A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1993 оны 137 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
  Нэг.Нийтлэг үндэслэл
 1.Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /цаашид "Хэрэг эрхлэх газар" гэнэ/ нь Монгол улсын Засгийн газрын ажлын алба мөн.
 2.Хэрэг эрхлэх газрын зорилт нь Засгийн газрын үйл ажиллагааг зохион байгуулалт, эрх зүй, материал-техникийн талаар үйлчлэн хангах, түүнчлэн Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, нутгийн захиргааг чиглүүлэн удирдахад туслах ажлыг эрхлэн гүйцэтгэхэд оршино.
 3.Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засгийн газрын тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
 4.Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа албан хаагчид нь төрийн албанаа мэргэшсэн байх бөгөөд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримталж ажиллана. 
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах нь тэдгээрийг ажлаас өөрчлөх үндэслэл болохгүй.
 5.Хэрэг эрхлэх газрын аппаратад нам, олон нийтийн байгууллагын шугамаар улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
 6.Хэрэг эрхлэх газрын дүрэм, удирдлагын бүтэц, орон тоо, тогтвортой мөрдөх сарын цалингийн санг зардлын төсөвтөө багтаан Засгийн газар баталж тогтоон, дарга, дэд дарга нарыг томилж, чөлөөлнө.
 7.Засгийн газраас томилогдсон Хэрэг эрхлэх газрын дарга дараахь үндсэн эрх, үүрэгтэй ажиллана:
а/Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газар, Ерөнхий сайдын даалгавраар яам, тусгай газрын болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг зохион байгуулалтын талаар шуурхай зохицуулах ажлыг эрхэлж Ерөнхий сайдад ажлаа хариуцна;
б/өөрийн эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, энэ дүрэмд нийцүүлэн тушаал гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулна;
в/Хэрэг эрхлэх газрын дэд дарга нар болон Засгийн газар, түүний оролцоотой томилж, чөлөөлөх бусад албан тушаалтны асуудлыг зохих журмын дагуу боловсруулж шийдвэрлүүлнэ;
г/Ерөнхий сайдын ажлын албаны болон шадар сайд нарт зөвлөж туслах үүрэгтэй ажилтнууд, Хэрэг эрхлэх газрын бүтцийн нэгжийн дарга, Засгийн газрын түшмэлийг Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох шадар сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр; Хэрэг эрхлэх газрын бусад ажилтан, уг газарт харьяалагдан ажиллах зарим нэгжийн ажилтныг шууд томилж, чөлөөлнө.
 8.Хэрэг эрхлэх газрын бүтцийн нэгж нь Засгийн газрын ажлын албаны үйл ажиллагааны зохих хүрээг дагнан эрхэлсэн, мэргэшсэн албан хаагчдын хамтлаг бөгөөд ажлынхаа үр дүнг Засгийн газрын болон Хэрэг эрхлэх газрын удирдлагын өмнө шууд хариуцна. Хэрэг эрхлэх газрын бүтцэд ордог нэгжүүдийн дүрмийг Хэрэг эрхлэх газрын дарга батална.
 9.Ерөнхий сайдын ажлын албаны ажилтан Ерөнхий сайдад, шадар сайд нарт зөвлөж туслах үүрэгтэй ажилтан холбогдох шадар сайд нарт тус тус захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Хэрэг эрхлэх газарт харьяалагдана.
 10.Төрийн ёслолын алба, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, шинжилгээний байгууллагууд болон Засгийн газрын комисс, ажлын хэсэг нь өөр өөрсдийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Засгийн газрын байгууллагын хувьд түүний Хэрэг эрхлэх газарт харьяалагдан ажиллана.
