- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 1-р хавсралт
ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
1.Дайчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Дайчилгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дайчилгааны зарлан мэдээлэл /цаашид "зарлан мэдээлэл" гэнэ/-ийг шуурхай хүргэх, түгээхэд журмын зорилго оршино.
3.Зарлан мэдээллийг төрлөөр нь бүх нийтийн, хэсэгчилсэн, сургалтын, сургуулийн, хэлбэрээр нь нууц, ил гэж ялгана.
4.Дайчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дайчилгаа зарлах тухай зарлиг гаргасан тохиолдолд зарлан мэдээллийг дараахь байдлаар хүргэнэ:
а/бүх нийтийн болон хэсэгчилсэн зарлан мэдээллийг Ерөнхийлөгчийн зарлигт заасныг үндэслэн нууц буюу илээр;
б/сургалтын болон сургуулийн зарлан мэдээллийг нууцаар;
в/дайчилгааны бэлэн байдлыг шалгах тухай зарлан мэдээллийг нууцаар.
5.Зарлан мэдээлэл нь тусгай дохио, түлхүүр үг, кодоор нууцлагдсан байна.
6.Зарлан мэдээллийг илээр явуулахад өмчийн хэлбэр харгалзахгүйгээр холбооны болон мэдээллийн техник хэрэгслийг өргөнөөр ашиглана.
7.Сургалтын болон сургуулийн, түүнчлэн дадлага хийх, дайчилгаатай сургууль явуулах тухай зарлан мэдээллийг зөвхөн тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хамрагдах нутаг дэвсгэрт явуулна.
8.Зарлан мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, хяналтын дор Зэвсэгт хүчний ерөнхий штаб эрхлэн зохион байгуулна.
9.Зарлан мэдээлэл хүлээн авсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ногдсон үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Хоёр.Зарлан мэдээллийн дохио
10."Дайчилгааны зарлан мэдээллийн дохио" гэж аймаг, нийслэлийн цэрэг-иргэний хамгаалалтын штабыг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчилгааны даалгаврын дагуу зэвсэгт хүчинд татан нийлүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын захирамжаар урьдчилан боловсруулсан дохио, түлхүүр үг, кодыг хэлнэ.
11.Урьдчилан бэлтгэж, битүүмжилж лацадсан зарлан мэдээллийн дохио нь Зэвсэгт хүчний ерөнхий штабын оперативын жижүүр, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын нууцын шүүгээнд хадгалагдана.
12.Зарлан мэдээллийн дохионы дугтуй дээр шилжих нэр, дугтуй доторхи захирамжид таних нэр тус тус бичигдсэн байна.
13.Зарлан мэдээллийн дохиог хүлээн авагч нь таних нэргүй болон дугтуйд заасантай үл тохирох нэртэй дохиог Зэвсэгт хүчний ерөнхий штабын оперативын жижүүрээс яаралтай тодотгон баталгаажуулалгүйгээр хэрэгжүүлэхийг хориглоно.
14.Зарлан мэдээллийн дохионы агуулгыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчний ерөнхий штабын зөвхөн эрх бүхий албан тушаалтнууд мэдэж байх үүрэгтэй.
15.Зарлан мэдээллийн дохионы агуулгыг мэдэж байвал зохих албан тушаалтны жагсаалтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар батална.
16.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь дохионы битүүмжлэл, нууцлалт, хадгалалтад байнга хяналт тавьж байх үүрэгтэй бөгөөд ээлжийн амралт, чөлөө авах, томилолтоор явахдаа зарлан мэдээллийн дохиог орлон ажиллах албан тушаалтандаа гарын үсэг зуруулан албан ёсоор хүлээлгэн өгч, буцаж ирсэн даруйдаа мөн журмаар хүлээн авч байна.
17.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга сонгуульт хугацаа дууссан болон бусад шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхдөө ажил хүлээн авагчид битүүмжлэн лацадсан дохиог албан ёсоор заавал шилжүүлэн хүлээлцүүлж байх үүрэгтэй.
Гурав.Зарлан мэдээллийн тогтолцоо
18."Дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоо" гэж тайван цагт урьдчилан бүрдүүлсэн мэдээллийн сүлжээг хэлнэ.
19.Зарлан мэдээллийн тогтолцоог төвлөрсөн, дагнасан, орон нутгийн гэж ангилна.
