A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн  2004 оны 12 дугаар тогтоолын хавсралт

 ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ

 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөц(цаашид “төрийн жинхэнэ албаны нөөц” гэх)-ийг бүрдүүлэх, түүгээр төрийн сонирхогч байгууллагад үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлана.
2.Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчилгээ үзүүлэх ажлын зорилго нь төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд  мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл,  ур чадвар, туршлага бүхий төрийн албан хаагч, иргэнийг нөөцийн жагсаалтад бүртгэн төрийн сонирхогч байгууллагад үйлчилгээ үзүүлэх замаар төрийн албаны зорилт, чиг үүргийг үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3. Төрийн жинхэнэ албаны нөөцийн талаарх мэдээлэл нь  Төрийн албаны тухай хуулийн 37.3-т заасны дагуу төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн бүрэлдэхүүн хэсэг байна.
 
Хоёр. Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүрэлдэхүүн
 
4.Төрийн жинхэнэ албаны нөөц нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
4.1.Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц;
                Төрийн албаны тухай хуулийн 17.9.-д заасны дагуу төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн дагуу бүртгэсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц;
       4.2.Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.2, 23.4-т заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөц;
4.3. ”Журам батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөц.
 

Гурав. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, хөдөлгөөн, баяжилт хийх

 
5.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ”Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр тогтоолоор баталсан ”Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журам”-ын “Арван хоёр”-ын 3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн баталсан төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлийг энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу үйлдэж, төрийн жинхэнэ албаны нөөцийн санд оруулан дор дурдсан журмаар баяжилт, хөдөлгөөн хийнэ:
5.1.Төрийн захиргааны төв, төрийн бусад байгууллагын төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн  бүртгэлийг төрийн албаны зөвлөл;
5.2. Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн  бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл;
6.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа иргэнийг дор дурдсан тохиолдолд төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасаж, нөөцийн бүртгэлд тухай бүр тэмдэглэж байна.
1/Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон;
2/Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
3/Тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн;
4/Нас барсан болон бусад шалтгаанаар нөөцөд байлгах шаардлагагүй болсон зэрэг.
7.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Ес”-ийн  32-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл (түүний салбар зөвлөл)-өөс гаргасан шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийг энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу үйлдэж, дор дурдсан журмаар баяжилт, хөдөлгөөн хийнэ:
7.1. “Журам батлах тухай” Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтыг  Төрийн албаны зөвлөл;
7.2. “Журам батлах тухай” Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтыг Төрийн албаны салбар зөвлөл;
8.Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэнийг дор дурдсан тохиолдолд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөөс хасаж, энэ тухай тэмдэглэлийг нөөцийн бүртгэлд тухай бүр хийж байна:
1/Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай  Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн  шийдвэр  хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон;
2/Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон;
3/Өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн;
4/Нас барсан болон бусад шалтгаанаар нөөцөд байлгах шаардлагагүй болсон бусад тохиолдол зэрэг.
9.Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.2, 23.4-т заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтыг тус тусын харьяаллын дагуу энэ журмын 3 дугаар хавсралтаар үйлдэж байна.
10.Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийг жил бүрийн 3 дугаар улиралд багтаан шинэчилж,  нөөцөөс хассан хүмүүсийн  бүртгэлийг энэ журмын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу тусд нь үйлдэж архивт шилжүүлж байна.
11.Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлийг төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага болон мэргэжлийн чиглэл бүрээр төрөлжүүлэн энэхүү журмын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу үйлдэж, компьютерын санд оруулах бөгөөд тус бүрээс нэг хувийг Төрийн албаны зөвлөлд ирүүлж байна.
12.Төрийн захиргааны төв байгууллагын нөөцийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн санд, нутгийн захиргааны байгууллагынхыг аймаг, нийслэлийн  Засаг даргын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн мэдээллийн санд, төрийн тусгай албаны нөөцийн жагсаалтыг тус тусын салбар зөвлөлийн мэдээллийн санд хадгална.
 
Дөрөв. Төрийн жинхэнэ албаны нөөцөөр үйлчилгээ үзүүлэх
 
13.Төрийн бүх шатны байгууллагын болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын  захиалгаар төрийн жинхэнэ албаны нөөцөөр үйлчилгээ үзүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл, түүний  салбар зөвлөл гүйцэтгэнэ.
13.1.Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа хүмүүсийн талаар тухайн байгууллагын хүсэлтээр холбогдох мэдээлэл өгөх;
13.2. Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа хүмүүсийн биеийн байцаалт (Маягт 1) болон бусад холбогдох материалтай танилцах боломж болгох;
13.3. Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа хүмүүсийг ажлын байраар хангаж, тодорхой албан утшаалд томилсон тохиолдолд тухайн хүний биеийн байцаалт (маягт 1) болон холбогдох бусад материалыг хувилж авахыг зөвшөөрөх. 
13.4.Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (маягт 1)-ыг компьютерийн программ хангамжид оруулж, түүгээр үйлчилгээ үзүүлж болно.
14.Төрийн жинхэнэ албан тушаал(ажлын байр)-ын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 17.4-т заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулж тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа Төрийн албаны зөвлөл (түүний салбар зөвлөл)-д  бичгээр ирүүлнэ.
15.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 17.1 болон
 “Журам батлах тухай”  Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  14-ийн “б”-д заасныг үндэслэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулж тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа Төрийн албаны зөвлөл (түүний салбар зөвлөл)-д  бичгээр ирүүлнэ.
16.Томилох эрх бүхий этгээд нь захиалгадаа тухайн албан тушаал (ажлын байр)-ын нэр, ангилал, зэрэглэл, тухайн албан тушаалыг эрхлэх  ерөнхий (мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэжил, мэргэшил)  болон тусгай шаардлагуудыг бүгдийг буюу эсхүл заримыг нь тусгаж болох бөгөөд  шаардлагатай гэж үзвэл ажлын байрны тодорхойлолтыг ирүүлж болно.
17.Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, түүний салбар зөвлөл нь ирүүлсэн захиалга, тухайн ажлын байранд тавих шаардлагатай нийцүүлэн энэхүү журмын 5.1, 5.2;  7.1, 7.2-т дурдсан нөөцийн бүртгэлд байгаа иргэн, төрийн албан хаагчдаас сонгосон хүмүүсийн энэ журмын 1, 2, 3 дугаар хавсралтын дагуу гаргасан товч судалгааг  томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
18.Томилох эрх бүхий этгээд нь  энэхүү товч судалгааг үндэслэн шаардлагатай гэж үзсэн иргэн, төрийн албан хаагчийн биеийн байцаалт, холбогдох бусад материалыг Төрийн албаны зөвлөл (түүний салбар зөвлөл)-өөс авч танилцаж болно.
19.Томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөл (түүний салбар зөвлөл)-ийн нөөцөд байсан иргэн, төрийн албан хаагчдаас тухайн албан тушаалд томилсон бол энэ тухай шийдвэрийг албан бичгийн хамт Төрийн албаны зөвлөл (түүний салбар) зөвлөлд ирүүлнэ.