."цус, цусан бүтээгдэхүүн" гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;

4.1.7."сэлбүүлэгч" гэж цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;

4.1.8."цусны аюулгүй байдал" гэж цусны донорт элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд хууль тогтоомж, стандартын шаардлага бүрэн хангагдсан байдлыг;

4.1.9."цусны бэлдмэл" гэж цусны сийвэнгээс үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн эмчилгээний бэлдмэлийг;

4.1.10."цусны сонор сэрэмжийн тогтолцоо" гэж цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг авах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх явцад гарах сөрөг урвал, хүндрэлийг илрүүлэх, шуурхай арга хэмжээ авах, сэргийлэх цогц үйл ажиллагааг.

5 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Цусны донорын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль, хүний эрхийг дээдлэх;

5.1.2.сайн дурын, авлагагүй байх;

5.1.3.чанар, аюулгүй байдлыг хангах;

5.1.4.цусны донор, сэлбүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах;

5.1.5.хүний хувийн, эмзэг мэдээллийг хамгаалах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт

Хэвлэх

6.1.Цусны донорын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдал болон нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай холбоотой төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох төрийн байгууллага хэрэгжүүлнэ.

6.2.Цус сэлбэлт судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд[5] заасны дагуу олгоно.

7 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Цусны донорын үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлын талаар баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

7.1.2.Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

7.1.3.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдон гарах санхүүжилтийг шийдвэрлэх;

7.1.4.гамшгийн болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;

7.1.5."Цусны хүндэт донор" цол тэмдгээр шагнах;

7.1.6.цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

7.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

8.1.Цусны донорын үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.цусны донорын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

8.1.2.цусны донорын үйл ажиллагааны талаар баримтлах бодлого боловсруулах, удирдлага, зохион байгуулалтаар хангах;

8.1.3.цусны чанар, аюулгүй байдлыг хангах, цусны донорын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.4.цусны донорт олгох илчлэг нөхөх хоол, хүнсний бүтээгдэхүүний зардлын хэмжээг батлах;

8.1.5.цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, нийгмийн баталгааг хангах талаар санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.1.6.цус сэлбэлт судлалын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх;

8.1.7.цусны донорын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх болон өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийг дэмжих санд тусгах;

8.1.8.хуульд заасан бусад чиг үүрэг.

8.2.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дараах бүрэн эрхтэй:

9.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх, цусны донорыг алдаршуулах, урамшуулах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

9.1.2.гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, тэднийг удирдлага, зохион байгуулалтаар хангах.

10 дугаар зүйл.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага, түүний чиг үүрэг

Хэвлэх

10.1.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай мэргэжлийн төв байна.

10.2.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16.15-д заасан чиг үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.2.1.цусны донорын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

10.2.2.цусны донорын сургалт, сурталчилгаа, донорын эгнээг өргөжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэнтэй хамтран зохион байгуулах;

10.2.3.цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, цусны бүлэг тодорхойлох, бүтээгдэхүүнд чанарын хяналтын болон бусад шинжилгээ хийх;

10.2.4.цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг боловсруулах;

10.2.5.цусны бэлдмэл үйлдвэрлэх;

10.2.6.цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангах;

10.2.7.цусаа өгсөн тухай тодорхойлолт олгох;

10.2.8.цусны донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй хамтран зохион байгуулах;

10.2.9.энэ хуулийн 16.5-д заасан цусны донорыг Засгийн газрын шагнал болон бусад шагналд нэр дэвшүүлэх саналаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

10.2.10.цусны байнгын донорт тэмдэг олгох;

10.2.11.цусны донорын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.2.12.цусны донорын үйл ажиллагааны мэдээ, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх.

10.3.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлд шаардагдах төсвийн зардлаа жил бүрийн улсын төсөвт тусгуулахаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

10.4.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь дараах байгууллагатай хамтран ажиллана:

10.4.1.эрүүл мэндийн байгууллага;

10.4.2.төрийн болон төрийн бус байгууллага;

10.4.3.аж ахуйн нэгж, байгууллага;

10.4.4.хуульд заасан бусад байгууллага.