 11.Хэрэг эрхлэх газар нь тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 Хоёр.Хэрэг эрхлэх газрын үүрэг, эрх
 12.Хэрэг эрхлэх газар дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
 а/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж зохион байгуулах асуудалд холбогдолтой болон шаардлагатай бусад мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
 б/Засгийн газарт орж, гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулах, Засгийн газрын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулах, уг хуралдааны явцын тэмдэглэл хөтлөх, Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлэх, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд техник хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлох;
 в/Засгийн газрын архивын фондыг холбогдох баримт бичгээр зохих журмын дагуу баяжуулах, баримт бичгийг бүртгэлд авч ангилан цэгцлэх, хадгалж, хамгаалах, ач холбогдлынх нь зэрэглэл тогтоох, архивын фондын баримт бичгээр мэдээлэл бэлтгэх, лавлагаа өгөх, албан болон эрдэм шинжилгээний ажлын зориулалтаар ашиглуулах, баримт бичгийн эмхтгэл гаргах, сурталчлах, хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах;
 г/мэдээллийн хэрэгсэл, компьютер, холбооны орчин үеийн техник, технологи, мэдээллийн автоматжуулсан систем нэвтрүүлэх замаар Засгийн газрын ажлын албаны ажилд автоматжуулалт нэвтрүүлэх, ажлын шуурхай байдлыг хангах, Засгийн газраас гадаад орон, олон улсын болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагатай телекс, телефаксын найдвартай холбоотой байлгах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран авч, зохион байгуулж байх;
 д/Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх төсөл болон хэлэлцсэн асуудлаар эцэслэн хянаж гаргах шийдвэрийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн санг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, хуулийн зөвлөлгөө, лавлагаагаар хангах;
 е/Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх, Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд туслах ажлыг эрхлэн гүйцэтгэх;
 ж/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад удирдлагын хөдөлмөрийг зохион байгуулах талаар арга зүйн шаардлагатай туслалцаа үзүүлж, Засгийн газраас аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх болон яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг удирдахад туслах;
 з/Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмаар шийдвэрлүүлэх, уг ажлын байдалд судалгаа, дүгнэлт хийж, дүнг Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүнд танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулах;
 и/Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд шуурхай мэдээлэх, тайлбарлан таниулах, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллээр хэвлэл, мэдээллийн байгууллагыг хангах, Засгийн газрын хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэг, сурталчилгааны ажлын зохион байгуулалт, үр нөлөөг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх;
 к/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих төрийн захиргааны хяналтыг зохион байгуулах, төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг, аймаг, нийслэл /хот/-ийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа  байдал, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтны үндсэн үүргийн биелэлтийг ажлын хариуцлага, гүйцэтгэх сахилгатай холбон шалгаж туслах арга хэмжээг авах ажлыг Засгийн газраас баталсан тусгай дүрмийн дагуу гүйцэтгэх;
 л/төрийн захиргааны байгууллагуудын боловсон хүчинтэй холбогдсон асуудлыг эрхлэх, төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;
 м/Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас даалгасан бусад үүрэг.
 13.Хэрэг эрхлэх газар дор дурдсан эрх эдэлнэ:
 а/Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайдаас болон эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээний асуудлаар шадар сайд нараас өгсөн үүрэг даалгаврыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагад мэдэгдэж, биелэлтийг хангуулах;
 б/Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, Засгийн газраас боловсруулах асуудалтай холбогдуулан шаардлагатай судалгаа, тооцоо, мэдээ материалыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны зохих байгууллагаас гаргуулж авах;
 в/Засгийн газарт оруулсан асуудлын баримт бичиг нь Монгол улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны дэгд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ тухай үндэслэлээ холбогдох сайд, аймаг, нийслэл /хот/-ийн Засаг дарга нарт танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр буцаах;
 г/Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу бэлтгэх, орон нутгийн ажил байдалтай танилцах, хяналт шалгалтын ажилд бусад байгууллагын холбогдох ажилтанг удирдлагатай нь тохиролцсоны үндсэн дээр оролцуулах;
 д/Засгийн газраас батлагдсан удирдлагын бүтэц, тогтвортой мөрдөх сарын цалингийн санд багтаан газрын ажилтны албан тушаалын нэр, ангилал, зэрэг дэв, ажилтны сарын үндсэн цалингийн жишиг, хэмжээ, албан хаагчдын албан тушаалын зааврыг батлах;
 е/Төрийн ёслолын алба, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, шинжилгээний байгууллагууд, Засгийн газрын комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулах;
 ж/Монгол улсын Засгийн газраас олгосон бусад эрх.
 14.Хэрэг эрхлэх газраас энэхүү дүрэмд заасан үүргээ биелүүлэх, эрхээ эдлэхтэй холбогдуулан гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан биелүүлж хариу мэдэгдэж байх үүрэгтэй.
 
-------оОо-----