A

A

A

Бүлэг: 1979
ЗГ-ын 2003 оны 144-р тогтоолоор хүчингүй болсон
 
 
Засгийн газрын 1998 оны 40 дүгээр тогтоолын хавсралт
 
 
СОЁЛ УРЛАГИЙН САНГИЙН ДҮРЭМ
 
 
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Соёлын тухай хууль Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд заасны дагуу соёл урлаг хөгжжүүлэх, соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, судлан шинжлэх, сурталчилахад чиглэсэн төсөл, хөтөлбөр шалгаруулж  санхүүжүүлэх, бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зориулсан хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэрийг Соёл, урлагийн санд /"сан" гэх/ төвлөрүүлэн зарцуулна.
3. Соёл, урлагийн сан нь ашгийн төлөө бус төрийн өмчийн байгууллага бөгөөд тогтоосон журмаар хийсэн тэмдэг, хэвлэмэл хуудас, банкинд харилцах данстай байна.
4. Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, хувиарлалт, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус удирдах зөвлөл ажиллана.
5. Удирдах зөвлөл нь соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, сурталчилах төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, сангийн ажлын тайланг улирал, хагас жилээр хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх, төлөвлөгөөт хугацааны хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах зэрэг асуудлаар шийдвэр гаргах, гүйцэтгэлд нь хяналт тавих, сангийн гүйцэтгэх захирлын хөрөнгө зарцуулах эрх хэмжээг тогтоох эрхтэй.
6. Сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Гэгээрлийн сайд тогтооно.
7. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн төлөөллөөс гадна урлаг соёлын зүтгэлтэн, мэргэжилтний төлөөллийг оруулна.
8. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, захиран зарцуулах асуудлыг хариуцаж өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэг бүхий Сангийн гүйцэтгэх захирлыг Гэгээрлийн сайд томилно.
9. Салбарын хөгжлийн бодлого чиглэлтэй нийцүүлэн шинэ уран бүтээл туурвих, ном зохиол хэвлэх, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах, сурталчилах, соёлын жуулчлалыг хөгжүүлэх, хилийн чандад соёлын арга хэмжээ зохион байгуулах төсөл, хөтөлбөр, бусад үйл ажиллагаанд зориулж санг улсын төсвөөс улирлын хувиартайгаар санхүүжүүлж байна.
10. Сангийн хөрөнгийг соёл, урлаг хөгжүүлэх болон түүх, соёлын дурсгалыг хамгаалах гэсэн хоёр чиглэлээр тус тусд нь бүрдүүлэн бүртгэж зориулалтаар нь зарцуулна. Ийнхүү хоёр чиглэлээр бүрдүүлсэн хөрөнгийн нэгийг нь нөгөөд шилжүүлэн зарцуулах асуудлыг Сангийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
11. Сангийн өөрийн үйл ажиллагааны зардлын төсөв, ажиллагчдын орон тоог Гэгээрлийн сайд, Сангийн сайдтай тохиролцон тогтооно.
12.Сангийн орлого, зарлагыг соёлын үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайлан тэнцэлд тусгаж байна.
 

Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт

13. Сангийн хөрөнгө дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
а/улсын төсвийн хөрөнгө;
б/сангийн хөрөнгөөр зохион байгуулсан урлагийн тоглолт, уран бүтээлийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийн үзэсгэлэн, сурталчилгаанаас орсон орлого, сангийн хөрөнгөөр бий болсон бусад орлого;
в/шинэ уран бүтээл туурвих, улсын болон бүс нутгийн чанартай урлаг, уран сайхны томоохон арга хэмжээ, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад зориулан аж  ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;
г/соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, хамгаалахад гадаад орон, олон улсын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;
д/түүх, соёлын дурсгалт зүйлийн эх бүтээлийг Монгол улсын "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасан зориулалтаар ашиглуулсны болон бэлэг дурсгалын зүйл, кино, дүрс бичлэг болон дуу авианы бичлэг, гэрэл зураг, марк, ил захидал, цомог, ном зэрэг соёлын бараа, сурталчилгааны зүйл борлуулсны орлого;
е/ соёлын чиглэлтэй жуулчлал, хилийн чанадад зохион байгуулах  соёлын арга хэмжээнээс орох орлого;
ж/ бусад эх үүсвэр.
14. Сангийн хөрөнгийг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд зарцуулна:
а/ түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд;
б/ урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, урлагийн шинэ төрөл чиглэлийг хөгжүүлэх болон онцгой амжилт гаргасан уран бүтээлчдийг дэмжих;
в/ түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дүрс болон дуу авианы бичлэг хийх, ном, ил захидал, танилцуулга, цомог хэвлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад;
г/ үндэсний соёл, урлагийн тоглолт, түүх соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаад оронд зохион байгуулахад;
д/ олон улсын болон улсын, бүс нутгийн чанартай урлаг, уран сайхан, соёлын арга хэмжээ зохион байгуулахад;
е/ түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлахад болон соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал олж нийлүүлэхэд;
ж/ хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээл улсын санд худалдаж авах, "Түүхийн хүрд" кино мэдээ бүтээх;
з/ түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлж, үйл ажиллагаа явуулах;
и/ археологийн малтлага, судалгаа шинжилгээ хийх ажлыг мэргэжлийн холбогдох байгууллагад захиалан гүйцэтгүүлэх, олдворыг зохих журмаар бүртгэж музей, эрдэнэсийн санд шилжүүлэх;
к/ соёлын жуулчлалыг үүсгэн хөгжүүлэх, хилийн чанадад соёлын арга хэмжээ зохион байгуулахад;
л/ үндэсний соёлыг хөгжүүлэх,түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах, урамшуулах;
м) соёлын ажилтны мэргэшил дээшлүүлэх.
15. Сангийн хөрөнгийг энэ дүрэмд заасан арга хэмжээг санхүүжүүлэхээс өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
16. Санд төсвөөс олгох хөрөнгийг Гэгээрлийн яам, Сангийн яам тухай бүр хамтран тооцож төвлөрсөн төсөвт тусгана.
17.Сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа онд шилжүүлэн зарцуулна.
 

