- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1995-2005 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1995 оны 167 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1995-2005 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
МОНГОЛ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1995-2005 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Аялал жуулчлал нь дэлхийн ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцох, бие биеэ танин мэдэх, эдийн засаг, нийгэм, соёл- шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх гол арга хэрэгсэл төдийгүй үл үзэгдэгч экспорт болохын зэрэгцээ импортын үндэсний үйлдвэрлэл болон орлогын эх үүсвэрийг өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг үр ашигтай салбар юм.
Монгол орны байгалийн унаган төрх байдал, цэвэр тунгалаг ус, агаар, төрөл бүрийн ховор ан амьтан, ургамал, байгалийн элдэв сонин тогтоц, нүүдлийн соёл иргэншил, монголын ард түмний зан заншил, ахуй, өвөрмөц аж төрөх ёс, олон мянган жилийн түүх, соёл, археологийн ховор нандин дурсгал нь тус оронд үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэс болно.
Монгол улс олон улсын харилцаанд эрчимтэй орохын хэрээр манай орны өвөрмөц онцлог байдлыг сонирхож танилцахаар ирж буй гадаадын аялагч, жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа нь дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудын мэдээ болон манай улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагдаж байна.
Монгол орон дэлхийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой бүс нутаг болон хөгжих нөхцөл боломж байгаа болон уг салбарын үр ашиг,ач холбогдлыг харгалзан, гадаад, дотоодын аялал жуулчлалыг тус орны хөгжлийн тэргүүлэх салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх асуудлыг төр, засгийн бодлогын хэмжээнд авч үзнэ.
Монгол Улс үндэсний аялал жуулчлалыг өөрийн орны аюулгүй байдал, олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд, дэлхий дахины нийтлэг хандлага болж буй экологийн баримжаатай, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн өндөр үр ашигтай, биеэ даасан салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх нь аялал жуулчлалын талаар баримтлах үндсэн чиглэл болно.
Энэхүү үндсэн чиглэлийг дараахь байдлаар бүсчилж тодорхойлно:
1.Байгаль орчин, түүх, соёлын дурсгалт зүйлс, ард түмний ахуй, зан заншлын шинж чанарыг тусгасан өөр өөрийн онцлогтой, үйлчилгээний өвөрмөц ялгаа чиглэлтэйгээр аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлнэ. Үүнд:
-цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий Хөвсгөлийн бүсэд усан онгоц, завиар аялах, үзэсгэлэнт байгаль, ан амьтан, шувуу ажиглах, боломжтой газарт загасчлах,өвлийн улиралд цана, тэшүүр, уулын цанын спортыг хөгжүүлэх, дархад цаатан ардын амьдрал ахуй, зан заншил, соёл, цааны аж ахуйтай танилцуулах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-монголын түүх, соёлын ховор нандин дурсгал, үзэсгэлэнт байгаль бүхий Орхон голын бүсэд эртний олон овог аймаг, улс гүрний үлдээсэн түүх, соёлын дурсгалт зүйл, хот, балгасын туурь, хөшөө, монголын модон сийлбэрийн урлаг, монголын ард түмний ахуй соёл, зан үйлтэй танилцуулах, морь, сарлаг унуулах, загасчлах, рашаан эмчилгээ, сувилгаа хийлгэх, байгалийн элдэв сонин тогтоц, үзэсгэлэнт газрыг ажиглах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-эх газрын говийн байгаль, ан амьтантай танилцуулах, говийн бүсэд говийн унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, ургамал, цаг уурын үзэгдэл, байгалийн элдэв сонин тогтоц,ховор ан амьтанг ажиглах, эртний шим ертөнцийн үлдэгдэл, палеонтологийн олдворыг үзүүлэх,зөвшөөрөгдсөн зарим ан амьтанг агнуулах, нар, элсний эмчилгээ засал, сувилгаа хийх, тэмээний аж ахуйтай танилцуулах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-тал хээрийн онгон байгалийг харуулсан дорнод талын бүсэд уужим их тал хээрийн нутаг, ан амьтан, шувуу