A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ АЛДАРШУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ /ЗГ-ын 2017 оны 343-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт


ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ АЛДАРШУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2017 оны 343-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Соёлын өвийг сурвалжлан олох, цуглуулах, сурталчлах, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан болон хууль бусаар хил гаргасан түүх, соёлын өвийг олж илрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах (цаашид "алдаршуулах, урамшуулах" гэнэ)-ад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Энэхүү журмыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
 
Хоёр. Алдаршуулах, урамшуулах үндэслэл
3. Соёлын өвийг  хамгаалах талаар онцгой амжилт гаргасан дор дурдсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулж, урамшуулна:
3.1. соёлын өвийг олж илрүүлэх, хадгалж хамгаалах ажлын хүрээнд шинжлэх ухаан, технологийн шинэ нээлт, бүтээл, оновчтой санал гаргасан;
3.2. соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах  ажлыг удаан хугацаанд  чанартай эрхлэн гүйцэтгэж  тодорхой амжилт гаргасан;
3.3. соёлын өвийг гал түймэр, байгалийн гамшиг, гэнэтийн аюул осол болон алдагдахаас хамгаалсан;
3.4. соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл, гэмт хэрэгтэй тэмцэж, дурсгалт зүйлийг гэмтэх, үрэгдэхээс хамгаалсан;
3.5. гадаадад гарсан соёлын өвийг эрэн сурвалжлан олж илрүүлэх, эх орондоо эргүүлж авчрахад бодитой хувь нэмэр оруулсан;
3.6. соёлын өвийг хууль бусаар хил гаргах үйлдлийг илрүүлсэн, таслан зогсооход тодорхой хувь нэмэр оруулсан;
3.7. түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, ховор нандин, онцгой ач холбогдол бүхий соёлын өвийг улсын музей, эрдэнэсийн сан, архив, номын санд бэлэглэсэн;
3.8. соёлын өвийг  олж илрүүлэх, хамгаалах, сурталчлах зорилгоор улс, аймгийн музей, номын сан, архивт сайн дурын идэвхтнээр ажиллаж чухал үүрэг гүйцэтгэсэн;
3.9. соёлын өвийн  талаар үнэн зөв баримт, мэдээлэл өгч түүнийг олж илрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан;
3.10. түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг олж илрүүлсэн судлаачид, иргэд.
4. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах бусад үндэслэлийг улс, аймгийн музей, шинжлэх ухааны байгууллага, хил, гаалийн байгууллагаас тодорхойлон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
 
Гурав. Алдаршуулах, урамшуулах арга хэлбэрүүд
5. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дараахь байдлаар алдаршуулж, урамшуулна:
5.1. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах, мэдээлэх;
5.2. хүндэт дэвтэр, дурсгалын самбар болон аварч хамгаалсан, олж илрүүлсэн, бэлэг болгосон соёлын өвийн тайлбарт нэрийг нь бичиж мөнхжүүлэх;
5.3. төрийн захиргааны төв болон орон нутгийн  байгууллагаас дурсгалын хүндэт үнэмлэх, гэрчилгээ олгох;
5.4. төрийн захиргааны төв болон орон нутгийн  байгууллагаас шагнаж урамшуулах;
5.5. төр, засгийн дээд алдар цол, шагналд нэрийг нь дэвшүүлэх;
5.6. мөнгөн шагнал олгох.
6. Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулж, урамшуулах бусад арга хэлбэрийг хэрэглэж болно.
7. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн соёлын өвийн эрх зүйн хамгаалалтыг хариуцаж буй байгууллагад урамшуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаар саналаа гаргаж, нэрийг нь дэвшүүлж болно.
8. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгох мөнгөн шагналыг Соёл, урлагийн сангаас гаргана.
9. Соёлын өвийг олж илрүүлсэн буюу тэдгээрийг музей, эрдэнэсийн сан, номын сан, архивт бэлэглэсэн тохиолдолд уг соёлын өвийн үнийн зохих хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулж болно. Урамшуулах хэмжээг соёл, шинжлэх ухаан, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
 
 
 
---оОо---