Гурав.Төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулж гүйцэтгэх зарчим

18.Шилдэг уран бүтээл туурвих, соёл, урлагийн тодорхой төсөл шалгаруулах арга хэмжээг жилд хоёр удаа, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, сурталчлахтай холбогдсон төсөл, хөтөлбөрийг шалгаруулах арга хэмжээг жилд нэг удаа нийтэд зарлаж хугацаанд нь ирүүлсэн төслүүдийг өрсөлдүүлэх зарчмаар сонгон шалгаруулна.Төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг Гэгээрлийн сайд батлан гаргана.
19. Сонгон шалгаруулсан төсөл, хөтөлбөрийг захиалагч, гүйцэтгэгч болон санхүүжүүлэгч, захиалагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлж  гүйцэтгэнэ.
20. Гэрээнд захиалагчийн шаардлага, гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага, санхүжүүлэх зарчим, үе шат, хугацаа, үр дүнг тооцох журам зэргийг тодорхой заасан байна.
21. Гэрээний биелэлтийг гэрээ хийсэн этгээдүүд  хамтран гаргаж нэгдсэн дүгнэлтийг сангийн удирдах зөвлөл хийнэ. Сан нь жилд 2-оос доошгүй удаа Гэгээрлийн сайдын зөвлөлд ажлаа танилцуулж  байна.
 

Дөрөв. Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг

22.Сангийн гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрхтэй байна:
а/ сангаас санхүүжүүлж байгаа уран бүтээл, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явцыг шалгаж үр дүнг тооцох, түүнтэй холбогдсон мэдээ тайлан гаргуулж авах, шаардлагатай гэж үзвэл санхүүжилтийг зогсоох;
б/ сангийн хөрөнгийг энэхүү дүрэмд заасны дагуу болон удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах;
в/ сангийн ажилтнуудыг хөдөлмөрийн хуульд заасан журмын дагуу ажилд авах буюу ажлаас халах, нэмэгдэл хөлс олгох, урамшуулах;
г/ сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, үрэгдүүлж шамшигдуулсан, түүнчлэн сангаас урьд олгосон зээл, зээлийн хүүг төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргах;
д/ сангийн үйл ажиллагааны талаар тушаал, заавар, журам гаргах, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг  зурах;
е/ удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд санг төлөөлөх.
23.Сангийн гүйцэтгэх захирал нь дор дурдсан үндсэн үүрэгтэй:
а/ сангийн хөрөнгийг энэ дүрмийн 13 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлэх ажлыг эрхлэх, уг хөрөнгийг арвижуулах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх;
б/ сангийн санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан жил бүрийн төвлөрсөн төсөвт  тусгуулах;
в/ сангийн үйл ажиллагааг сурталчлах, сангийн хөрөнгийн улсын төсвийн бус эх үүсвэрийг бүрдүүлэх;
г/ сангийн хөрөнгийн зарцуулалтын явц, санхүүжүүлсэн шинэ уран бүтээл, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар Сангийн удирдах зөвлөлд улирал тутам тайлагнаж байх;
д/ сангийн хөрөнгийн орлого, зарлагын тайланг зохих хууль тогтоомж, журмын дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байх.
 

Тав. Бусад зүйл

24. Сангийн хөрөнгийг бусдад хандивлах, барьцаалах, зориулалт бусаар зарцуулах, зээлээр ашиглах, ашиглуулах аливаа үйлдлийг хатуу хориглоно.
25. Энэхүү дүрмийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо------
 
 
/Засгийн газрын 2002 оны 206 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтийг тусгав./