A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 239 дугаар тогтоолын хавсралт

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын зорилго нь Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдэлт, зарцуулалт, даатгуулагч, даатгагч эмнэлгийн байгууллагын хоорондын төлбөр тооцоо, эмчилгээ, үйлчилгээний чанарт төрийн захиргааны хяналт тавих, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад оршино..
2.Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтыг улсын нийгмийн даатгалын бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
3.Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын ерөнхий байцаагч байна..
4. Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын  улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлнө.
5. Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагчид нь иргэний эрүүл мэндийн даатгалын  асуудлаар мэргэшсэн байна.
6.Нийгмийн даатгалын бүх шатны байгууллагууд, улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
7. Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь  үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, зохих журмын дагуу үйлдсан албан шаардлага, акт, шийтгэврийн хуудас хэрэглэнэ.
8.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын хяналтын асуудлаар орон тооны бус магадлагч, шинжээч нарыг томилон  ажиллуулж болно.
  Хоёр. Иргэний эрүүл мэндийн даатгалын хяналтын  улсын байцаагчийн үүрэг эрх   
9.Байцаагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/.иргэний эрүүл мэндийн даатгалын  хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол, шийдвэр, дүрэм, заавар, журмын биелэлтийг хангуулах, дүнг мэдээлэх;
б/.эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх, улсын байцаагчийн тавьсан албан шаардлагын биелэлтийг гаргуулах;
в/.эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн байгууллагад олгосон санхүүжилтийн зарцуулалтыг хянах;
г/.даатгуулагчид үзүүлж байгаа эмчилгээ, үйлчилгээний чанарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, жагсаалтын дагуу хянах;
д/.эрүүл мэндийн даатгалын хураамж төлөх, мэдээ тайлан гаргах ажлыг ажил олгогч хуульд заасан хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах;
е/.даатгалын сангийн тайлан мэдээ, судалгаа болон хяналтын талаархи мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргах, дутагдал зөрчлийг арилгах аргачлал боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
ж/.даатгагч, эмнэлгийн байгууллагын хооронд байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;
з/.даатгуулагчдад  болон иргэдэд эрүүл мэндийн даатгалын хуулийг сурталчлах, таниулах;
и/.хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, гаргасан дүгнэлт, бичсэн акт танилцуулга, тоо баримтын үндэслэл, нотолгоог бүрэн хариуцах.
10.Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/.эмнэлгийн байгууллагын болон эмч, ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу учруулж болох нь нотлогдсон бол буруутай этгээдээр даатгуулагчийн болон даатгалын сангийн хохирлыг төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
б/.хураамж ногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах;
в/.даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээтэй холбогдсон мэдээ, тайлан бүртгэл, өвчний түүх бусад баримтад хяналт шалгалт хийх, шаардлагатай тайлбар тодорхойлолтыг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
г/.хууль тогтоомжид зааснаас гадуур даатгуулагчаас гаргуулсан төлбөрт үйлчилгээний зардлыг даатгуулагчид буцаан олгуулах, буруутай үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах;
д/.холбогдох байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оруулах;
е/.албан үүргээ гүйцэтгэх явцад даатгуулагч ажил олгогчоос хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэж хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах;
ж/.хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн, илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулахаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, гэм буруутай этгээдэд нийгмийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын хууль болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэх.
  Гурав.Бусад зүйл
11.Байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
12.Байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэд, хяналт шалгалтынявцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор  хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид буюу дээд шатны байцаагчид гаргана.Гомдлыг хүлээж авсан албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
13.Байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль, тогтоомж зөрчвөл зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
------оОо-----