- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ ТУХАЙ
Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын байгууллагын мэргэжилтнүүдээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын гоц халдварт өвчний цагийн байдалтай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоосугай:
а/Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Хангал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн онцгой дэглэмийг хорио цээрийн хязгаарлалтын дэглэм болгон тус тус өөрчлөх;
б/Орхон аймгийн Баян-Өндөр, Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат, Сант, Орхон, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг цуцлах.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "а"-д заасан сумдын нутгийн захиргааны болон хууль хяналтын байгууллага, иргэний хамгаалалтын албадын үйл ажиллагааг зохих журам, удирдамжийн дагуу иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, харуул хамгаалалтыг зохион байгуулан хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг сахиулах, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж зохицуулах, ариутгал хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга К.Даулетбай, М.Оюунбат, Р.Нямсүрэн нарт даалгасугай.
З. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдамж, зөвлөлгөөгөөр хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржин нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлээс бусад зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
/Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор дээрх зүйл заалтыг хүчингүй болгосон/
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
