- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДАЛГАА ХИЙХ ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолын хавсралт
ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДАЛГАА ХИЙХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДАЛГАА ХИЙХ ДҮРЭМ
1.Өмчийн холбогдолтой эрүү, иргэний хэргийн талаар гарсан маргаантай асуудалд шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийж дүгнэлт гаргах, улс, орон нутгийн хэмжээнд шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх аргачилсан заавар, энэхүү дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангах ажлыг Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо эрхлэн гүйцэтгэнэ. /Засгийн газрын 2003 оны 53 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
2.Бүртгэл-магадалгааны хэлтэс нь шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх орон тооны болон орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэнтэй байна.
Орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтнээр аж ахуйн нэгж, байгууллагын мэргэшсэн нягтлан бодогч ажиллах ба магадалгааны ажилд холбогдох мэргэжлийн бусад хүмүүсийг татан оролцуулж болно. Аймаг, нийслэлийн төлөвлөлт, санхүү-эдийн засгийн хэлтэс нь хуулийн байгууллагатай тохиролцон орон тооны бус магадлагч нягтлан бодогч, мэргэжилтнээр ажиллуулах хүмүүсийг сонгон авч тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар томилуулан ажиллуулна.
3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх зааврын хэрэгжилтэд хяналт тавьж, уг ажлыг аргачилсан удирдлагаар хангах, шаардлагатай тохиолдолд орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний хийсэн шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны дүгнэлтийг хянан хэлэлцэх үүрэгтэй шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны орон тооны бус комисс /цаашид "орон тооны бус комисс" гэнэ/ ажиллана. Орон тооны бус комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөвлөлт, санхүү-эдийн засгийн хэлтсийн дарга /комиссын дарга/, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн /комиссын нарийн бичгийн дарга/, орон тооны бус зарим магадлагч-нягтлан бодогч нар орно.
4.Орон тооны бус комиссын ажиллах журмыг Сангийн сайд Хууль зүйн сайдтай хамтран тогтоох бөгөөд комисс нь тусгай тэмдэг хэрэглэнэ.
5.Улсын дээд шүүх, Улсын прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын шийдвэрийн дагуу явуулах магадлан шинжилгээг Сангийн яамны бүртгэл-магадалгааны хэлтэс, аймаг, нийслэл, дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газрын шийдвэрийн дагуу явуулах магадлан шинжилгээг тухайн аймаг, нийслэлийн орон тооны бус комисс зохион байгуулан орон тооны бус магадлагч-нягтлан бодогчоор тодорхой хугацаа заан хийлгэж, дүгнэлт гаргуулан хяналт тавина.
6.Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааг дор дурдсан тохиолдолд хийнэ:
а/баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдал буюу илүүдэл нь тухайн хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа;
б/эд хөрөнгийн дутагдал, илүүдлийн хэмжээг баримтын шалгалт хийсэн улсын байцаагч үнэн зөв тодорхойлж чадаагүй нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн;
в/анхны тооцоо бодсон акт, баримт сэлтийг эрх бүхий байгууллагаас дахин шалгаж тогтоосон акт нь тухайн хэргийг шийдвэрлэх бүрэн үндэслэл болж чадахгүй байгаа;
г/баримтын шалгалтаар тавьсан акт буюу эрх бүхий байгууллагын дахин шалгаж тогтоосон акт буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотлон маргасан нөхцөлд.
7.Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийж дүгнэлт гаргахдаа урьд нь хийгдсэн баримтын шалгалтын акт, санхүүгийн үндсэн баримт, нягтлан бодохын бүртгэл, тайлан, хэргийн материал болон холбогдох бусад баримтад тулгуурлан хуулийн байгууллагаас тавьсан асуултын хүрээнд авч үзэх бөгөөд магадлагч-нягтлан бодогч нь нэг хэргийн талаар дахин баримтын шалгалт хийх буюу тооллого явуулж болохгүй.
8.Орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний хийсэн магадалгааны дүгнэлтийг Сангийн яамны бүртгэл-магадалгааны хэлтсээр хянуулах шаардлагатай гэж үзвэл тухайн хуулийн байгууллага үндэслэлээ тодорхой зааж, Сангийн яаманд хүсэлтээ тавьж болно.
9.Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийхээр томилогдсон орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтнийг түүний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь магадалгаа хийх хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж, үндсэн цалинг хэвээр олгоно.
10.Шаардлагатай тохиолдолд орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нараар шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааг хийлгэхдээ нэг аймгаас нөгөө аймагт сэлгүүлэн томилон ажиллуулж болно.
Хоёр.Магадалгааны ажлын хөлс
11.Орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нарт болон орон тооны бус комиссын дарга, гишүүдэд Сангийн сайдаас тогтоосон хэмжээгээр бодож ажилласан цаг тутамд нь хөлс олгоно.
12.Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийлгэхээр ирүүлсэн шийдвэрт заасан ажлыг бүрэн хийгээгүй, хэргийн шийдвэрлэхэд үндэс болж чадах зөв дүгнэлт гаргаагүй орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэнд магадалгааны ажлын хөлс олгохгүй.