20.Зарлан мэдээллийн төвлөрсөн тогтолцоонд төрийн захиргааны төв байгууллагууд, Зэвсэгт хүчний ерөнхий штаб, түүний нэгтгэл, ангиудын штаб, аймаг, нийслэлийн Засаг даргын хоорондох мэдээлэл, холбооны сүлжээ хамаарна.
21.Зарлан мэдээллийн дагнасан тогтолцоонд төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн хоорондох мэдээлэл, холбооны сүлжээ хамаарна.
22.Зарлан мэдээллийн орон нутгийн тогтолцоонд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, баг, хорооны Засаг дарга, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хоорондох мэдээлэл, холбооны сүлжээ хамаарна.
Дөрөв.Зарлан мэдээлэлд ашиглах техник хэрэгсэл
23.Зарлан мэдээлэлд дараахь техник хэрэгслийг ашиглана:
а/зэвсэгт хүчний удирдлага, холбооны дотоод сүлжээ;
б/улс, орон нутгийн цахилгаан холбооны суурин болон хөдөлгөөнт сүлжээ;
в/иргэний хамгаалалтын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл;
г/олон нийтийн мэдээллийн хэрэгсэл;
д/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, холбооны дотоод сүлжээ;
е/холбооны хөдөлгөөнт хэрэгсэл болон бие хүн;
ж/мэдээлэл, холбоо, дохиоллын бусад хэрэгсэл.
24.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид дайчилгааны зарлан мэдээллийн дохио хүлээн авмагц өөрийн гаргасан захирамж, шийдвэрээр тогтоосон дохионы хэрэгслийг 3-5 минутын турш ажиллуулж зарлан мэдээллийг дамжуулна.
Тав.Зарлан мэдээллийг хүргэх
25.Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гармагц Батлан хамгаалахын сайд дайчилгааны зарлан мэдээлэл явуулах тухай удирдамжийг Зэвсэгт хүчний ерөнхий штабт өгнө.
26.Зарлан мэдээллийг дор дурдсанааар хүргэнэ:
а/төвлөрсөн тогтолцооны хүрээнийхэнд Зэвсэгт хүчний ерөнхий штаб;
б/орон нутгийн тогтолцооны хүрээнийхэнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;
в/дагнасан тогтолцооны хүрээнийхэнд төрийн захиргааны төв байгууллагын эрх баригчид.
27.Зарлан мэдээллийг дамжуулагч байгууллага, албан тушаалтан хүлээсэн үүргийн дагуу энэ журамд заасан зарлан мэдээллийн техник хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр ашиглах эрх эдлэнэ.
28.Зарлан мэдээллийг дор дурдсан хүрээг хамруулан хүргэнэ:
а/бүх нийтийн дайчилгааны зарлан мэдээллийг орон даяар;
б/хэсэгчилсэн дайчилгааны зарлан мэдээллийг зөвхөн дайчилгаа зарласан нутаг дэвсгэрийн хэмжээнд;
в/сургалт, сургууль, дадлагын дайчилгааны зарлан мэдээллийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээнд.
29.Төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг даргад зарлан мэдээлэл хүргэх ажлыг Зэвсэгт хүчний ерөнхий штаб хариуцан тухайн байгууллагын болон Тамгын газрын жижүүрээр дамжуулан зохион байгуулна.
30.Зарлан мэдээлэл хүлээн авсан жижүүр холбогдох дарга /түүний эзгүйд орлогч/-д мэдээллийг шуурхай хүргэх үүрэгтэй.
31.Аймаг, нийслэлийн цэрэг-иргэний хамгаалалтын штабын дарга нь дайчилгааны зарлан мэдээллийн дохио, захирамж хүлээн авсан тухайгаа Зэвсэгт хүчний ерөнхий штабт байлдааны цагийн хугацаат мэдээний табелийн дагуу илтгэнэ.
32.Зарлан мэдээллийн дохио хүлээн авсан төрийн захиргааны төв байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлнэ:
а/харьяа байгууллага, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, иргэдэд тогтоосон журмын дагуу зарлан мэдээллийг хүргэж, хариу авах;
б/өөрийн захирамжаар томилогдсон дайчилгааны комисс болон цугларах, шилжүүлэх байрын бүрэлдэхүүнд зарлан мэдээллийг хүргэж, үүрэгт ажилд нь шуурхай оруулах;
в/дайчилгааны нөөцийг зэвсэгт хүчинд татаж нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.