ажиглах, сөнөсөн галт уул, эртний хүн чулуун хөшөө, дэлхийн П дайны түүхийг харуулсан цогцолбор дурсгалтай танилцуулах, зээр, гөрөөс агнах, дорнод монголын ард түмний зан заншил, соёл, ахуйтай танилцах, байгалийн халуун уур агаарыг эмчилгээ, сувилгаанд ашиглах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-Их эзэн Чингис хааны амьдрал ахуйтай холбоотой Гурван голын сав нутгийн бүсэд Чингис хааны нэртэй холбоотой газар нутаг,хөшөө дурсгал, Хэнтийн нурууны үзэсгэлэнт онгон байгаль, ан амьтан, Монголын эртний түүх, соёлын дурсгалт хөшөө, булш, бунхан, буриад зоны зан заншил, соёл ахуйтай танилцуулах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-өндөр уулын бүсийн байгалийг харуулах Алтай-Хангайн бүсэд мөнх цаст уул нуруу, Хадан уул, давст болон цэнгэг уст нуур, өвөрмөц сонин тогтоц бүхий байгаль, ан амьтан, баруун монголын олон ястны амьдрал ахуй, зан заншил, соёл, аж төрөх ёстой танилцах, зөвшөөрөгдсөн зарим ан амьтанг агнах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ;
-монголын ард түмний эртний болон одоогийн хөгжил дэвшлийг харуулах төвийн бүсэд төрөл бүрийн музей үзэх, нийслэл хотын байдалтай танилцах, хурал зөвлөлгөөн, бизнесийн уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт онгон байгаль,эртний түүх, соёлын дурсгалт зүйлтэй танилцуулах чиглэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Аялал жуулчлалын дээрх бүс нутагт биологийн төрөл зүйл, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, түүний даац боломжинд тохирсон хүч чадлаар барилга хот байгуулалтын орчин үеийн ололтыг үндэсний уламжлалтай зөв хосолсон шийдлээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүйгээр жуулчны баазыг барьж байгуулна.
Унаган байгаль орчноо хамгаалах зорилгоор жуулчид, аялагчдыг тогтоосон чиглэл /маршрут/, замаар явуулна.
Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх тусгай хөтөлбөр, төслүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ. Байгаль, ахуй, эрдэм шинжилгээ, спорт, рашаан сувилал, агнуур, соёл, урлаг, бизнес, олон улсын хурал зөвлөлгөөн зэрэг аялал жуулчлалын олон төрлийг дангаар нь буюу хослуулахын зэрэгцээ төрөлжсөн жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд анхаарна. Төрөлжсөн жуулчлалыг өндөр настан, залуучууд, хүүхэд, сурагчдынх гэж насны онцлог байдлаар анги лан зохион байгуулах болно.
Аялал жуулчлалын улирлын хэлбэлзлийг багасгах, өвлийн улиралд авах жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэл баримтална.
Өөрийн улсын иргэдийн дотооддоо жуулчлах, аялах нөхцөлийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлэх, зохион байгуулахад анхаарна.
2.Зочид буудал, жуулчны баазыг орчин үеийн шаардлагын дагуу хэд хэдэн төрлийн зоогийн газар, баар, үзвэр, худалдаа, тоглоом, спортын танхим, талбай, усан бассейн, халуун ус, угаалга, хими цэвэрлэгээ, шуудан холбоо,мөнгө солих үйлчилгээ, засмал зам, талбай, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээ бүхий иж бүрнээр барьж байгуулна.
Орчин үеийн зочид буудлын аж ахуйг монгол гэртэй зохистой хослуулан хөгжүүлж, түүний тохилог байдлыг сайжруулах замаар жуулчдыг байраар хангана.
Аялал жуулчлалын зориулалтаар одоо ашиглаж байгаа зочид буудал, рашаан сувилал, жуулчны баазуудыг өргөтгөн шинэчилж үйлчилгээг сайжруулах замаар зэрэглэлийг нь ахиулж олон улсын жишигт ойртуулах арга хэмжээ авна.
Шинээр зочид буудал, жуулчны бааз, рашаан сувиллын объект барих явдлыг дэмжинэ. Гадаадын хөрөнгө оруулалттай баригдах зочид буудал, жуулчны баазад ашиглах газрыг тодорхой хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож урамшуулна.
З.Аялал, жуулчлалын салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах асуудлыг мэргэжил, боловсролын талаар төрөөс явуулж буй бодлогын хүрээнд авч үзэж, аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг шинээр болон давтан бэлтгэх тогтолцоог бий болгож, сургалтын хөтөлбөрийг шинэчилж сайжруулна.