11 дүгээр зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн чиг үүрэг

Хэвлэх

11.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.3, 15.1.5, 15.1.6, 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан эрүүл мэндийн байгууллага нь цусны донорын үйл ажиллагаанд оролцоно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд цусны донорын үйл ажиллагаа, цусны чанар, аюулгүй байдлыг хангах, журам, стандарт, зааврыг мөрдөнө.

12 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

Хэвлэх

12.1.Цусны донорын үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

12.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, донор элсүүлэх үйл ажиллагааг дэмжих;

12.1.2.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорт Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан олговор олгох;

12.1.3.Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай албан хаагч цусны донорыг цусаа өгсөн өдөр энэ хуулийн 10.2.7-д заасан тодорхойлолтыг үндэслэн харуул, манаа, тусгай бэлтгэл сургуулилтаас чөлөөлөх;

12.1.4.цусны донорын үйл ажиллагааны талаар нийгэмд чиглэсэн ашгийн бус сурталчилгаа явуулах.

13 дугаар зүйл.Санхүүжилтийн тогтолцоо

Хэвлэх

13.1.Цусны донорын үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэн, олон улсын байгууллагын хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

13.2.Цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдсэн санхүүжилтийг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.5-д заасны дагуу зарцуулна.

13.3.Цус, цусан бүтээгдэхүүний төлбөрийн жишиг хэмжээг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

13.4.Цус сэлбэлт судлалын салбарт ажиллагсдад Төрийн албаны тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуульд заасан нэмэгдлээс гадна албан тушаалын үндсэн цалингаас тооцож сар бүр албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.

13.5.Энэ хуулийн 13.4-т заасан нэмэгдэл олгохтой холбогдох журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЦУСНЫ ДОНОР, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН

АЖИЛТАНД ТАВИХ ШААРДЛАГА, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРЭГ

14 дүгээр зүйл.Цусны донорт тавих шаардлага, түүний эрх, үүрэг

Хэвлэх

14.1.Цусны донор нь дараах шаардлагыг хангасан байна:

14.1.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураар, авлагагүйгээр өгөхийг зөвшөөрсөн байх;

14.1.2.иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх;

14.1.3.эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг хангасан байх.

14.2.Цусны донор нь дараах эрхтэй:

14.2.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөнтэй холбоотой гарч болзошгүй сөрөг урвалын талаар мэдээлэл, зөвлөгөө авах;

14.2.2.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд сайн дураар оролцох;

14.2.3.хуульд заасан бусад эрх.

14.3.Цусны донор нь дараах үүрэгтэй:

14.3.1.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 18.2.7-д заасан мэдээллийг холбогдох эмнэлгийн мэргэжилтэнд үзүүлэх;

14.3.2.өөрийн эрүүл мэндийн байдлыг асуумжийн дагуу үнэн зөв мэдээлэх;

14.3.3.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөхийн өмнөх үзлэг, шинжилгээнд хамрагдах;

14.3.4.эмнэлгийн мэргэжилтний өгсөн зөвлөмжийг мөрдөх;

14.3.5.хуульд заасан бусад үүрэг.

15 дугаар зүйл.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг

Хэвлэх

15.1.Хүний амийг аврах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэхдээ сэлбүүлэгч эрх зүйн бүрэн чадамжтай бол өөрөөс нь, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй сэлбүүлэгчийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл авсан байна.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг авахдаа цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага, сэлбэх явцад гарах үр дагаврын талаар сэлбүүлэгчид урьдчилан танилцуулсан байна.

15.3.Амь тэнссэн үед, эсхүл энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг авах боломжгүй тохиолдолд холбогдох журам, зааврыг баримтлан цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэнэ.