33.Сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагад зарлан мэдээлэл хүргэх үйл ажиллагаа нь тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын тогтоосон журмын дагуу, түүний хяналтын дор явагдана.
34.Зарлан мэдээлэл хүлээн авсан сум, дүүрэг, баг, хороооны Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
а/зарлан мэдээлэл хүргэх ажилд томилогдсон бие бүрэлдэхүүн, техникийг нэн даруй цуглуулж, тэдгээрийг ажилд нь оруулах;
б/дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд зарлан дуудах хуудсыг гардуулах ажлыг зохион байгуулах;
в/оногдуулан дансалсан техник хэрэгслийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд Засаг даргын албан бичгийг хүргүүлэх;
г/дайчилгааны нөөцийг тогтоосон хугацаанд заасан газарт хүргэх.
35.Дайчилгаа явуулах тухай аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд гардуулах зарлан дуудах хуудас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийлүүлэх техникийн наряд, батламж бичгийг тайван цагт үйлдэж, дайчилгааны төлөвлөгөөтэй хамт хадгална.
36.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд дараахь таних тэмдэг бүхий зарлан дуудах хуудсыг гардуулна:
а/бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгааны зарлан мэдээллийн үед улаан өнгийн хөндлөн зураас бүхий зарлан дуудах хуудас;
б/дайчилгаатай сургуульд оролцуулах дайчилгааны зарлан мэдээллийн үед хөх өнгийн хөндлөн зураас бүхий зарлан дуудах хуудас;
в/дайчилгааны сургуульд оролцуулах зарлан мэдээллийн үед ногоон өнгийн хөндлөн зураас бүхий зарлан дуудах хуудас.
37.Оногдуулан дансалсан техник хэрэгслийг дайчлан татах үед дайчилгааны төрлөөс хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга дээр дурдсан гурван төрлийн зураас бүхий албан бичгийн хуудас хэрэглэнэ.
Долоо.Дайчилгаатай сургууль явуулах үеийн зарлан мэдээлэл
38.Дайчилгаатай сургуулийн зарлан мэдээллийг түүнд хамрагдах бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлан явуулна.
39.Дайчилгаатай сургууль явуулах үеийн зарлан мэдээлэлд Зэвсэгт хүчний ерөнхий штабаас тогтоосон дохио, түлхүүр үг, код хэрэглэнэ.
Найм.Зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,бэлэн байдлыг хангах
40.Зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хүлээх үүргийг Дайчилгааны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллага тогтооно.
41.Дайчилгааны даалгавраар зарлан мэдээлэл явуулах үүрэг хүлээсэн байгууллага нь зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах үүрэгтэй.
42.Зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах дайчилгааны даалгавар бүхий байгууллага, иргэнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Зэвсэгт хүчний ерөнхий штаб хүлээнэ.
43.Зарлан мэдээллийн төвлөрсөн тогтолцооны бэлэн байдлыг Зэвсэгт хүчний ерөнхий штаб жилд 2 удаа, дагнасан болон орон нутгийн тогтолцооны бэлэн байдлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага улиралд 1 удаа шалгаж, үүрэг зөвлөмж өгнө.
Ес.Зарлан мэдээллийн санхүүжилт
44.Дайчилгааны зарлан мэдээлэл явуулахтай холбогдсон бүх зардлыг зарлан мэдээлэл дамжуулах даалгавар бүхий төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ.
45.Зарлан мэдээллийн тогтолцооны бэлэн байдлыг шалгах зардлыг дараахь эх үүсвэрээс гарган санхүүжүүлнэ:
а/төвлөрсөн тогтолцооныхыг Зэвсэгт хүчний ерөнхий штабын төсвөөс;
б/дагнасан болон орон нутгийн тогтолцооныхыг тухайн эрх бүхий байгууллагын төсвөөс.
46.Дайчилгаатай сургууль явуулах үеийн зарлан мэдээллийн зардлыг тухайн сургуулийн төсвөөс санхүүжүүлнэ.
Арав.Бусад зүйл.
47.Холбоо, мэдээллийн хэрэгслийн болзошгүй саатлаас сэрэмжлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга урьдчилан авах бөгөөд үүний тулд зарлан мэдээллийг явуулахад ашиглах хөдөлгөөнт хэрэгсэл /бие хүн/-ийг гүйцэтгэх үүрэгт нь зохицуулан сургаж дадлагажуулсан байна.
48.Энэ журмыг зөрчсөн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
 
Текст томруулах
A
A
A