4.Аялал жуулчлалын чиглэлтэй жуулчны бааз, зочид буудал, рашаан сувиллын объект, тээврийн байгууллага, зуучлах товчоог өмчийн бүх хэлбэрээр чөлөөтэй хөгжүүлнэ.
5.Жуулчны байгууллагуудаас жуулчдад үйлчлэх төрөл бүрийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулах арга хэмжээг авч, үйлчилгээний соёлыг дээшлүүлнэ.
Жуулчны байгууллагын ажил,үйлчилгээг сайжруулах гол арга нь тус салбар дахь өрсөлдөөн гэж үзэж шударга өрсөлдөөнийг өрнүүлэх арга механизмыг бүрдүүлнэ.
6.Жуулчдад зориулан монголын үндэсний гар урлалын болон бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.Түүх, соёлын дурсгалт цогцолбр, музей, үндэсний парк, байгалийн үзэсгэлэнт газар, ан амьтан, ургамал, соёл, урлаг, баяр наадмын арга хэмжээг харуулсан зургийн цомог, танилцуулга, зурагт хуудсыг олноор үйлдвэрлэж худалдаалах, түгээх ажлыг зохион байгуулна.
Бэлэг дурсгалын зүйл болон эх орны үйлдвэр, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний худалдааг зочид буудал, жуулчны бааз, жуулчны аяллын чиглэл, замын дагуу өргөнөөр зохион байгуулна.
7.Төр, засгаас гадаад, дотоодын аялал жуулчлалын талаар явуулах нэгдсэн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан зохицуулах үүрэг бүхий аялал жуулчлалын бие даасан байгууллагыг байгуулна. Тус байгууллага нь жуулчны байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, зэрэглэл тогтоох, аж ахуй эрхлэх эрх олгох, жуулчдын эрх ашгийг хамгаалах, жуулчны төрөл бүрийн үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулах арга хэмжээг авах, аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр төслүүд боловсруулж
хэрэгжүүлэх,аялал жуулчлалын асуудлаар гадаад хамтын ажиллагаа, сурталчилгаа болон боловсон хүчний нэгдсэн бодлого явуулахын зэрэгцээ тээвэр, соёл урлаг, байгаль орчин, худалдаа, хил, гааль, төв орон нутгийн төр, засгийн байгууллагуудтай аялал жуулчлалын байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.
8.Дэлхийн болон бүс нутгийн олон улсын жуулчны байгууллагуудтай тогтоосон харилцаа холбоогоо улам өргөтгөж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно. Монголын аялал жуулчлалын байгууллагууд хөрш болон гадаадын бусад улс орнуудтай хамтын ажиллагааг төрөл бүрийн хэлбэр, удаан хугацааны хэлэлцээр, хөтөлбөрийн үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлнэ.
9.Жуулчны урсгал ихтэй, өргөн зах зээл бүхий гадаадын зарим оронд Монголын жуулчны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж, өөрийн орны аялал жуулчлалын зах зээлийн сурталчилгааг идэвхжүүлэн оновчтой зөв хийж, аялал жуулчлалын зар сурталчилгаанд гадаад, дотоодын хэвлэл мэдээлэл, олон улсын хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн, яармагийг ашиглана.
Сурталчилгааны гол хэлбэр болох төрөл бүрийн танилцуулга, зурагт хуудас хэвлэн тараах, ердийн болон дүрс бичлэгийн кино хийж үзүүлэх, аялал жуулчлалын талаар жил бүр лавлагааны материал гаргаж түгээх арга хэмжээг авна.
1О.Аялал жуулчлал хөгжих таатай нөхцөлийн нэг болох эдийн засгийн орчин,хөшүүргийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Зочид буудал, жуулчны бааз, рашаан сувилал, амралтын газруудын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх механизмыг бүрдүүлэхийн зэрэгцээ жуулчид олноор ирэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, олон улсын нислэгийн үнэ тарифт тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэхийг дэмжинэ.
Жуулчны байгууллагуудын эдийн засгийн албыг бэхжүүлж, бүртгэл тооцооны бүх ажлыг механикжуулж,орчин үеийн техник хэрэгслээр хангана. Аялал жуулчлалын бүртгэл статистикийн үзүүлэлтийн системийг бий болгож мэдээлэл дамжуулах журам тогтооно. Жуулчны мэдээллийн санг шинээр бүрдүүлнэ.