13.Орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний хийсэн шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгааны дүгнэлт хянагдаж хэлэлцэгдсэний дараагаар тэдний ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн ажлын хөлсийг магадалгаа хийлгэхээр томилсон байгууллага зохих журмын дагуу олгуулах асуудлыг хариуцна.
14.Орон нутагт ажилласан орон тооны болон орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний албан томилолтын бүх зардлыг томилсон байгууллага тогтоосон журмын дагуу олгоно.
15.Орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нарын шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийсэн хугацааны цалинг яллагдагч, шүүгдэгчийн ажиллаж байгаа буюу ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагаас нь хууль сахиулах байгууллага үл маргалдах журмаар гаргуулан авч, орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын буюу төв, орон нутгийн санхүүгийн байгууллагын дансанд шилжүүлэн оруулна.
Харин төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэгт хийсэн магадалгааны ажлын хөлсийг төв, орон нутгийн төсвөөс гаргана.
Гурав.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний үүрэг, эрх
16.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийж, шинжээч томилсон байгууллагын тавьсан асуултын дагуу дүгнэлт гарган, түүнийхээ үнэн зөв болохыг өөрөө бүрэн хариуцах;
б/шинжээч томилсон байгууллагад өөрийн хийсэн магадалгаа, гаргасан дүгнэлтийг мэргэжлийн талаар үнэн зөв тайлбарлах;
в/шинжээч томилсон тогтоолд тавьсан асуулт, хавтаст хэргийн доторхи материалын нууцыг задруулахгүй байх;
г/хэд хэдэн магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн магадалгааг хийж байгаа тохиолдолд асуудлыг харилцан зөвлөж, саналаа солилцож нэгдсэн дүгнэлт гаргана. Хэрэв магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нар санал зөрүүтэй байвал хүн бүр тус тусдаа дүгнэлт гаргах;
д/магадалгаа хийхэд шаардагдах баримт материалыг шинжээч томилсон байгууллагаар дамжуулан нарийн бүртгэлтэйгээр хүлээн авч, магадалгаа хийж дууссаны дараа албан ёсоор хүлээлгэж өгөх;
е/хэргийн холбогдолтой хүлээн авсан баримт материалын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
ж/магадалгаа явуулахад шаардагдах баримт материалыг бүрэн хянаж магадлах, шаардлагатай үед нэмэлт баримт, материалыг зохих журмын дагуу гаргуулж авах;
з/магадалгаа хийх арга барил, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх.
17.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн дор дурдсан эрх эдэлнэ:
а/шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийхэд шаардагдах баримт материалтай танилцах;
б/шинжээч томилсон байгууллагаар дамжуулан холбогдох хүмүүсийг дуудан ирүүлж асууж лавлах;
в/магадалгаа хийх явцад шинжээч томилсон тогтоолд дурдаагүй шинэ асуудал илэрвэл уг асуудлыг тодруулан шалгаж дүгнэлтдээ бичих;
г/шинжээч томилсон тогтоолд тавьсан асуулт нь магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн буюу ирүүлсэн материал нь дүгнэлт гаргахад дутагдалтай байвал энэ талаар шинжээч томилсон байгууллагад бичгээр мэдэгдэл өгөх;
д/шаардлагатай тохиолдолд шинжээч томилсон байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр магадалгааг зөрчил дутагдал гарсан байгууллагад нь очиж хийх;
е/магадалгааны ажлын арга барил, чанар, үр нөлөөг дээшлүүлэх саналаа дээд шатны байгууллагад тавих болон өмч хөрөнгийн хадгалалт, тооллого тооцоог сайжруулахтай холбогдсон санал дүгнэлт боловсруулах;
ж/орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн магадалгаа хийж дүгнэлт гаргасны хөлсийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хэмжээгээр авах.
18.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтнүүдээс магадалгаа хийхэд дор дурдсан зүйлийг хориглоно:
а/хэргийн баримт материалыг биеэ дааж бүрдүүлэх буюу тооллогын комиссын ажиллагаанд оролцох;
б/санхүү, бүртгэл тооцооны ажиллагаатай холбогдолгүй асуудлаар тодорхойлолт, тайлбар авах;
в/хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр яллагдагч, хохирогч, хариуцагч, гэрчтэй биеэ дааж харилцах;
г/яллагдагч, шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоо тогтоох, хэрэгт холбогдох баримт материалыг өөртөө хадгалах;
д/өөрт нь ногдсон үүргийг бусдаар хийлгэх;
е/өөрийн мэргэжилд холбогдолгүй аливаа асуудлаар дүгнэлт гаргах;
ж/магадалгааны дүгнэлтийг зөвхөн яллагдагч, шүүгдэгч, гэрч, нэхэмжлэгч, хариуцагчийн мэдүүлэг дээр үндэслэн гаргах.
19.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр магадалгаа хийх үүргээсээ татгалзах буюу зайлсхийх эсвэл санаатайгаар худал дүгнэлт гаргавал Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
20.Магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нар нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр магадлан шинжилгээ хийхээс татгалзаж болно
---оОо---
Текст томруулах
A
A
A