A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 51 дугаар тогтоолын хавсралт

УСНЫ ТОО БҮРТГЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
  Нэг.Нийтлэг үндэслэл        
1.Энэхүү журмыг усны нөөц, чанар, тэдгээрийн өөрчлөлт, эх үүсвэрийн тоо, ус ашиглагчдад гэрээний дагуу хуваарилсан болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохир ус зайлуулалт, цэвэршүүлэлтийн талаархи усны тоо бүртгэл явуулах, тайлан гаргахад дагаж мөрдөнө.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж, хаяж байгаа усны хэмжээ, найрлага, тэдгээрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн тооллого явуулах, бүртгэл хөтлөх, ус ашиглалтын байдлыг нэгтгэн дүгнэх, тайлагнах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
3.Усны тоо бүртгэлийг нутаг дэвсгэртээ ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр хөтлүүлэх ажлыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна. "Усны тухай Монгол Улсын хууль"-ийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орлого олох зорилгогүйгээр хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал услахад зориулан ашигласан ус энэхүү журамд хамаарахгүй.
4.Усны тоо бүртгэл нь байгаль орчны статистикийн үзүүлэлтийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнийг усны эх үүсвэрийн, ус ашиглалтын, усны ай савын гэж ангилна.
5.Усны эх үүсвэрийн тоо бүртгэл нь тухайн нутаг дэвсгэрийн гадаргын болон газар доорхи усны нөөц, чанарын хайгуул, судалгаа шинжилгээний бүртгэл, тайлан, мэдээллээс бүрдэнэ.
6.Ус ашиглалтын тоо бүртгэл нь тухайн нутаг дэвсгэрт ашигласан болон хаясан усны хэмжээ, найрлага, ус ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүч чадал, ашиглалтын бүртгэл, тайлан, мэдээллээс бүрдэнэ.
7.Усны ай савын тоо бүртгэл нь тухайн гол, мөрөн, нуур, газар доорхи усны ай савд багтах аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран хийгдэх бөгөөд энэ журмын 5, 6 дугаар зүйлд заасан бүртгэл, тайлан, мэдээлэлд үндэслэнэ.
  Хоёр. Усны тоо бүртгэл
8.Усны тоо бүртгэл нь улсын тооллогын, анхан шатны гэсэн төрөлтэй байна.
9.Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг тодорхойлоход ашиглах, аймаг дамжин орших хийгээд урсах усны ашиглалтыг зохицуулах, усны нөөцийн экологийн тэнцлийг хадгалах зорилгоор усны улсын тооллогын тоо бүртгэлийг 5 жилд нэг удаа явуулна.
10.Тухайн нутаг дэвсгэрт ус хуримтлуулах, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах, усны хөнөөлөөс сэргийлэх, түүний уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сум, дүүрэг дундын ус ашиглалт, хуваарилалтыг зохицуулах зорилгоор усны анхан шатны тоо бүртгэлийг жил тутам явуулна.
11.Усны улсын тооллогын болон тоо бүртгэлийн тайлангийн маягтын загвар, тооллого явуулах заавар, тайлагнах журмыг байгаль орчны болон статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны анхан шатны тоо бүртгэлийн маягт, хөтлөх журмыг статистикийн төв байгууллагатай зөвшилцөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус баталж мөрдүүлнэ.
12.Усны улсын тооллогын тоо бүртгэлийн маягтад ус хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх хэтийн чиглэлийг тодорхойлоход зориулсан үзүүлэлт, усны анхан шатны тоо бүртгэлийн маягтад усны статистикийн байнга хөтлөгдөх үзүүлэлт тус тус багтсан байна.
13.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь усны анхан шатны тоо бүртгэлийг батлагдсан маягт, тогтоосон журмын дагуу хөтлөх бөгөөд түүний үзүүлэлтэд сар тутам дүгнэлт хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авахын хамт усны анхан шатны тоо бүртгэлийн тайлан, мэдээллийг улирал тутам өссөн дүнгээр гаргаж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
14.Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн бүртгэл, тайланг нэгтгэн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар авах арга хэмжээний саналын хамт Засаг даргад танилцуулна. Засаг дарга шаардлагатай асуудлаар шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ.
15.Сум, дүүргийн Засаг дарга усны анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланг нэгтгэн хагас жил тутамд аймаг, нийслэлийн Засаг даргад тайлагнах бөгөөд Засаг дарга нар мэдээ, тайланд дүгнэлт хийсний үндсэн дээр "Усны тухай Монгол Улсын хууль"-ийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу нутаг дэвсгэртээ усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлж дутагдал, зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
16.Усыг шинээр ашиглах, усны нөөц, чанартай холбогдсон аливаа өөрчлөлтийг усны анхан шатны бүртгэл, мэдээнд тусгаж, усны мэдээллийн санг баяжуулж байна.
17.Улсын усны болон анхан шатны тоо бүртгэлийн зардлыг  "Усны тухай Монгол Улсын хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу санхүүжүүлнэ.
  Гурав.Усны тооллого, тоо бүртгэлийн тайлан
18.Усны анхан шатны тоо бүртгэлийн жилийн тайланг дор дурдсанаар гаргаж тайлагнана:
а/аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, тайлан, мэдээгээ жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор гаргаж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;
б/сум, дүүргийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;
в/аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн мэдээ, тайланг нэгтгэж, нэгдсэн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
г/байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.
19.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн тайланг тухайн оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тайлан, мэдээнд зохих журмын дагуу тусгаж төр, засгийн төв байгууллагад мэдээлнэ.
  Дөрөв.Маргаан, хариуцлага
20.Усны улсын тооллогын болон анхан шатны тоо бүртгэл, мэдээ, тайлантай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн шатны Засаг дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг маргалдагч талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
21.Усны улсын тооллогын болон анхан шатны тоо бүртгэл,тайлан, мэдээний талаар энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, ус ашиглагчдад зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---------оОо--------