Аялал жуулчлалын эдийн засаг, маркетингийн ойрын болон хэтийн хөгжлийн төлөвийг тодорхойлж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн хөгжүүлнэ. Жуулчны салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх явдлыг дэмжинэ. Аялал жуулчлал нь валютын орлого оруулдаг үл үзэгдэгч экспортын бие даасан дэд салбарын хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд заасан хөнгөлөлтөд хамааруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлнэ.
11.Гадаадын жуулчдыг Монгол Улсад, манай жуулчдыг гадаадын оронд байх үед тэдний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээ авч даатгалын журамд хамааруулна.
12.Аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Олон улсын агаарын тээврийн шугам, нислэгийн тоо, төмөр замын тээврийн аяллыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр болон олон талын гэрээ, хэлэлцээрүүдийг гадаад улс орон, тээврийн байгууллагуудтай байгуулж ажиллана. Жуулчны их ачааллын үед жуулчин солилцож байгаа орнуудын тээврийн байгууллагуудтай хамтарсан нислэг хийх, галт тэрэг, автобусны цуваа гаргах, тэдгээр орны нисэх онгоц, суудлын вагоныг түр хугацаагаар түрээслэх зэрэг үр ашигтай хэлбэрүүдийг ашиглана.
Жуулчид тээвэрлэх зориулалтын алсын болон дунд зайн нислэгийн орчин үеийн нисэх онгоц, дотоодын тээвэрт зориулан жижиг нисэх онгоц, нисдэг тэрэг, суудлын вагон, зүтгүүр, төрөл бүрийн автобус, суудлын автомашин, моторт завь худалдан авч ашиглана.
Жуулчны урсгал ихтэй аялал жуулчлалын гол бүс нутгуудад хатуу хучилттай нисэх, буух зурвас, зорчигчдын тохилог танхим бүхий нисэх онгоцны буудлууд барих, өргөтгөн шинэчлэх, аэродром, холбоо, навигацын тоног төхөөрөмжөөр тоноглоно. Мөн төмөр замын өртөө, автобусны тохилог буудлуудыг барих, өргөтгөн шинэчлэх арга хэмжээ авна.
Жуулчдын үйлчилгээнд зориулан суудлын автомашин, мотоцикль, унадаг дугуйгаар төлбөртэй үйлчлэх парк, цэгүүдийг байгуулах явдлыг дэмжинэ.
Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын сүлжээг хатуу хучилттай болгох, томоохон гол мөрөн дээр гүүр барих арга хэмжээг Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авч хэрэгжүүлнэ.
Жуулчны баазуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох арга хэмжээ авна. Төвийн болон эдийн засгийн бусад бүсийн эрчим хүчний төвлөрсөн системд ойролцоо байрлалтай жуулчны баазуудыг цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар холбохын зэрэгцээ овор багатай, хүч чадал ихтэй, түлш, шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй цахилгаан үүсгүүрүүдийг ашиглана.
Зочид буудал, жуулчны бааз, рашаан сувилал, жуулчдын тээврийн хэрэгслийг сансрын холбооны системтэй холбосон холбооны тоног төхөөрөмжөөр тоноглох арга хэмжээ авна.
Аялал, жуулчлалын тодорхой чиглэлээр бусад салбарын мастер төлөвлөгөөтэй уялдуулсан тусгай дэд хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ.
1З.Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, археологийн олдвор судалгааны зүйлийг үзүүлбэр байдлаар засч тохижуулан гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоогоор мэдэгдэж, судлагдсан зарим ховор нандин дурсгалыг тэргүүн ээлжинд сэргээн засварлахад анхаарна. Монголын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс, томоохон үйл явдлын талаар дурсгалын цогцолбор босгох, монгол үндэстний амьдрал ахуй, зан үйл, соёл болон байгальтай холбоотой төрөл бүрийн музей, үзэсгэлэн шинээр зохион байгуулах арга хэмжээ авна.
14.Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлж, түүний унаган төрх байдлыг алдагдуулахгүй байх, даац боломжоос нь хэтрүүлэхгүй байх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ. Хүрээлэн буй орчинд аялал жуулчлалын үзүүлэх нөлөөллийг багасгах, аялал жуулчлалыг өөрийг нь байгаль хамгаалах нэг хэрэгсэл болгон ашиглахыг эрхэмлэнэ.
-------OOO--------
Текст томруулах
A
A
A