- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХИМИЙН БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын
2003 оны 337 дугаар тушаалын хавсралт
ХИМИЙН БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Химийн бодис үйлдвэрлэх, импортлох түүнчлэн ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавихад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Олон улсын гэрээнд өөрөөр заагдаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
1.3. Химийн бодис улсын хилээр оруулж байгаа болон үйлдвэрлэж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавих үүргийг Улсын мэргэжлийн хяналтын газрын бүх шатны байгууллагын байгаль орчны хяналтын улсын байцаагчид гүйцэтгэнэ.
1.4. Аж ахуйн нэгж, байгууллагуудын химийн бодис үйлдвэрлэсэн, ашигласны улмаас ус, хөрс, агаарт болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмээ авсан эсэхэд мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн улсын байцагч хяналт тавина.
1.5. Аж ахуйн нэгж, байгууллагуудын химийн бодис үйлдвэрлэх, ашиглах, хадгалах байрны хөдөлмөрийн нөхцөл болон техникийн аюулгүй ажиллагаа нь улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагч хяналт тавина.
1.6. Химийн бодис үйлдвэрлэх, импортлох, ашиглах үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дотоодын хяналт тавихын зэрэгцээ олон нийтийн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж, санал хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.
1.7. Химийн бодис тээвэрлэх, хадгалах, устгах үйл ажиллагаанд тавих хяналтыг 2002 онд Засгийн газрын 135 дугаар тогтоолоор баталсан “Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах устгах журам”-ын дагуу гүйцэтгэнэ.
Хоёр. Үйлдвэрлэхэд тавих хяналт
2.1. Химийн бодис үйлдвэрлэх үйл ажиллагаанд дараахь байдлаар хяналт тавина. Үүнд:
2.1.1. химийн бодис шинээр үйлдвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага уг бодисын шинж чанар, нөлөөллийн талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагын /химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл/ дүгнэлт гаргуулсан эсэх;
2.1.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага онцгой хортой, онцгой исэлдүүлэгч, онцгой цочроомтгой, онцгой шатамхай, онцгой тэсрэмтгий, онцгой идэмхий химийн бодис үйлдвэрлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байдал;
2.1.3. аж ахуйн нэгж, байгууллага, онцгой хортой бодис үйлдвэрлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан эсэх;
2.1.4. аж ахуйн нэгж, байгууллага хортой, бага хортой химийн бодис үйлдвэрлэхдээ аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх химийн бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөл авсан эсэх;
2.1.5. химийн бодис шинээр үйлдвэрлэх тоног төхөөрөмж, урвалж, түүхий эд, багаж хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчинтэй эсэх;
2.1.6. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь химийн хорт бодисын үндэсний ангилалд багтаж байгаа болон чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх;
Гурав. Импортлоход тавих хяналт
3.1. Химийн бодис импортлох үйл ажиллагаанд дараахь байдлаар хяналт тавина. Үүнд:
3.1.1. онцгой хортой, онцгой исэлдүүлэгч, онцгой цочроомтгой, онцгой шатамхай, онцгой тэсрэмтгий, онцгой идэмхий химийн бодис импортолж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уг асуудлаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байдал;
3.1.2. хортой, бага хортой химийн бодис импортолж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уг асуудлаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөл авч, шийдвэр гаргуулсан байдал;
3.1.3. озон задалдаг бодис, түүнийг агуулсан тоног төхөөрөмж импортлох аж ахуйн нэгж, байгууллагууд нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан эсэх;
3.1.4. импортоор оруулж ирж байгаа химийн бодис нь чанар, стандартын шаардлага хангасан тухай баримт бичгийн бүрдэл лабораторийн шинжилгээ хийж баталгаажсан байдал;
3.1.5. импортлох бодис нь улсын эрх бүхий байгууллагаас олгосон чанарын болон шинжилгээний сертификат авсан эсэх;
3.1.6. импортоор оруулж ирж байгаа химийн бодис нь нэр төрөл, тоо хэмжээний хувьд 2 талын гэрээгээр хүлээсэн шаардлагад нийцэж байгаа эсэх;
3.1.7. Монгол Улсад хэрэглэхийг хориглосон болон хязгаарласан, мөн олон улсын гэрээ конвенцээр хориглосон химийн бодис мөн эсэх.
Дөрөв. Ашиглахад тавих хяналт
4.1.Химийн бодис ашиглах үйл ажиллагаанд дараахь байдлаар хяналт тавина. Үүнд:
4.1.1. онцгой хортой, онцгой исэлдүүлэгч, онцгой цочроомтгой, онцгой шатамхай, онцгой тэсрэмтгий, онцгой идэмхий химийн бодис ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь энэ талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан эсэх;
4.1.2. хортой, бага хортой химийн бодис хэрэглэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь холбогдох шатны Засаг даргаас зөвшөөрөл авч шийдвэр гаргуулсан эсэх;
4.1.3.химийн бодисыг ашиглах технологийн болон аюулгүй ажиллагааны заавар, дүрэмтэй эсэх;
4.1.4.үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа химийн бодисын хор аюулын талаар лавлах материал хөтөлсөн байдал;
4.1.5. химийн бодисын хүлээн авалт, ашиглалт, зарцуулалтын тайлан бүртгэл хөтөлсөн байдал, жилийн эцсийн тайлан мэдээг холбогдох газарт өгч байгаа эсэх;
4.1.6.үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа химийн бодис нь чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх;
4.1.7.химийн хорт бодис ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх;
4.1.8. химийн бодис ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөр хамгааллын аюулгүйн нөхцөл, шаардлагыг хангасан зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;
4.1.9. ажлын байранд стандартаар тогтоосон хэм хэмжээ болон байгаль орчинд хүлцэх хэмжээнээс хэтрүүлж химийн хорт бодис гаргаж байгаа эсэх;
4.1.10.чанарын шаардлага хангасан химийн бодисыг нэр төрөл, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх;
4.1.11. химийн бодис ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулснаас агаар, хөрс, усны шинж чанарт үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.
Тав. Бусад зүйл
5.1. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эсхүл эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй оруулж ирсэн химийн бодисыг Улсын мэргэжлийн хяналтын газрын хилийн мэргэжлийн хяналтын албаны болон гаалийн улсын байцаагчид шаардлагатай тохиолдолд хураан авч, улсын орлого болгоно.
5.2. Химийн бодис үйлдвэрлэх, импортлох, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь энэ журмыг зөрчсөн тохиолдолд байгаль орчны болон химийн бодисоос хамгаалах хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A