15.4.Цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон холбогдох хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЦУСНЫ ДОНОРЫН ҮЙЛСИЙГ СУРТАЛЧЛАХ, ДЭМЖИХ

16 дугаар зүйл.Цусны донорын үйлсийг сурталчлах, урамшуулах, дэмжлэг үзүүлэх

Хэвлэх

16.1.Цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах үйл ажиллагааг Монголын улаан загалмай нийгэмлэг нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллага нь цусны донорыг элсүүлэх, сургалт, сурталчилгаа явуулахад нь цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ.

16.3.Цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах үйл ажиллагаанд сайн дурын ажилтан, иргэн оролцож болно.

16.4.Цусны байнгын донорт цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн тооноос хамаарч цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагаас баталсан журмын дагуу энэ хуулийн 10.2.10-т заасан тэмдгийг олгоно.

16.5."Цусны хүндэт донор" цол тэмдгээр дараах шалгуурыг хангасан цусны донорыг шагнаж, алдаршуулна:

16.5.1.цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 50 болон түүнээс дээш удаа өгсөн;

16.5.2.цусаа 35 болон түүнээс дээш удаа өгсөн;

16.5.3.ховор бүлгийн цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ 25 болон түүнээс дээш удаа өгсөн.

16.6.Цусны донорыг алдаршуулах, урамшуулах зорилгоор мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг, тусламжийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага үзүүлж болно.

16.7.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн цусны донорт илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хоолоор үйлчилнэ.

16.8."Цусны хүндэт донор" цол тэмдгээр шагнагдсан цусны донор магадлан итгэмжлэгдсэн дотоодын сувилалд Засгийн газраас тогтоосон сувиллын жишиг үнийн дагуу жилд нэг удаа сувилуулах бөгөөд холбогдох журмыг гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.9."Цусны хүндэт донор" цол тэмдгээр шагнагдсан цусны донор аймаг, нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино.

16.10."Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүндэт донор", "Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүндэт донор" цол тэмдэгтэй иргэнд энэ хуулийн 16.8, 16.9-д заасан дэмжлэгийг үзүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ДОНОРООС ЦУС, ЦУСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ЦУГЛУУЛАХ,

ШИНЖЛЭХ, БОЛОВСРУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХЭРЭГЛЭХ

17 дугаар зүйл.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх

Хэвлэх

17.1.Цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 15.1.7, 15.1.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.

17.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.12-т заасан эрүүл мэндийн байгууллага нь цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, боловсруулах зориулалтаар тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглан энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.

17.3.Цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг цусны донорын үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэнэ.

17.4.Энэ хуулийн 11.1-д заасан эрүүл мэндийн байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл үүссэн тохиолдлыг цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

17.5.Цус, цусан бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 37.3-т заасан журмын дагуу судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглаж болно.

18 дугаар зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, цусны бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх

Хэвлэх

18.1.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу чанар, аюулгүй байдлыг хангасан цус, цусан бүтээгдэхүүн, цусны бэлдмэлийг экспортолж, импортолж болно.

18.2.Цус, цусан бүтээгдэхүүн, цусны бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ГАМШИГ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАА

19 дүгээр зүйл.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн зохицуулалт

Хэвлэх

19.1.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах ажлыг улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, тодорхой нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед орон нутгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан зохион байгуулалттай холбоотой зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ЦУСНЫ ДОНОРЫН МЭДЭЭЛЛИЙН САН

20 дугаар зүйл.Цусны донорын мэдээллийн сан

Хэвлэх

20.1.Цусны донорын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зорилгоор цусны донорын мэдээллийн сантай байна.

20.2.Цусны донорын мэдээллийн сан байгуулах, ажиллах журмыг эрүүл мэндийн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан мэдээллийн сангийн үйл ажиллагаа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн байна.

20.4.Цусны донорын мэдээллийн сан нь эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй холбогдсон байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Хуулийн биелэлтэд хяналт тавих

Хэвлэх

21.1.Цусны донорын хууль тогтоомжийн биелэлтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.

22 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

22.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

Хэвлэх

23.1.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэлтэй холбоотой энэ хуулийн 7.1.6, 8.1.4 дэх заалт, 13.4 дэх хэсгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