- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2026-2027 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 286
Улаанбаатар хот
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2026-2027 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 1 дүгээр хавсралт, аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд үүрэг болгосугай:
2.1.хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян)-т;
2.2.мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг бүрдүүлж, тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т, мал, амьтны халдварт, болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.3.улсын тусгай хэрэгцээний газарт отроор өвөлжиж, хаваржих малын тоо, малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, тогтоосон чиглэлийн дагуу отор нүүдлийг зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.4.орон нутгаас гаргасан судалгаа, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн улсын тусгай хэрэгцээний газарт малчдыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т;
2.5.отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй шуурхай хүргэх, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг 14 хоног тутам гаргаж, нөөц бүрдүүлэх, тасалдлаас сэргийлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт;
2.6.ургацын урьдчилсан балансыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад;
2.7.ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх, тээвэрлэхэд шаардагдах шатахуун, шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлэх, тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газар (П.Баянбаатар)-т, ургац хураалтын үед тариалангийн талбайд мал оруулахгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг тариалан бүхий аймгийн Засаг дарга нарт;
2.8.ургац хураалтын ажилд мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.9.хүнсний улаанбуудайн стратегийн болон 2027 онд тариалах үрийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад;
2.10.цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, зам, гүүрний засварын ажилд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга нарт;
2.11.ургац хураалт, мал, мах бэлтгэлийн хугацаанд хяналтын цэгээр дамжин өнгөрөх өвс, тэжээл, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хяналтыг малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд), Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл)-т;
2.12.хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох зөвшөөрөл бүхий хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т, бараа, бүтээгдэхүүний хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Х.Алтангэрэл), Ургамал хамгааллын газар (Э.Уламбаатар)-т.
3.Энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны нөөцийг 2026 оны 11 дүгээр сард багтаан бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, мах бэлтгэх, нийлүүлэх, хадгалах, худалдах бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран)-т;
4.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
5.Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын нэгдсэн дүнг 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН
ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Хянасан:
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх