- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1993 оны 98 дугаар тогтоолын хавсралт
ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
1.Онцгой дэглэмийг Засгийн газраас томилсон комисс хэрэгжүүлнэ.
2.Комисс нь ажлын хэсэгтэй байх бөгөөд шаардлагатай газарт төлөөлөгч томилж ажиллуулна.
3.Агаарын зайд нислэг үйлдэх тухай Монгол улсын хууль, холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, заавар, журмыг нарийн мөрдөж нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах, зорчигчдыг соёлч шуурхай үйлчлэх зорилгоор нислэгийн болон техник ашиглалт, тээвэр зохион байгуулалт, агаарын тээвэрчдийн ажлын хариуцлага, сахилгын байдалд хяналт тавьж шаардагдах арга хэмжээ авахад онцгой дэглэмийг хэрэгжүүлэх комиссын ажлын гол зорилт оршино.
4.онцгой дэглэмийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газрын комиссын болон түүний ажлын хэсгийн гишүүд, улсын байцаагчид, түүнчлэн цагдаагийн болон хилийн цэрэг, гаалийн байгууллагын ажилтан нар өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу гүйцэтгэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх ажлыг холбогдох бусад газруудтай хамтран зохион байгуулна.
5.Комиссын шийдвэр /тогтоол, протокол/-ийг холбогдох байгууллага, ажилтан заавал биелүүлнэ.
6.Комисс, түүний ажлын хэсгүүд өөрийн үйл ажиллагаагаа Засгийн газарт тогтмол илтгэж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.
ХОЁР.Онцгой дэглэмийг хэрэгжүүлэх комиссын эрх, үүрэг
1.Хуулийн биелэлт, нислэг техникийн болон тээвэр зохион байгуулалтын дүрэм, журмыг мөрдөж байгаа байдалд хяналт тавьж шинээр боловсруулах буюу шинэчлэх шаардлагатай дүрэм, заавар, журмыг боловсруулж, зохих журмаар батлуулах.
2.Онгоц, техник, тоног төхөөрөмж, шатах, тослох материалын ашиглалт, нислэгийн графикийн биелэлтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авахуулах.
3.Газрын тоног төхөөрөмж, машин техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангуулах, ашиглалтын оновчтой горим тогтоож мөрдүүлэх, байршлыг сайжруулах ажил зохион байгуулахын зэрэгцээ цаашид зайлшгүй авах арга хэмжээг боловсруулж зохих журмаар шийдвэрлүүлэх.
4.Ажлын өдөр, цагийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж, шаардлагатай бол дэглэмийг өөрчлүүлэх, харуул хамгаалалтын албаны зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авахуулах.
5.Иргэний агаарын тээврийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн болон технологийн сахилгын байдалд хяналт тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцох, буруутай этгээдэд зохих арга хэмжээ авахуулах.
6.Инженер техникийн бүрэлдэхүүнийг бэлтгэж, давтан сургах, ажил, мэргэжилд нь дадлагажуулах, хөдөлмөр, ахуйн нөхцөлийг нь сайжруулах талаар зохиож байгаа ажлыг шалгаж, зохих арга хэмжээг авахуулах.
7.Нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах, сахилга, хариуцлагыг бүх шатанд бэхжүүлэх, үйлчилгээний соёлч, шуурхай байдлыг хэвшүүлэхтэй холбогдуулан иргэний агаарын тээврийн байгууллагуудад онцгой дэглэмийн үед болон цаашид хийх ажлыг төлөвлөж биелэлтэд нь хяналт тавих.
ГУРАВ.Онцгой дэглэмийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын тээврийн байгууллага, ажилтан, иргэдэд хүлээлгэх хариуцлага
1.Нислэгийн аюулгүй байдлыг хангах, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх, үйлчилгээг соёлч, хөнгөн шуурхай болгох асуудлаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, түүнчлэн онцгой дэглэмийг зөрчсөн гэм буруутай этгээдэд байгууллагын дотоод журамд заасан шийтгэл хүлээлгэх, захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулах, шаардлагатай гэж үзвэл асуудлыг зохих журмын дагуу хуулийн байгууллагад шилжүүлж хянуулах, учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлүүлэх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлнэ.
2.Онцгой дэглэмээр ажиллах шаардлагыг ноцтой зөрчсөн албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна.
---OOO---
Текст томруулах
A
A
A