A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин, материаллаг баазад тулгуурлан Дорнод, Өвөрхангай, Ховд аймагт Эрүүл мэндийн яамны харьяа Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг байгуулан тэдгээрийн үйлчлэх хүрээний аймаг, сумыг 1 дүгээр хавсралт,Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдийн барилга, инженерийн шугам сүлжээг засварлах, эрчим хүчээр найдвартай хангах нөөц эх үүсгүүртэй болгох, эмч, мэргэжилтнийг орон сууцаар хангах, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд онгоц, нисдэг тэрэг ашиглах, алсын зайны оношлогооны аргыг нэвтрүүлэх асуудлыг судалж санал боловсруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

3. Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн зорилт, чиг үүрэг,үйлчилгээг олон нийтэд сурталчлах, шаардлагатай боловсон хүчин, түргэн тусламжийн машин, эмнэлгийн багаж хэрэгсэл болон мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээ авч үйл ажиллагааны нь үр дүнг 2002 оны 9 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.

4. Үйлчлэх хүрээний аймаг, сумаас ирсэн өвчтөн, түүний ар гэрийхэнд үйлчлэх нөхцөл боломж бүрдүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Дорнод, Өвөрхангай, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

(2011-05-11-ний 156-р тогтоолоор 1-р хавсралтад өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА