A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 103

Бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгах нь:

а/бэлгийн замын халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах оношлуур, эм, бэлгэвчээр төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг үе шаттайгаар хангах арга хэмжээг авсугай;

б/Баянхонгор, Хэнтий, Дорнод аймгуудад бэлгийн замын халдварт болон үрэвсэлт өвчин нэмэгдэж байгаа шалтгааныг судлан тогтоох, оношлох, эмчлэн эрүүлжүүлэх мэргэжлийн хэсгийг 1999 оны Ш улиралд багтаан ажиллуулсугай;

в/улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний түвшинг тогтоож, өвчний тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

г/Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас орон нутаг, нийслэлд хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилтай уялдуулан зохион байгуулсугай.

2.Бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, нийгмээ хамгаалах сэтгэл зүйг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хүн амын дунд зохион байгуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Гэгээрлийн сайд А.Баттөр нарт даалгасугай.

3.Бэлгийн замын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох зорилгоор эмчилгээ, оношилгоо, сэргийлэх болон сурталчилгааны арга хэмжээнд зориулан 77.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

4.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар хийх ажлын үндсэн чиглэлийг боловсруулан, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2000 оны төсөвт тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлсүгэй;

б/бэлгийн замын халдварт өвчин цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан эдгээр өвчнийг илрүүлэх, эмчлэх мэргэжлийн хэсгийг өвчлөлийн түвшин өндөр байгаа сумдад ажиллуулж, өвчтөнийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ тогтоолын 4 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй.

6.Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах талаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, олон улсын байгууллага болон гадаад орны төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган дүнг Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Эрүүл мэнд, нийгмийн

хамгааллын сайд С.СОНИН

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